Хүүхэд ”бүтээдэг” ээж

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 27

Эмэгтэй хүн болж энэ ертөнц дээр ирсэн хувь заяаны туйл нь эх хүн болох ч байж магад. Энгэрээсээ сүү урсган, үрээ элгэндээ тэврэх­дээ л эмэгтэй хү­ний жинхэнэ гоо үзэсгэлэнг өөрийн биедээ цогцлоож чаддаг болов уу. Амьнаасаа амь тасалсан эх хүн хэзээ ч тамд очдоггүй гэдэг. 



Гэтэл тэр их хувь заяаны туйлыг амсчихаад, тэр их гоо сайхныг мэдэрчихээд, тамын хаалгыг хаачихсан мөртлөө төрсөн үрээ хаях зориг зөвхөн эх хүнээс л гардаг аж. “Эрэгтэй хүн хүүхэд төрүүлээд хаяна гэж хэзээ ч байхгүй. Эмэгтэй хүн л хүүхдээ хаядаг байхгүй юу” хэмээн ярьж асгарах нулимсаа арчих нэгэн эмэгтэйтэй уулзлаа. Хүн мэддэг зүйлээ даруухан ярих нь, хайр энэрлээр бялхах нь, хаанаас ч ундраад байгаа нь мэдэгдэхгүй аз жаргалд умбах нь, хажуудаа байгаа жаахан ч гэсэн баяр баясгаланг мэдрэх нь сайхан. Тэгвэл сайхан бүхнийг өөртөө цогцлоож чадсан энэ эмэгтэйг олон хүүхэд ээжээ гэж дууддаг. Заримдаа эмээ гэх нь ч бий. Хаа нэг Аамаа гэж дуудах нь ч элгэмсүү сонстоно. Өөрөөсөө дөрвөн амь тасалж хүн болгосон ч тэрээр 100 гаруй хүүхэд “бүтээсэн” ээж юм билээ. 

“Манай гэр” асрамжийн газрын Намжилын Гаамаа эгчтэй уулзахаар утас цохитол “Хоёр хүүхдээ зусланд амраасан юм аа. Өнөөдөр авахаар явж байна. Нөгөөдөр хоёулаа уулзах уу” хэмээн утасны цаанаас үг сольсон юм. Харин өчигдөр түүнтэй 11 дүгээр хороололд байх байранд нь очиж уулзав. Анх асуусан асуулт маань хичээлийн шинэ жилийн бэлтгэл. Асрамжиндаа 26 хүүхэд өсгөж буй түүний хувьд сургууль, цэцэрлэгийн бэлтгэл амаргүй даваа болов уу гэж сэтгэсэн хэрэг. Гэтэл “Өнгөрсөн зургадугаар сарын эхээр хүүхдүүд маань амарч эхэлсэн. Тэр үеэс нь эхлээд л жаахан олдсон юмаа нааш цааш нь хийнэ. Хүүхдүүдээ зуны амралтаар нь юм оёулна. Ингэсээр хичээлийн бэлтгэлээ базаадаг. Өнөө жилийн бэлтгэл хангагдаж л байна даа. 60 хувьтай байгаа” хэмээн ярьсан түүний үгийг сонсох сэтгэлд өег аж. Ганцхан хүүхэдтэй мөртлөө амьсгаа дээр яваа эцэг, эх олонтой таарч байгаа учраас тэр шүү дээ. 

“Намайг дэлгүүрт 10 хоног худалдагч хийгээд өгөөч гэвэл би их өрөнд орох байх. Тооцоог нь будлиулаад, буруу үнээр наймаа хийгээд л. Харин гурван хүүхэд авч ирээд 10 хоног хараад өгөөч гэвэл би хэнээс ч илүү сайн хийнэ дээ” хэмээн бардам ярих тэрээр амьдралынхаа сүүлийн 31 жилийг боловсролын салбарт зориулж яваа юм билээ. Цэцэрлэгийн багш мэргэжилтэй түүний хувьд их сургуулийн ширээнээс Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгт ажиллаж, бүтээн байгуулалтад оролцож буй ээлжийн ажилчдын хүүхдүүдийг 24 цагаар асарч хүмүүжүүлэн эцэг, эхийг нь орлох болсон нь түүний хожмын амьдралын бахархал болж. “Их сургуулиа дөнгөж төгссөн охиныг ажилд авч, хамтран ажиллахын зэрэгцээ их зүйлийг сургаж заасан хамт олондоо одоо ч маш их баярладаг” хэмээн түүний ярих энэ явдал тэртээ 30 гаруй жилийн өмнөх. 

1990 он гарч нийгмийн ороо бусгаа үед хүн бүр л амьдрах гэж амьдралаа дээшлүүлэх гэж хүүхдээ ч үл хайхран зүтгэж явсан үе. Тэгэхэд “Орцны цэцэрлэг” олноор байгуулагдав. Н.Гаамаа багш ч гурван жилийн хөдөлмөрөө “Орцны цэцэрлэг”-ийн багачуудад зориулжээ. Ээж аав нь ажилтай, өвөө эмээ нь хэвтрийн, өвчин зовлон туссан гээд эмзэг давхаргын хүүхдүүдийг голдуу халамжилдаг “Орцны цэцэрлэг” түүнд арвин туршлага өгч. Харин Япон улсын иргэн, Токиогийн их сургуулийн багш Аратамэ-Кэн түүнд  туршлагаа ашиглан ажиллах гарцыг нь нээж өгсөн байна. Н.Гаамаа багш 2003 оноос эхлэн аав, ээжийн хайрыг дутуу хүртсэн, өвчин туссан зургаан хүүхэд  авч гэр асрамжийн газар нээж ажиллах болов. Энэ цагаас эхлэн түүнд өврөөс нь унаагүй ч өөрийг нь тойрох бяцхан үрс “ээж”, “эмээ”, “Аамаа” гэх алдрыг хүртээсэн хэрэг. Харин тэр хариуд нь түнх нь мултарсан, дутуу хөгжилтэй хүүхдүүдээ эрүүл саруул болгох гэж “Нарантуул” захаас дугуй булант, “Дэнжийн мянга”-аас шулсан яс хэдэн уутыг ч зөөсөн юм бүү мэд. Тоогоо алдаж. “Гүзээ кали ихтэй. Айлын хүүхдүүд талхан дээрээ чанамал түрхэж иддэг байхад манай хүүхдүүд чанаад машиндчихсан гүзээ тавьж иддэг байлаа. Асаргаа сайтай хүүхэд дороо л сэргээд ирдэг. Урамтай” хэмээн хуучиллаа. Хүүхдүүдийнх нь хэрхэн түүн дээр ирсэн талаар лавлах гэтэл “Би өөрийн дураар хүний хүүхэд аваад өсгөнө гэж байхгүй. Эд маань бүгд улсын хүүхэд. Халамжийн газраар дамжиж ирдэг” хэмээн товч хариулав. Үнэхээр тухайн хүүхэд түүн дээр ямархан замыг туулаад ирсэн нь сонин биш бололтой. Харин түүнийг гээд ирсэн хүүхдийнх нь эрүүл мэнд, өв тэгш боловсрол хамгаас чухал гэдгийг л ойлгосон юм.

“Өөрийн төрсөн дөрвөн хүүхэдтэй. Асрамжийн төвөөр маань 100 гаруй хүүхэд дамжин гарсан. Одоо 26 хүүхэд байгаа” хэмээн ярих тэрээр энэ бүх хүүхдийн ээж нь. “Хамгийн бага хүү маань одоо 28 хүрсэн. Эхнэр хүүхэдтэй л дээ. Оюутан байхдаа надад нэг удаа “Ээжээ уг нь би таны хамгийн эрх хүүхэд юмсан. Гэтэл өглөө цай ч ууж чадахгүй хичээлдээ явж байна. Харин та хүний хүүхдүүдийг л гэх юм” гэж хэлж байлаа. Тухайн үед чи яах вэ. Энэ хүүхдүүд шиг аав, ээжгүй биш. Чамд аав, ээж хоёр нь байна. Чимээгүй л бай гэж хэлдэг байлаа. Хүүхэд хэзээ ч дутуу заяатай явах учиргүй гэж би байнга өөртөө хэлдэг. Төвдөө ирсэн хүүхдүүдийнхээ дутууг дүүргэх гэж л зүтгэдэг. Тэдэнд би л байгаа гэж өөртөө байнга сануулдаг даа” хэмээн ярихдаа тэрээр зоримог, бахдал төрүүлэх. 

Биднийг ийн ярилцаад суутал гаднаас хурдаараа гүйж орж ирсэн жаал Н.Гаамаа эгчийн өмнө ирж эрхлэн эргэлдэж, нэг үнсүүлснээ нөгөө өрөө рүү гүйчихлээ. Түүнийг Тэмүүлэн гэдэг аж. Өнөө жил гурван нас хүрч байгаа ч тус төвийн хамгийн бага нь гэнэ. “Цэцэрлэгт оруулах гээд бүртгүүлнэ гэсэн чинь “Би том болсон. Цэцэрлэгт явахгүй цэрэгт явна” гэж томорсон залуу байгаа юм” хэмээн ярих ээжийн нүд хайраар гэрэлтэн хүүгийнхээ араас харна. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх