Монгол Улсын эсрэг гэмт хэрэг мөн үү

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 28

Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр мандсан 160 долларын сэтгүүлийн дуулианыг улсын эсрэг гэмт хэрэг гээд нэрлэчихэд огтхон ч буруудамгүй мэт санагдана.

"Хүннү Лорд" хэмээх хувийн компанийн “Аccess” сурталчилгааны сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэдийг төөрөгдүүлэн төрийн нэрийг барьж 160 доллараар албадан худалдаалж их хэмжээний ашиг олж байсан зөрчил Засгийн газрыг хүртэл доргиогоод байгаа юм.

Цөөн компаниудын сурталчилгаа бүхий хэдхэн хуудас, ямар ч мэдээлэл байхгүй, Монгол Улсын засгийн газрын эмблемийн дор "Монгол Улсын аялал жуулчлалын тухай хуулиас" хэмээн бичихдээ туризм гэдэг үгийг ичмээр алдаатай буюу турзим (tourism -toursim) гээд биччихсэн төдийгүй "Хэрвээ та гадаадын иргэн бол энэ сэтгүүлийг ямар ч аргаар хамаагүй ав!!" гэсэн зааврыг улаанаар бичжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын нэрийг барьж энэ сэтгүүл нэртэй луйвраа гадныханд шахаж байсан аж. Хайран Монгол Улсын нэр хүнд.

Тэгвэл Монгол улсын хилийн дээс алхсан гадны иргэн болгоныг төрийн нэрээр луйвардаж байсан энэ хэрэг илрээд олны анхааралд ороод ирмэгц тэрхүү зөвшөөрлийг хаанаас, хэн гэдэг сэтэртэн мяндагтан олгосон нь одоо олдохоо больчихлоо.

Энэ хэрэгт Зам тээврийн яам төдийгүй хил, гаалийн дарга нар ч холбогдсон. Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээлэхдээ "Олон улсын нислэгээр ирсэн гадаадын зорчигчдод 160 ам.долларын үнэтэй сурталчилгааны сэтгүүлийг авахыг шаардсан Засгийн газрын лого бүхий танилцуулгыг Хилийн хяналтын бүсэд тарааж байсан нь зорчигчдын гайхлыг төрүүлсэн үйл явдал болсныг Ерөнхий сайд онцоллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сурталчилгааны сэтгүүлээ өндөр үнээр зарж борлуулж байсан “Хүннү лорд” хэмээх хувийн компанид зөвшөөрөл олгосон Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтан, Нисэх буудлын дарга, Хилийн цэргийн удирдлагуудад хатуу хариуцлага тооцож, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгалаа" хэмээжээ.

Энэ ёсоор Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ яаралтай тушаал гаргаж нэр бүхий газрын дарга нарыг ажлаас нь халсан байна. Мөн Нисэх буудлын даргыг ч мөн ажлаас нь халахаар болжээ. Сонирхож үзвэл тэд бүгд МАН-аас сайдаар томилогдсон Н.Төмөрхүүгийн үед Зам тээврийн яаманд очжээ.

Мөн Зам тээврийн яамнаас мэдээлэл хийсэн юм. “Манай яаманд өнгөрсөн гуравдугаар сард “Хүннү лорд” компаниас хилийн хяналтын бүсэд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгох хүсэлтийг ирүүлсэн. Албан бичгийг судлан үзээд энэхүү асуудлыг Зам тээврийн яамнаас шийдвэрлэхгүй гэх утга бүхий хариу албан бичгийг илгээсэн. Өөрөөр хэлбэл тус зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас олгоогүй гэсэн үг. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын удирдлагууд ямар зорилгоор Ерөнхий сайдад ташаа мэдээлэл өгсөн болохыг ойлгохгүй байна” гэсэн юм.

Үргэлжлэлийг эндээс  уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх