Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 30
・ 8
С.Эрдэнэ Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагчаар томилогдсоноос хойш сар ч болоогүй байгаа. Гэвч энэ хугацаанд 26 хүнийг ажлаас нь халжээ. Хамгийн сүүлд МСҮТ-ийн найман захирлыг халах тушаалыг энэ сарын 21-нд гаргасан байна. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Сэрээтэртэй ярилцлаа. Тэрбээр С.Эрдэнийг хууль бус тушаалаа хүчингүй болгохыг шаардсаар байгаа юм.
-Та эхлээд өөрийгөө товч танилцуулна уу?
-Би төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 150 гаруй хүнтэй өрсөлдөөд шалгарч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдсон. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 40 хүнээс шалгарч томилогдоод байсан 18 хүнийг С.Эрдэнэ сайд Хөдөлмөрийн сайдын үүрэг хариуцагч болоод анхныхаа тушаалаар ажлаас нь халсан. 16 Хөдөлмөрийн хэлтсийн дарга, Үндэсний төвийн болон Эрүүл мэндийн газрын даргыг чөлөөлөх тушаалыг нэг дор гаргаж, буцаагаад үүрэг гүйцэтгэгч нарыг томилсон. Бид хуулийн дагуу шалгаруулалтад орж, зөв голдрилдоо орж байсан ажлыг яагаад ингэж буруу замаар явуулах гээд байгааг гайхаад байгаа юм.
-Халагдсан 18 хүн ажлаа хүлээлгээд өгчихсөн үү?
-Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой гэдэг үүднээс олонх дарга тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн. Гэхдээ тушаалыг хүчингүй, хууль бус гэдэгтэй бүгд санал нэгдэж тэмцэж байгаа. Гомдлоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, Төрийн албаны зөвлөл, шүүхэд гаргачихсан байгаа. Бидний ажлыг ч ном журмын дагуу хүлээж аваагүй. Яамнаас томилогдсон комиссынхон гэж өөрсдийгөө танилцуулж зарим аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хаалгыг эвдэж орон хүчээр ажлыг нь авсан.Увс, Хэнтий, Төв аймгаас гадна Баянгол дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын өрөөний хаалгыг эвдсэн. Ажлаас халагдсан хүмүүс ажлаа өгөх нь тодорхой байсан. Гэхдээ С.Эрдэнэ сайдын тушаал хууль бус уу үгүй юу гэдгийг шалгуулах эрх бидэнд байгаа. Төрийн сайд хүн ямар ашиг, сонирхлын үүднээс ийм шийдвэр гаргаж байгаа нь бидэнд ойлгомжтой байгаа.
-Ямар сонирхол байна гэж харж байна вэ?
-Мэдээж улс төрийн сонирхол л байгаа. С.Эрдэнэ МСҮТ-ийн найман захирлыг халах тушаалыг наймдугаар сарын 21-нд гаргасан юм байна. Гэтэл тэр тушаалыг Хөдөлмөрийн яамныхан огт мэдээгүй байх юм. Тэгж яваад өнгөрсөн баасан гаригт танилцуулсан. Уг нь тушаал гарсан өдрөө хэрэгжиж эхлэх ёстой учраас тэр дор нь танилцуулж байх ёстой.
-Ямар шалтгаанаар халсан юм бэ?
-Маргаантай гэдэг шалтгаанаар л халж байгаа. МСҮТ-ийн захирлуудын хувьд ажлын байран дээрээ сонгон шалгаруулалтад орж долоо, найман хүнтэй өрсөлдөөд шалгарсан хүмүүс.
-Маргааш есдүгээр сарын 1. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Дээрх найман МСҮТ захиралгүй хичээлээ эхлүүлэх үү?
-Би халагдсан захирлуудтай уулзсан. Өнгөрсөн баасан гаригт тушаалыг нь танилцуулаад даваа гаригт ажлаа өг гэж хэлсэн гэсэн. Зарим нь хууль бус шийдвэрийг эсэргүүцнэ гэж байна. Зарим нь нээлтээ хийдгээрээ хийж, үгээ хэлнэ гэж байна. С.Эрдэнэ гэдэг хүн юм болгон дээр хүч хэрэглэж байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд тангараг өргөсөн төрийн албан хаагчийн өрөөний хаалгыг эвдэж орно гэдэг байж боломгүй. Тэгсэн хэрнээ хамгийн ичмээр нь сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсээ буцаан томилж байгаа юм. Ийм зүй бус юмыг ганцхан С.Эрдэнэ хийж байна
-Өмнө нь халагдсан 18, сүүлд халагдсан найман захирлыг өөр ажилд томилдог юм уу. Зүгээр л халлаа гээд орхих уу?
-Юун өөр ажилд томилох вэ. Уг нь бид ажлаасаа халагдаж орон тооны цомтголд орж байгаа шүү дээ. Ядаж л гэнэт халагдсаны мөнгө төгрөг гэж өгдөг биз дээ. Огт тийм юм байхгүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.