Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 08 сар 30
・ 5
Төрийн тэргүүнийг солино, ард түмнийг солихгүй
МАХН-ынхан Төвийн бүсийн зөвлөлгөөнөө Эрдэнэт хотноо зохион байгууллаа. Уулзалтад МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, улс орны нөхцөл байдлын талаар байр сууриа тодорхой илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, индэрээс индэрт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгний хариуг өгчихсөн юм. Тэрбээр “Монголдоо ирэх үнэхээр сайхан. Хэдийгээр боловсон, соёлтой хүмүүстэй харьцаж байгаа ч миний ард түмнийг солих ард түмэн, миний эх орны агаарыг орлох агаартай улс орон, миний монгол хэлтэй адилхан яруу тод хэлээр ярих орчин байхгүй ч Солонгост эмчлүүлж байхад байнга та нарыгаа дурсаж, Монголынхоо ард түмнийг нүдэндээ харж, санаж байлаа. Агаарыг нь амьсгалах, усанд нь орох, ууланд нь явах, ахмадуудтайгаа уулзах юмсан. Зүгээр л нүдийг нь хараад дэргэд нь монголоороо яриад суух юмсан гэж их боддог юм. Ингээд монголоороо яриад, энэ сайхан улс эх орныхоо агаарыг амьсгалаад монголчууд та бүхэнтэйгээ хамт, жирийн ард иргэдтэй уулзаад явж байхад надад ямар ч эмээс илүү эм болж байна. Тийм учраас энэ удаад Монголд ирээд агаарыг амьсгалая гэж хэлсэн. Үүнээс гадна надтай уулзая гэсэн хүмүүстэй уулзая гэсэн. Миний үгийг сонсоё, зарим асуудлаар зөлөлдөе гэвэл зөвлье гэж бодсон юм. Гэтэл харамсалтай нь нэг хүн агаар амьсгалах эрхгүй ч гэх шиг. Зөвлөгөө өгөх ёсгүй ч гэх шиг. Босгоны шороонд ойртуулахгүй ч гэх шиг янз янзын юм ярьж байгаа юм. Тэгэхэд миний төрсөн эх орон мөн үү, биш үү гэж өөрийн эрхгүй бодсон. Яагаад монгол хүнийгээ тэгж хөөж, агаарын нь амьсгалах эрхгүй гэж байгаа юм. Хэн монгол хүнийг тэгж хөөх эрхтэй юм. Хэн үгийг нь сонсоё, санаа бодлоо хуваалцая гэхээр сонсохгүй, яв гэж хэлдэг билээ. Хэн, хэнийг босгоны шороонд ойртуулахгүй гээд байгаа юм. Босгоны шороонд ойртуулах, төрийн өндөр албан тушаалын босгыг давуулах эрхийг хэн, хэнд олгодог вэ гэдэгт будилсан, тархи толгой нь гашилсан хүн ийм үг хэлсэн гэж ойлгосон. Тийм учраас тэр хүний уурласан, бачимдсан, бухимдсан үгэнд би хариу өгч, хайран цагаа гарздах хэрэггүй гэж бодсон. Түүний оронд та бүхэнтэйгээ уулзая, агаараар нь цээж дүүрэн амьсгалая, хүмүүсийнхээ нүүрийг нь харж, нүдийг нь ширтэж, монголоороо ярьж, монгол дуугаа сонсож, энэ сайхан дэлгэр цагаар уулзаж байгаа нь энэ. Монгол орон маань дээрээ үнэхээр болохоо байчихсан юм байна. Төрийн тэргүүн хийж байгаа хүний хэлж буй үгийг харахад Монгол орон гайгүй юм шиг. Жирийн иргэдтэйгээ уулзахад миний ард түмэн, монголчууд хэвээрэй байна. Зан заншлаа хадгалсан, бие биедээ итгэсэн байдал хэвээрээ байна. Тийм учраас би Төрийн тэргүүнийхээ үгийг сонсож Монголоо танихаа байж байгаа юм бол ард түмэнтэйгээ уулзаж Монголоо таниж байна аа. Тэгээд би сэтгэл амарсан. Яагаад гэвэл Төрийн тэргүүнийг солино, ард түмнийг солихгүй. Миний ард түмэн мөнх. Ард түмэн байгаа цагт Монгол мөнх.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.