“Эдийн засгаар нь чангалах” шинэ хууль хэрэгжиж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 08 сар 31

Анх яригдаж эхэлсэн цагаасаа хойш жолооч нарын дунд оньсого таавар мэт байсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ. Үүнтэй холбогдуулан шинэ хуульд орсон онцлог заалтууд, өмнөх хуулиас ялгарах гол онцлогуудын талаар хүргэж байна. 

Монгол Улсын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах үүрэгтэй Үндэсний зөвлөлийг байгуулахаар шинэ хуульд тусгасан. Энэ нь өмнөх хуулиас ялгарах гол онцлог болжээ. Ерөнхий сайдын даргалах Үндэсний зөвлөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлдэг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон мэргэжлийн холбоод, ТББ-ын удирдлагын төлөөлөл тэнцүү орж ажиллах юм байна. Ингэснээр төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжрах давуу талтай юм. 

Тухайлбал шинэ хууль гарснаар, Эрүүл мэндийн яам нь зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх эмнэлэг, анхны тусламжийн цэг, харьяалагдах нутаг дэвсгэрийг тодорхойлох, ажиллах нөхцөл, боломжоор хангах үүргийг Үндэсний зөвлөлийн өмнө хүлээж байна. Ингэснээр осолд өртсөн хүнд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээ илүү шуурхай болох боломж бүрджээ. Эмнэлгийн хажууд осол гарсан ч зөвхөн яаралтай тусламжийн төв, Шуурхай бүлэг 105-д утасддаг байсан бол одоо аль ойрхон байгаа эмнэлэг нь тусламж үзүүлэх үүрэг хүлээж байна гэсэн үг. ЭМЯ энэ ажлаа зохион байгуулж, Үндэсний зөвлөлд танилцуулна, Үндэсний зөвлөл нь хагас жилд нэг удаа УИХ-д ажлаа тайлагнана. Замын чанараас шалтгаалж осол аваар гарвал автозам хариуцсан төрийн захиргааны байгууллага тодорхой хариуцлага хүлээдэг, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хариуцсан зам талбайг цэвэрлэдэг байх заалт ч орж байгаа бололтой. Хуулийг дагаж 24 журам гарах ёстой бөгөөд 20 орчим нь хүлээгдэж байгаа юм. Эдгээр журмууд гарахаар эзэнгүй, тодорхойгүй байсан асуудлууд бүгд хариуцах эзэнтэй болж цэгцэрнэ гэж хууль боловсруулагчид амалж байгаа юм. 

Жолооч нарын хариу үйлдлийг харахад “Торгууль шийтгэл” гэхээсээ илүү Зөрчлийн бүртгэлийн оноо тооцдог болсныг илүү анхаарч байгаа нь илт. Өмнөх хуульд жолооч хэдэн ч удаа дүрэм зөрчсөн торгуулиад яваад байх боломжтой байсан. Тэгвэл дүрэм зөрчдөг дэггүй жолооч нарыг хариуцлагажуулах зорилгоор шинэ хуульд дээрх заалтыг оруулж иржээ. Жолооч бүр 10 оноотой байна. Хуульд заасан 70 орчим зөрчлийн хамгийн хүнд 14 зөрчил гаргасан тохиолдолд онооноос хасах аж. Төмөр замын гармаар гарвал гурав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол бүх оноо хасагдах гэх зэргээр зохицуулахаар тусгасан байна. Гэхдээ яг ямар зөрчилд хэдэн оноо хасагдах вэ гэсэн эцсийн шийд одоогоор гараагүй байгаа юм. 

Оноо тооцох журам нь өмнөх хуулийг бодвол чанга мэт боловч мөнгөгүй явж байгаад талоноо гурван удаа цоолуулаад эрхээ хасуулдаг байсан тэр үеийн журмыг бодвол дэвшилттэй болжээ.

Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын асуудал жолооч нарын анхаарлыг хамгийн их татаж байгаа нь мэдэээжийн хэрэг. Жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчлүүдэд хүлээлгэх хариуцлага ямар болсон талаар хүргэж байна.Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гэртээ мартдаг, хамгаалах бүсээ зүүдэггүй, эрхээ хасуулсан ч хэнэггүйтэж яваа жолооч нар анхаарлаа хандуулна уу. Хуульд жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоо барьсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд хүлээлгэх хариуцлагыг өндрөөр тогтоож өгчээ. 

Жолоодох эрхийн үнэмлэхгүй, эсвэл эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192 000  төгрөг/-тэй тэнцэх мөнгөөр торгохоор заасан байна. Өмнөх хуульд автомашиныг журамлаж, 25-50 мянган төгрөгөөр торгодог байв. Дээрх зөрчилтэй этгээдэд жолоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөөр /100 орчим мянган төгрөг/ торгоно.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх