А.ЦАГААН
Сайн, муугаараа хэлэгддэг хэдэн оюутнуудынхаа үйл тамыг өнгөрсөн сараас эхэлж үзэж эхлэв. Сургалтын төлбөр, дотуур байрнуудынх нь төлбөрийг нэмлээ л гэнэ, төлбөрөө төлөөгүйг хичээлд нь суулгахгүй л гэнэ. Энэ мэт шат шатандаа оюутнуудыг дарамтад оруулж байхад нийслэлийн Тээврийн газар ч дутахгүй гэдгээ харуулаад авлаа. Аль өнгөрсөн долоо хоногоос хичээл сургууль нь эхэлсэн оюутнуудын нийтийн тээврээр хэрхэн зорчих асуудал нь шийдэгдэхгүй байсаар есдүгээр сартайгаа золголоо. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат манай сонинд өгсөн ярилцлагадаа “Оюутнуудад зориулсан 110 мянган смарт карт хэвлэгдээд ирсэн. Үүн дээр нь нийслэлийн төсөвт ажлын өдрүүдэд хоёр суулттай мөнгө төсөвлөгдөөд нөхөн олговор хэлбэрээр орж ирнэ. Ажлын өдөр хичээлдээ ирж, очих гэсэн чиглэлийг нь зааж өгнө. Мөн оюутнуудад тодорхой хэмжээний лимит тогтооно” гэж байсан. Хэдийгээр оюутнуудад ямар ч хүндрэл учруулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ч өнөөдөр бахь байдгаараа. Мөн хавар картаа захиалчихсан оюутнууд есдүгээр сарын 1-нээс өмнө смарт картаа авна гэж байсан ч өнөө хэр нь нэг ч карт эзэндээ очоогүй байгаа юм. Тиймээс Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр нийтийн тээврийн асуудлын талаар өчигдөр оюутнууддаа мэдээлэл өглөө.
Тэрээр “Монголын оюутны холбоо НИТХ-аас баталсан 2010 оны журмын дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард 113 мянган оюутны захиалгын үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хуваарь ёсоор оюутнууд өнөөдрөөс эхлэн нөхөн олговроороо зорчиж ямар нэгэн асуудал гаргахгүй байх боломж байсан. Гэтэл Нийслэлийн орлогч дарга Батаа, Гантөмөр нар нийслэлийн Тээврийн газарт чиглэл өгсний дагуу сүүлийн нэг сарын хугацаанд шийдвэр нь тодорхойгүй гацсан байдалд орчихлоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.