“Агшиж” буй эдийн засаг

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 01

Эдийн засаг агшиж байна. ДНБ-ий өсөлт хоёр оронтой гардаг байсан цаг өнгөрч, энэ жил тав орчим хувьтай байна гэсэн таамгийг эдийн засагчид хийж буй. Гэвч энэ таамаглал ч хэрэгжих үү гэдэг нь эргэлзээтэй байна. Үндэсний статистикийн хорооны гаргасан тайлангаас харвал, энэ оны эхний долоон сард экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар буурчээ. Өгсч байгаа эдийн засагтай улсын хувьд энэ бол байж боломгүй үзүүлэлт юм. Өмнө нь ам.долларын ханш өсөхөд “Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарна. 

Экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээн ташуур өгч асан эдийн засагчид одоо хэлэх үггүй дуугаа хурааж сууна. Гадны хөрөнгө оруулалт буурч, валютын үнэ нэмэгдсэн энэ үе дотоодын үйлдвэрлэгчдэд бага ч гэсэн ашигтай туссан нь магад. Гэтэл одоо дотоодын үйлдвэрлэгчдийн идэвх ч саарах болчихоод байна. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний долоон сард 4790.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 129.8 тэрбум төгрөг буюу 2.6 хувиар буурчээ /ҮСХ-ны мэдээгээр/.  

Үйлдвэрлэл, гадаадын хөрөнгө оруулалт гээд эдийн засгийн бүх л тулгуур үзүүлэлтүүд буурч, үнэ ханш өсөн, иргэдийн орлого л хэмжээндээ үлдсэн байна. Он дуусахад таван сарын хугацаа үлээд байхад нүүрсний олборлолт төлөвлөсөн хэмжээний 53 хувьтай тэнцэж байгаа нь үнэ буурсан энэ үед “их юм” гэлтэй. Улсын төсвийн орлого бүрдүүлэхдээ 6900 ам.доллараар тооцсон зэсийн ханш 5000 гаруйхан ам.доллар болж, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 30-50 хувиар буурсан нь төсвийн орлогыг нэг их наяд төгрөгөөр дутаах магадлалтай байна. Зах зээлд нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ багасч, банкууд зээлээ хумьж байгаа гэсэн мэдээлэл гараад эхэллээ. Эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед “Чингис бонд”, бусад өр төлбөрийн хүү зогсохгүй нь ойлгомжтой. 

Тиймээс яаралтай комбинаци хийж, валютын эх үүсвэр олох ажилд анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсанаасаа хойш хүлээлт үүсгээд байгаа Оюутолгойн далд уурхайг хөгжүүлэх төлөвлөгөө хэрэгжих шатандаа орж, ТЭЗҮ нь УУЯ-нд очоод байгаа. Энэ онд уг төслөөс 350 сая ам.доллар орж ирнэ гэж төлөвлөсөн. Төслийг хэрэгжүүлэхэд нэн түрүүнд шаардагдах зургаан тэрбум ам.долларыг арванхоёрдугаар сард багтаан босгохыг манай талаас үүрэгдээд байгаа. Гэвч Рио Тинтогийн АМГ-т хүлээлгэж өгсөн тайлан нь “Засвартай” гэсэн тодотголтой байсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв ТЭЗҮ засвартай байсан бол буцааж, засварыг арилгасны дараа эцэслэн хүлээн авах нийтлэг зарчимтай байдаг аж. Магадгүй энэ нь Рио Тинто мөнгө босгох цагаа хожиж байгаа хэлбэр байж ч болох юм. Тиймээс Оюутолгойгоос ойрын үед аврал эрээд нэмэргүй бололтой.
  
Зээлээр ч хамаагүй валют олж ирэх ёстой гэсэн үзэл санаа хүчээ авч байгаа энэ үед “аврал” болж мэдэх бас нэг төсөл нь Тавантолгой. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ерөнхий сайд энэ сарын 9-11-нд Бээжинд айлчилж, Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурна” гэж мэдэгдсэн  нь  анхаарлын төвд ороод байна. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард “Дубайн гэрээ” зурагдахыг урьдчилан мэдээлж байсан юм. Гэхдээ үнэн байлаа ч ирэнгүүт нь УИХ гацаанд оруулах магадлал өндөр. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Улс төр, бизнесийн бүлэглэлүүд Тавантолгойг булаацалдаад хоорондоо үзэлцээд байна” гэж хэлжээ. Хэрвээ энэ асуудал нь шийдэгдээгүй бол гэрээ зурсан ч урьдны түүх давтагдана гэсэн үг. 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх