Хөөрөгний гэх чулууг хууль бусаар түүсээр байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 02

Энэ чулууг Өвөрхангайн Богд суманд 1кг-ийг 300.000 төгрөгөөр газар дээр нь авч байна. Хүүхэд, хөгшидгүй уг чулууг түүж, борлуулж байна гэсэн мэдээлэл сошиалаар явж байна. Энэ дагуу тус сумын ИТХ-ын даргатай холбогдож тодрууллаа.

Тэрбээр ийм чулууг түүж, зарж борлуулах явдал сүүлийн 3-4 жил гарч байгаа. Сумын зүгээс байгаль орчны байцаагчтайгаа хамтран хяналт хийж, удаа дараагийн үйлдлийг зогсоодог. Чулууг түүж байгаа хүмүүс нь ихэвчлэн зөвшөөрөлгүй хувь хүн байдаг учраас Ашигт малтмалын тухай хуулийнхаа дагуу захиргааны хариуцлага хүлээлгэж, торгох, түүсэн чулууг нь хураах арга хэмжээ авдаг гэлээ.

Ашигт малтмалын тухай хуульд "66.1.1.тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, ашигт малтмал олборлосон, борлуулсан, ашигт малтмалын орд ашигласан бол хууль бусаар олсон орлого, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хурааж, уг этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;" арга хэмжээг авна гэжээ.

Дээрх хэлбэрийн чулууг түүх асуудал тус суманд нилээд эрчимтэй байсан бөгөөд сумын зүгээс авч буй арга хэмжээний үр дүнд сүүлийн жилд буурсан ч иргээд давтагдах хандлагатай болсон байна. Уг чулуугаар хөөрөг сэлт хийдэг гэдэг бөгөөд урд хөршрүү гаргадаг гэсэн албан бус мэдээ байгаа юм. Уг хөөрөгний гэх чулууг түүж борлуулах асуудал ганц энэ суманд тохиолдоогүй зэргэлдээх Өмнөговь аймгийн зарим сумдад бас тулгараад байгаа аж.

Ямартай ч Монгол Улсын хэмжээнд ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах бөгөөд энэ тохиолдолд хуулийн дагуу заавал зөвшөөрөл авсан байх ёстой юм.

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх