Есдүгээр сарын 2-нд сургуульгүй болсон хүүхдүүд хаачих вэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 03 ・ 1

Гурван сарын турш нам гүм байсан нийслэл хот, гудамж талбайг хүүхэд шуугисан их өргөөний эзэд сэрээгээд долоо хоног ч болоогүй байна. Гэтэл нийслэлийн удирдлагууд хэдхэн хоногийн өмнө зарим сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Тодруул­бал, Нийслэлийн мэргэжлийн хя­налтын газрын долдугаар сарын 07-ны өдрийн 02-03/2163 дугаартай албан бичиг, улсын байцаагчдын хэд хэдэн дүгнэлтийн дагуу Сүх­­баа­тар дүүргийн “АБЦ”, “Шон­хор”, Чингэлтэй дүүр­гийн “Чинхур”, “Цахим эрин” сургуулийн тусгай зөвшөөр­лийг өнгөрсөн сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг дар­гын захирамжаар хүчингүй бол­госон байна. Түүнчлэн Нийс­лэлийн мэргэжлийн хя­нал­тын газрын зургадугаар са­рын 09-ний өдрийн 02-01/1754 дугаартай албан бичиг болон улсын байцаагчдын дүгнэлтийг үндэслэж “Чинхур”, “Амар” цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ.



Эдгээр сургууль, цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон шийдвэрийг үүсгэн байгуулагч нарт нь болон харьяа татварын албанд мэдэгдэхийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад үүрэг болгосон байгаа юм. Харамсалтай нь, энэ шийдвэрийг дээрх сургууль, цэцэрлэгийн захирал, багш нар нь сонсоогүй, мэдээгүй байна. Энэ мэдээллийн дагуу холбогдоход “ямар хэцүү юм дуулгадаг хүүхэд вэ, чи арай тоглоод байгаа юм биш биз” хэмээн дахин дахин лавлан асууж байв. Арван жилийнхээ ойтой золгож буй “Цахим эрин” сургуулийн элсэлтийн зарын дагуу 910090.. дугаараас тусгай зөвшөөрлийг нь цуцалсан сургууль яагаад элсэлт авч буйг лавлахад “Манайд ямар ч албан бичиг ирээгүй. Хаанаас гаргасан тушаал, шийдвэр юм бэ. Бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас байнга л шалгалт явуулдаг. Яагаад ийм шийдвэр гаргасныг нь ойлгохгүй байна. Асууж тодруулъя” гэсэн мэдээллийг өгсөн юм. Тус сургууль бусдын адил хичээлийн шинэ жилийн нээлтээ хийгээд нэмэлт элсэлт хүртэл авч буй. 
Дараагаар нь “Чинхур” бүрэн дунд сургууль болон цэцэрлэгийн захирал Т.Дагвадоржтой холбогдож дараахь тодруулгыг авлаа. 

Т.Дагвадорж: Ямар ч албан бичиг ирээгүй

-Танай сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Та энэ талаар сонссон уу?
- Яасан юм бол доо. Үгүй баймаар юм. Бидэнд энэ талаар мэдсэн зүйл алга. Ямар ч албан бичиг ирээгүй. Манай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Элсэлтээ авсан. Есдүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн шүү дээ. Одоо нэмэлт элсэлтээ авч байна.

-Танай сургууль, цэцэрлэг байгуулагдаад хэдэн жил болж байгаа билээ?
-Энэ жил арван жилтэйгээ золгож байна. Манай сургууль гадаадаас ирдэг багш нараа хүртэл урьчихсан. Эхнээсээ ирж байна. Гадаадын зургаан багш урилгаар ирж ажилладаг юм. Мөн энд гэрээгээр ажилладаг Шинэ Зеландын хоёр багш бий. Одоо ирэх зургаан багш нь Хятад. Хоёр Засгийн газрын хэлэлцээрийн шугамаар манай сургуульд багшлах багш юм. Нэг ёсондоо багш солилцоогоор ирдэг гэсэн үг. Ирэх багш нарынхаа байр, хоол ундыг манай сургууль өөрөө даадаг байгаа. 

-Нийтдээ хэчнээн хүүхэд сурдаг юм бэ?
-Сургууль 140, цэцэрлэгт 30 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

-Өмнө нь танай сургууль, цэцэрлэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэчнээн удаа шалгалт хийж байв?
-Байнга л шалгалт хийж байдаг шүү дээ. Өнгөрсөн тавдугаар сард зарим зөрчлөө арилгасан гэдгээ илэрхийлсэн. Түүгээр ч барахгүй өнгөрсөн сарын 31-нд улсын байцаагч нар ирээд нүдээр хараад явсан. 

-Тэр үед та нарт ямар нэгэн хариу өгөөгүй юу?
-Хяналтын хуудсынх нь бүхий л гүйцэтгэлийг нь бичээд явуулсан. Мэдээллээ фотогоор хүртэл хүргүүлсэн. Дарга нар нь өөрсдөө ирээд явсан. Хийж гүйцэтгээрэй гэсэн бүхий л даалгаврыг нь биелүүлсэн шүү дээ. 

-Одоо тэгээд танай сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, цаашлаад багш нарын эрх зөрчигдөх болох нь?
-Манай сургууль, цэцэрлэг өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага шиг түрээсийн байр хэсдэггүй. Манай сургуульд урлаг, спортын заал хүртэл бий. Бүх төрлийн хичээлийн үндсэн багштай. Багш, ажилчид гээд 30-аад хүний амьдрал явж байна. 

-Ингэхэд танай сургууль, цэцэрлэгийн төлбөр нэмэгдсэн үү?
-Ерөөсөө нэмэгдээгүй. Байгуулагдсан цагаасаа хойш л 500 ам.доллар байсан. Одоо бол сургуулийн төлбөр 950 мянга, цэцэрлэгийнх 190 мянга байгаа. Энэ хугацаанд ам.долларын ханш хэд дахин нэмэгдсэн байтал манайх төлбөрөө хэвээр нь хадгалж үлдэж чадсан. Бусад сургуулийн төлбөр хоёр, гурван сая төгрөг байна. Харин манайх өөрийн байртай учир төлбөрөө нэмээд байхыг хүсдэггүй. Мөн хорооныхоо сурах хүсэл эрмэлзэлтэй амьдралын боломж, бололцоо муутай гурван хүүхдийг үнэ төлбөргүй сургаж байгаа гэв.

Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх цаг хэдийнэ ирсэн гэдгийг саяхан болсон бүртгэл харуулсан. Улсын цэцэрлэг, сургуульд хүүхдээ хамруулж чадаагүй эцэг, эхчүүдийн ганц сонголт нь хувийн төлбөртэйг ба­раа­дах. Харамсалтай нь, хүүхдээ цэцэрлэгтэй, сургууль­­тай болгочихлоо гэж санаа амарч байсан эцэг, эхчүүдийн санааг зовоох эл захирамж хэзээ гарав, дээрх сургууль, цэцэрлэгт явж буй хүүхдүүдийг хэрхэх гэж байгаа талаар тодруулахаар нийслэлийн Боловсролын газрын Сургалтын тусгай зөвшөөрөл, төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Цасцэцэгээс тодруулахад “Хүчингүй болгосон гэдгийг нь мэдэгдсэн. Холбогдох дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар нь Мэргэжлийн хяналтын дүгнэлтийг нь үзүүлээд танилцуулсан байна билээ. Энэ талаарх хурлын протокол нь хүртэл манайд бий. Эдгээр сургуульд явдаг хүүхдүүдийг аль сургуульд сургах асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсүүд өөрсдөө зохицуулах ёстой” гэсэн мэдээллийг өгөв. Харин Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир “Манай дүүрэгт харьяалагддаг “Чинхур”, “Цахим эрин” сургуулийн сургалтын менежерүүд албан ёсоор захирамжаа ирж авсан. Мөн бид дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт энэ хоёр сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна, есдүгээр сарын 2-нд захирамж нь бидэнд ирлээ. Холбогдох дүрэм, журмынхаа дагуу танай хэлтэс арга хэмжээ авч өгнө үү гэсэн албан бичгээ өчигдөр /уржигдар/ хүргүүлсэн байгаа. Хамгийн гол нь тухайн сургуулиудад сурч байгаа хүүхдүүдийг хэрхэх нь л асуудал болчихоод байна. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт зургадугаар сарын 26-нд гараад долдугаар сарын эхэнд нийслэлийн Боловсролын газарт албан ёсоор хүргэгдсэн байдаг юм билээ. Харин өнгөрсөн сарын 26-нд манай хэлтэст ийм дүгнэлт гарсан. Сургуулиуддаа мэдэгд гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу бид сургуулиуд руу мэдэгдсэн. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 03/

    ямар нэг асуудал байгаа болоод л тусгай зөвшөөрлийг цуцалсан байлгүй дээ сэтгүүлч та нар дандаа юмыг буруу өнцгөөс харж бичихий хэрвээ асуудал байгаад элсэлт авч байсан бол та нар бас л яагаад ажиллаж байган гээд л нөгөө өнцгөөс хараад бичнэ биз дээ та нар л юмыг улс төржүүлж нийгмийг байнга буруу т

    Хариулах