Хүүхдүүдээ уйлуулсаар байх уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 04 ・ 2

Х.МОНГОЛХАТАН

Хичээлийн шинэ жил эхэллээ. Сургууль, цэцэрлэг хүүхдийн инээд хөөр, дуу хуур, хөл хөдөлгөөнд дарагдав. Баяр хөөрийн хажуугаар багахан гуниглал, бяцхан уйлаан ч байна. Аав, ээжийнхээ өврөөс холдож анх удаа цэцэрлэг хэмээх том айл, багш гэх танихгүй хүн, үеийн жаалуудтай танилцаж байгаа хоёр настнуудад энэ өдрүүд хамгийн хүнд байгаа нь ойлгомжтой. Цэцэрлэгээ дүүргээд эрдэм номын өргөөнд элсэн орсон зургаан настай агаа, аниа нар уйлаад байхад хэл, хөлд гүйцэд ороогүй шахам жаахан амьтад аргагүй дээ. “Охиноо цэцэрлэгт нь уйлуулж үлдээгээд гарч ирэх эхнэрээ төрөх гэж өвдөж байгааг харахаас хүнд байлаа” гэх зэргээр эцэг эхчүүдийн эмзэглэл энэ өдрүүдэд цахим ертөнцөөр дүүрэн байв. Удалгүй хүүхдүүд маань шинэ орчиндоо, багшдаа, найз нартаа дасаад дуртай нь аргагүй цэцэрлэгтээ явдаг болно гэж бүх эцэг эх найдаж суугаа. Гэвч хүүхдээ цэцэрлэгт нь дасгахын тулд уйлуулахаас өөр арга байдаггүй гэж үү гэх бодол дотроос хатгаад зүгээр суулгахгүй нь.

Óйлсаар үлдэх хоёр настнууд

Сүүлийн дөрвөн өдөр ээж аавуудын хамгийн хүнд даваа өглөө хүүхдээ тэвэрч очоод уйлуулж үлдээгээд гарах болов. Анги дүүрэн уйлсан хүүхдүүдийг хараад нялх үр минь байтугай том хүн ч уйлмаар болно. Зарим нь мөөмнөөсөө ч гараагүй, хэлд ороогүй шахуу хоёр настай 30-40 хүүхэд нэгэн зэрэг эг маггүй уйлж орилон, үүд рүү тэмүүлэх нь зүрх зүсэм. Үүдэнд хашиж суугаа багшийгаа түлхэж цохиж, базах нь энүүхэнд. Ширээ, сандал доогуур мөлхөж, дээр нь авирах зэргээр аав, ээждээ гэртээ харих гэж хэрэндээ тэмцэх хоёр настнууд өрөвдмөөр. Ойртож ирсэн хэнээс ч болов аврал эрж, тэврүүлэх гэж тэмүүлнэ. Бяцхан ухаандаа энэ ангиас л гарчихвал аав, ээждээ очно гэж бодож байгаа бололтой.

Өөрийн ганц хүүх­дийнхээ учрыг олж чадахгүй сандарч байхад зэрэг уйлах 30-40 хүүхдийг хоёрхон багшид даатгаад явна гэдэг амаргүй.  Гэвч багш нар эцэг эхчүүдийг анги руу орох, эргэж буцаж хүүхэдтэйгээ зууралдах, нүдэнд нь харагдахыг зөвшөөрөхгүй. Уг нь эцэг, эхчүүд хүүх­дээ уйлуулахгүй саа­туулж, сатааруулж, тайвш­руул­чихаад үлдээвэл баг­шид, хүүх­дэд, орхиод явах эцэг эхэд ч амар баймаар. Гэвч цэцэрлэгтээ дастал нь хүүхэдтэйгээ хамт байх анги танхимын боломж байхгүй учраас эхний хэдэн өдөр, эхний сар уйлаад дасна гэсэн хоцрогдсон аргыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй. Уг нь хүүхдийн нас, бие, сэтгэлзүйн онцлогт тааруулж орчин солигдох, гэнэтийн өөрчлөлтийн айдас түгшүүрийг мэд­рүүлэхгүй дасгах аргуудыг олон улс хэрэг­жүүлдэг юм билээ.

 

Áусад оронд хүүхдээ дастал эцэг эх нь хамт байдаг

Германд хүүхдийг анх цэцэрлэгт өгөхөд орчиндоо, багш, ангийнхандаа дастал эцэг эх нь хамт явдаг. Хүүхэд уйлуулж огт болохгүй гэдэг байна. Мөн хэзээ гурван нас хүрнэ, тэр өдрөөсөө цэцэрлэгтээ явж эхэлдэг байна. 

Харин Японд эхний өдөр нэг цаг өгөөд, дараа нь өдөр өдрөөр цагаа уртасгаж дасгадаг байна. Цэцэрлэгт орохоос нь өмнө хүүхэд ээж аавтайгаа багш нартайгаа уулзалт ярилцлага хийдэг учраас багшаа хараад танихаар болдог байна.

Америкт цэцэрлэг нь яг л гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр гэнэ. Нэг ангийн хүүхдийн норм дээд тал нь 20. Нэг багшид зургаан хүүхэд оногддог. Мөн л цэцэрлэг эхлэхээс өмнө хүүхдүүд аав ээжтэйгээ хамт ангидаа очиж багштайгаа танилцаж ариун цэврийн өрөө орох, гадаа талбай дээр тоглох зэргээр орчинтойгоо танилцдаг байна. 

Солонгост мөн дасгах долоо хоногийн хугацаа байдаг. Эхний өдөр ээж нь хамт байна, маргааш нь өдөр хальт гарч орох зэргээр бага багаар холдох хугацаагаа сунгасаар дасгадаг аж.

Шведэд эхний 7-14 хоног эцэг эхийг нь хамт явуулдаг. Мөн цэцэрлэг дээрээ байх хугацааг бага багаар нэмэгдүүлдэг байх юм. Ээж аавтайгаа хамт байгаа хүүхдүүд тайвнаар орчинтойгоо танилцаж дасдаг аж. Хэрэв хүүхэд уйлагнах л юм бол эцэг эхийг нь утасдаж дууддаг байна. 

Харин Казахстанд хүүхэд төрөхөд л цэцэрлэгт орох тасалбар өгч дараалалд ордог байна. Тэгээд ээлж нь болоод орон тоо гарвал тэр хүүхэд хавар намар хэзээ ч хамаагүй цэцэрлэгтээ ордог аж.

Энэ бол монгол­чуудын хамгийн түгээмэл зорч­дог, ажиллаж амьдар­даг улс орнуудын жишээ. Харин манайд эсрэгээрээ. “Уйлж байж хүн, майлж байж мал болно” гэсэн эртний үгийг даган нүдээ аниж чихээ дараад явж байна.

 

Õүүхдийг сэтгэлзүйн дарамтанд оруулахгүй дасгах хэрэгтэй

Монгол Улс олон улсын жишигт нийц­сэн сургуулийн өм­нөх боловсролын тогтол­цоонд шилжихийн тулд ядаж хүүх­дээ уйлуулах­гүйгээр цэцэр­лэгт нь дасгадаг арга барилыг нэвтрүүлэх цаг болжээ. Өнөө үед улс орнууд хүүхдийн сэтгэлзүйг маш их анхаардаг болсон нь дээрх жишээнүүдээс харж болно.

Нэг л өглөө сэрээд мэдэх­гүй орчинд, таних­гүй хүмүүсийн дэргэд, уйлалдан орилолдох хүүхдүүдийн дунд орчихоороо хүүхдийн сэтгэл­зүйд ямар хүнд тусах нь ойлгомжтой. Хүмүүжлийнхээ 80-90 хувийг олж авдаг 2-6 насанд хүүхэдтэй зөв харьцах, хөгжиж хүмүүжих орчин нөхцлийг бүрдүүлэх нь ирээдүйн иргэнийг бэлдэхэд чухал үүрэгтэй. Хүүхдийг шинэ орчин, шинэ зүйлд бага багаар дасгах нь сэтгэлзүйн дарамтанд оруулахгүй, айдас түгшүүр төрүүлэхгүй, цочроохгүй, ааш занг нь өөрчлөхгүй сайн талтай. Тэр байтугай хүүхдийг хөхнөөс гаргахдаа ч нэг өдөр шууд гаргах бус бага багаар дасгаж гаргахыг эмч, сэтгэлзүйчид зөвлөж байгаа.

Мэдээж энэ бүхэнд эцэг эхчүүдийн ч үүрэг чухал. Нэгэнт хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр шийдсэн бол хүүхдийнхээ сэтгэлзүйг бэлдэж, хэдэн сарын өмнөөс цэцэрлэгт явна, гоё багш, хөөрхөн найзуудтай болж, гоё тоглоомоор тоглон, гоё хоол идэж, их юм сурна гэж ярьж ойлгуулж эерэг төсөөлөл бодол суулгах хэрэгтэй юм.

 

Íэг багшид 15-35 хүүхэд ногдож байна 

Тэгвэл бидэнд уйлуулж дасгадаг монгол аргаас өөр сонголт байна уу. Наймдугаар сарын 15-наас эхлээд цэцэрлэгийн асуудал яригдаж, эцэг эхчүүд бүртгүүлэх гэж хэдэн хоногоор дараалалд зогссон. Өөрт байгаа боломж бололцоо, танил тал, аз од бүгдийг шавхан гүйлдсээр хүүхдээ арайхийн цэцэрлэгт оруулсан. Бодит байдал ийм байхад бид бусад улс орны жишгээр цэцэрлэгтээ дастал эцэг эх нь хамт байх боломжийг мөрөөдөөд ч нэмэргүй нь. Учир нь манай цэцэрлэгүүд эцэг эхчүүд оруулах нь бүү хэл хүүхдүүдээ ч багтааж шингээж чадахгүй болсон.

Бидэнд хамгийн ойрын жишээ гэвэл дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлдэг БНХАУ байна.Энд нэг цэцэрлэг 500-600 хүүхдийн багтаамжтай. Тэнд 80-100 ажилтан байдаг бөгөөд нэг бүлэгт 30 хүүхэд 3-4 багштай ажилладаг байх юм. Харин Солонгост бага бүлгийн нэг ангид зургаан хүүхдийг хоёр багш хардаг. Энэ нь нэг багшид гурван хүүхэд ногддог гэсэн үг. Харин 3-5 насны хүүхдийн анги нь арай олон хүүхэдтэй ч арчилгаа бага шаарддаг, хичээл дугуйланд их хамрагддаг давуу талтай байдаг аж.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 09 сар 05/

    Манай улсын цэцэрлэгийн асуудал маш хүнд бгаа хуучин оросуудын барьсан хоёр давхар цэцэрлэг бүрд дээр нь нэг давхар барих юм хотын нэг цэцэрлэгт дөрвөн анги нэмэгдэнэ гэсэн үг би ингэж боддог хүүхэд уйлах яах вэ хө хөдөө сайхан монгол гэрүүд барихад юун болохгүй гэж Бид Монгол хүн шүү

    Хариулах
  • Зочин / 2015 09 сар 05/

    Аа тэгж байгаад л боль чинь Шдээ

    Хариулах