Ш.Гунгаадорж: Улс орон дампуурах гэж байхад өршөөл ярьж суугаа нь тоглоом юм даа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 06 ・ 1

-З.ЭНХБОЛД ҮНЭХЭЭР БОГИНО ЗАЙН ТАМИРЧИН ЮМ-

 

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Шаравын ГУНГААДОРЖТОЙ ярилцлаа.

 

НАМ ТӨРИЙН ДЭЭР ГАРСНААС МОНГОЛ УЛС ДАМПУУРЛЫН ИРМЭГТ ИРЧИХЛЭЭ

 

-Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүний хувьд таниас юуны түрүүнд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж суугааг асуумаар байна. Намрын ид ажлын цагаар Засгийн газар нь “цоорхой”, зургаан сайдаа оруулж ирж чадахгүй байсаар багагүй хугацааг барчихлаа шүү дээ?

 

-Улс төрийн болон улс орны нөхцөл байдал дэндүү ойлгомжтой байна. Төр, засаг гэж алга. Засаг төр нь улс орноо удирдан чиглүүлэх үүргээ биелүүлж чадахгүй. Хаана хэн байгаа нь ч мэдэгдэхээ байсан уймарсан, маргасан. Түмэн олон нь учраа олохгүй, дээшээ төр, засгаа харсан байдалтай. Үндсэндээ Монгол Улс дампуурлын ирмэгт байна. Үлгэрлэж хэлбэл, нэг их том далайд сэлүүргүй завь л хөвж явна. Намайг хэн нэгэн ирж аврах болов уу эсвэл, би живэх болов уу, аз таарах ч юм билүү гэсэн байдалтай байна шүү дээ. Ойр хэтийн зорилтоо яах юм, энэ онд юу болох гээд байна. Улс төр болон эдийн засагт ч мөн амаргүй цаг үе тулгарчихаад байхад Засгийн газраа ч бүрдүүлээгүй сууж байх жишээтэй. 16 яамны зургаа нь эзэнгүй байна гэдэг бараг 40 хувь нь эзэнгүй гэсэн үг. Цаашлаад УИХ нь байгаа, байхгүй нь мэдэгддэггүй. Ээлжит бус чуулган нэртэй юм хийгээд араасаа бөөн хэрүүл маргаан тарьсан байдалтай. Уг нь төрийн эрх барих дээд байгууллага нь улс орны байдал ийм болчихлоо. Эдийн засаг хүндэрчихлээ гэж өнөөдрийн улс орны нөхцөл байдлыг ярихын оронд өршөөл энэ тэр гэсэн хууль батлаад сууж байх юм. Өршөөлийн хуулийг ач холбогдолгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаар нь эрэмбэлбэл өөр чухал олон асуудал байна. Гэтэл ийм юмаар маргасаар энэ зуныг өнгөрөөж байгаа нь үнэхээр улс орон эзэнгүйрсний шинж. Ерөөсөө л улс орон дампуурлын ирмэгт ирчихлээ.

 

-Засгийн газрын тэргүүн ер нь ажлаа хийж байна уу гэвэл та ямар хариулт өгөх вэ. Ч.Сайханбилэг сайд ажлаа аваад 8-9 сар өнгөрч байгаа ч дорвитой ганц шийдэл гаргасангүй. “Сааль сүүний” цагаар танхимаа таллаад хаячихсан. Хэдэн сайдаа нөхөөд томилчихож чадахгүй суудаг нь ямар учиртай юм бэ?

 

-Би Засгийн газрын тэргүүнийг ажлаа хийхгүй байна гэхгүй. Гэхдээ бас хийж байна гэхэд ч хэцүү болчихлоо. Ажлаа хийхгүй байна гэхээр олон шалтгаан байна. Өөрөөр хэлбэл, энэ хүнд ажлаа хийх боломж олдохгүй бас олгохгүй байна. Би энэ талаас нь харж байгаа юм. Залуу хүн бодож санаж байгаагаас гадна алдаж, онож байгаа нь ч их байх шиг байна. Их хийтэй ч хөдөлж байна. Засаг толгойлох, улс орныг удирдах туршлага мөн дутаж байна. Гэтэл үүнд нь зааж, зөвлөөд өгөхгүй юм. УИХ нь Засгийн газраа чиглүүлээд явахын оронд харин ч ажилд нь садаа болоод төрийн гурван өндөрлөг нь хоорондоо хэл амаа ололцохгүйгээс болоод засаг нь яах учраа олохгүй байна шүү дээ. Энэ залуу /Ч.Сайханбилэг/ эргэлзсэн, эргүү хурга гэмээр л байдалд орчихлоо. Би хувьдаа Ч.Сайханбилэг гэдэг залууг ажил хийж чадахгүй байна гэхээсээ илүү төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь ажиллахгүй байна. Дарга нь УИХ-аа зохих ёсоор удирдан зохион байгуулж чадахгүй, олон намын оролцоотой бүрэлдэхүүнээ ажиж, улс орноо дампуурал, хүндрэлээс яаж гаргах юм. Засгийн газраа түргэн яаж бүрдүүлэх вэ гэдэг залж чиглүүлэх ажлыг хийхгүй байна гэж хэлнэ. УИХ үндсэндээ үүргээ биелүүлэхгүй байна. Тиймээс тарах хэрэгтэй. Үгүй бол Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу ажиллаад улс орноо удирдан чиглүүлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үндсэндээ би УИХ-д гол бурууг тохож байгаа юм.

 

-АН төрийн дээр сандайлчихсан, төрөөр тоглож байна л гээд байгаа. Түүний гор ингэж гарч байгаа хэрэг үү?

 

-Нам төрийн толгойд гарлаа гэдэг үнэхээр үнэн. Яахав Ардын нам засаг толгойлж байхад нам давамгайлаад л байсан. Гэхдээ одоогийнх шиг 2015 он шиг ингэж нам давамгайлаад төрийг барьж байгаагүй юм. Ялангуяа УИХ-ын дарга АН- ын дарга болсноос хойш энэ байдал улам хурцадлаа. Түүний муу үр дагавар улам их болж. Засаг төрийн үймээн, улс орны эдийн засгийн дампуурал үүнээс эхтэй. Ерөөсөө нэг намын дарга УИХ-ын даргын суудлыг авч байгаа явдал ихээхэн хор уршигтай. Тэр дундаа жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болох гэж байгаа үед энэ хоёр албан тушаал нэгдэж болохгүй. Харин Засгийн газрын тэргүүн намын дарга байхад нэг их хор уршиг мэдэгдэхгүй. Магадгүй сайн талтай байж болох. Гэтэл 5-6 намын оролцоотой 76 гишүүнээс бүрдсэн УИХ- ын дээр нэг намын дарга байна гэдэг болохгүй асуудал. Ганцхан З.Энхболд ч биш М.Энхболд, Д.Тэрбишдагва ч юмуу одоогийн жишгээр намынхаа даргаар ажиллахаас гадна УИХ-ын даргаар ажиллабал бас л өнөөгийнх шиг нөхцөл үүсэх байх. З.Энхболд намын даргын суудлыг авснаасаа хойш УИХ-ыг удирдан чиглүүлэх болон Үндсэн хуульд заасан УИХ-ын үүргийг биелүүлэхгүйгээр намын ажлыг төрийн толгойд гаргах ажлыг өөгшүүлсэн. Үүнээс болоод улс эх орон дампуурч, зүг чигээ олохоо байсан. Засаг, төр нь яаж ажиллах, аймаг орон нутаг, олон түмэн нь яах юм гээд юугаа ч мэдэхээ байчихсан, эргэлзээтэй байдалд орчихоод байна шүү дээ. Хэрэв энэ УИХ байвал байсан шиг байж, УИХ-ын дарга нь нам руу хэлбийлгүйгээр спикерийн ажлаа хийх хэрэгтэй байна. Үүнийг УИХ-ын гишүүд дотроо ярилцах хэрэгтэй. Хэрвээ өнөөдрийн байдал цаашид үргэлжилбэл ихээхэн хор хохиролтой, сонгууль ойртох тусам хор уршиг улам их болно.

 

ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛД БИ МАН-Д ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙНА

 

-Тэгвэл энэ хор хохирлыг бага байлгахын тулд яах ёстой юм бэ?

 

-Би энд МАН-ыг буруутгаж байгаа юм. Учир нь, эд засгаас гарч, сөрөг хүчин болоод сар гаруйн хугацаа өнгөрчихлөө. Гэтэл таг чиг, бүлх залгисан юм шиг суугаад байдаг. Ганц нэг гишүүн л бичиж байна. Уг нь намын бүлэг, нам дуугарах ёстой юм. Эсвэл хуйвалдаад суугаад байдаг юм уу. Үгүй бол бас л зүг чигээ мэдэхгүй байгаа юм уу. Сөрөг хүчин гэдэг сөргөлдөхдөө биш. Улс орон өмнө нь байгаагүй хүнд байдалд орчихлоо. Эдийн засаг, улс төрийн хямрал бий боллоо. Байгаль цаг уурын нөхцөлөөс болоод хөдөө аж ахуйд ямар их хор хохирол учрах гэж байгааг бүгд хараад сууж байна. Өвөл зуд болох нь гарцаагүй болчихсон байхад сөрөг хүчин яагаад дуугүй суугаад байдаг юм. Туршлагатай тулхтай намынхаа хувьд одоо яах ёстой, яаж ажиллавал зөв гэдгийг хэлж ярихгүй байгаа юм. Хэрүүл маргаан талаас биш хэлцэж зөвлөх, шүүмжлэх талаас нь МАН эрчтэй ажиллах ёстой. Гэтэл ерөөсөө дуугарахгүй юм. Тиймээс МАН хариуцлагаа дээшлүүлж дуугармаар байна.

 

-Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдлыг харахаар МАН хэчнээн дуугарч шаардаад эрх баригч, шийдвэр гаргагчид нь хүлээж авахгүй байгаа юм биш үү. Тэр тусмаа МАН засгаас гарчихсан энэ нөхцөлд ганц нам бүгдийн толгойд гарчихсан. Тэр бүү хэл, Ерөнхий сайдаа ч үндсэн үүргийнх нь дагуу ажиллуулахгүй байна шүү дээ?

 

-МАН энэ байдлыг өөрчлөх үүднээс сөрөг хүчнийхээ байр сууринаас шаардлага тавих хэрэгтэй байна шүү дээ. “УИХ- ын дарга намын дарга байгаа нь буруу. Хуульдаа болохгүй гэж заагаагүй ч энэ буруу, үүнийг өөрчилье” гэж шаардах хэрэгтэй. УИХ-ын даргад ханд л даа. “Та нэг бол УИХ-ын даргаа хий, үгүй бол намын даргаа хий” гэж хэл л дээ. Яагаад болохгүй байгаа юм. Нөгөө талаас улс орны байдал хүнд байна, одоо ийм арга хэмжээ авмаар байна гээд шаард. Тэд саналыг нь хүлээж авах эсэх тийм ч чухал биш. Гол нь олон түмэнд нээлттэйгээр энэ шаардлагаа тавьж, мэдэгдэж байх хэрэгтэй шүү дээ. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • dorgio.mn / 2015 09 сар 06/

    Аргагүй л хантай зүйл ярьжээ. Эхболдод УИХ-ын даргын алба хүндэдээд байхад Намын даргаа авдаг нь хирээ мэдэхгүй пацаны л хийдэг үйлдэл. МАН ч гэсэн нөхцөл байдалд алмайран ангайж суух учиргүй. Шардах зүйлээ шаардаж жхаахан хөдөлгөөнтэй баймаарсан.

    1
    Хариулах