Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 13
・ 4
Гацууртын ам гэдэг маань Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг. Ноён уулын шувтарга ч гэж хэлж болох их хайрханы өвөр бэлийн тахиралдсан амыг ийн нэрлэдэг. Монгол Улсын ашигт малтмалын орд бүхий судалгааны газрын зурагт Гацууртын орд гэж тэмдэглээд ”Сентерра гоулд монголия” ХХК ашиглаж буй тусгай зөвшөөрөл бүхий талбай хэмээн тодотгосон байх авай. Гэвч эл орд эзэнгүйдэхийн зовлонгийн түрүүчийг амсч эхлэв бололтой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хоёр дахь намрын навчис хийсэхийг үзэж, эдүгээ ч тодорхой бус байгаа Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газар анх 2014 оны есдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмших “Эрдэнэс-Гацуурт” хэмээх хамтарсан компани байгуулж, уг компанид төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувиар тогтоох тухай саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн юм, уг нь. Эрхэм гишүүд харамсалтай нь хоёр жилийн турш маргаж мэтгэлцэхдээ төрийн эзэмших хувь хэмжээ 20 байх уу гэх үндсэн асуудалд бус улстөрчдийг талцуулсан шоу драмын Ноён уулан дахь хүннүгийн булш, бунхан хөндөгдөнө гэсэн өрнөл хэсэгт хүүхэд адил хууртагдчихаад ичсэн нэрэндээ байр сууриа хамгаалах нэрээр гэдийгээд хэвтчихсэн нь нууц биш.

Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид нөхцөл байдлыг газар дээр нь очиж судлан дүгнэлт гаргаж түүнийгээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэдэнтээ тайлбарлаад ч тусыг эс олсон. Аргаа барсан эспикер УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй нөхдүүдэд хандан салбар яам, шалгасан хүмүүс нь үгүй гээд байхад олж илрүүлээгүй, гарт баригдахгүй олдвор яриад ажил сааруулахгүй байхыг анхааруулсан ч тэд гүрийсэн чигээрээ, зүтгэсэн хэвээр.
Учир иймээс Засгийн газрын тэргүүн өнгөрсөн долоо хоногт БНХАУ руу мордохынхоо өмнөхөн Уул уурхайн сайд Р.Жигжидэд Гацууртын ордын нөхцөл байдалтай биечлэн танилцаад ирэх үүрэг даалгаврыг өгсний дагуу салбарын сайдын удирдсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаад ирэв. Өглөөний нар тооноор тусахтай зэрэгцэн нийслэлээс хөдөлсөн ажлын хэсгийн цуваа бага үдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт үйл ажиллагаагаа явуулж буй “Сентерра гоулд монголия” ХХК-ий тусгай зөвшөөрлийн талбай болох Гацууртын орд дээр ирсэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан, тус газрын уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга нараас гадна Түүх, археологийн болон Газар зүйн хүрээлэнгийн Цэвдэг судлалын эрдэмтэн судлаачид багтсан болно.
Гацуурт ордын тухайд
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт алтны үндсэн орд нь оршдог Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь "Сентерра гоулд Монголиа" ХХК юм. Гацуурт ордод 1970-1991 онд шороон ордын судалгаа хийгдэж, 1992 онд алтны шороон ордын олборлолтоо эхлүүлсэн аж. Шороон ордын олборлолтын явцад 1997 онд алтны үндсэн судлыг олж тогтоосноор 2002-2003 онд хайгуулын ажлыг эрчимжүүлж, 2004 онд нэмэлт хайгуул хийжээ. Ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн бүртгэлд 2005 онд бүртгэж, 2008 онд ТЭЗҮ-ийг хүлээж авсан байна.

Гацууртын орд 27.6 сая тонн хүдэр бүхий 75.9 мянган кг алтны нөөцтэй гэж бүртгэгджээ. Монгол орны алтны металлогений мужлалаар энэ орд Хойт Хэнтийн алтны бүсэд тогтоогдсон томоохон орд бөгөөд алтны өндөр агуулга бүхий хүдэртэй болох нь тогтоогджээ. Иймээс хайгуулын ажлыг үргэлжлэн явуулснаар нөөц нь 100 гаруй тонн болох магадлалтай гэж гарсан аж. Тус компанийн удирдлагын хийсэн танилцуулгад эдийн засгийн ашигтай нөөц нь 50 тонн гэж дурьдагдаж байна лээ.
Хэрэв энэ ордыг стратегийн ордод оруулж, 20:80 хувийн харьцаагаар төртэй хамтран эзэмшвэл, үйл ажиллагаа нь хэвийн явах бололцоотой гэж үзэж байгаа юм билээ. Гэхдээ уг ордыг Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад оруулалгүй авч үлдсэн нь өнөө ч асуултын тэмдэг дагуулсаар байгаа юм.
Хууль бус аргаар амьдралаа залгуулдаг нинжа нарын хувьд үнэгэн харанхуй бол алдаж боломгүй алтан боломж нь байдаг бололтой. Хөвсгөл, Архангай, Дорнод, Дорноговь, Заамарын гээд газар газраас ирсэн 300 гаруй нинжа хоёрхон өдрийн дотор Гацууртын амыг орвонгоор нь эргүүлж орхижээ. Өнөөдөр ч тэд үүр цүүрээр хөнжлөө үүрч ирээд нүхээ ухан шороогоо зөөсөн хэвээр байгаа. Холоос дурандахад ургаа мод уу, ухсан нүх хоёрын аль нь болохыг тааж хэлэхэд бэрх болтол нь нүх ухсан харагдана. Яг л шатар даамны өрөг шиг ухаагүй хэсэг шаргалтаж, ухсан нь онгойж харлаад. Нүх хоорондын зай үсрээд л метр байх. Зарим нь 20 см–ээс хэтрэхгүй ойрхон байж мэднэ.

Гүн нь 5- 6 метр гэнэ лээ. Ухсан нүхний дэргэдүүр үүргэлсэн нэг нь өнхөрч, шороонд дарагдсан сурагтай. Түүгээр үл барам хамгаалалт муутай шуудайтай шороо үүрсэн нэгнийг даалгүй цөмөрхөд ухаж буй алтандаа улайрсан нөгөөх цочиж, нойргүй хоносны улмаас улайсан нүдээ эргэлдүүлэн хараал хэлэн урцалдах нь гичийгээ булаацалдсан өлөгчин чонотой төстэй болохыг нь яана. Нөгөө зарим нь их бага шороо авснаа дуудалцан хэл ам татална. Ээлжээ хүлээлгүй бухимдан зодолдон цус нөжтэйгөө холилдох нь асуудал биш гэнэ. Ийм л дүр зураг бүхий шөнийн амьдрал тэнд долоо дахь өдрөө үргэлжиж буй. Цаашаа хэдэн өдөр үргэлжлэхийг нь УИХ-ын гишүүд хариулах буй за. Явуулын нинжа нарын тухайд багаж зэвсэг гээд байх зүйлээр ховор. Хөнжил гудас, хүрз лоом, алт угаах ногоон түмпэн төдий байхад хангалттай.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.