Цахилгаан бороохойн үе дуусч, цахим бороохойн эрин эхэлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 13

Нийгмийн дэг журам, ёс суртахууныг цагдаагийн хүчээр буюу цахилгаан бороохойгоор зохицуулдаг байлаа. Цагдаа байхгүй бол юу ч хийж болдог, байвал эмх журамтай, ёс суртахуунтай байдаг үе байсан.

Энэ үеийг цахилгаан бороохойн үе гэж хэлээд байгаа юм. Одоо тийм биш болж цахим бороохойн эрин эхэлж байна. Юу гэсэн үг вэ гэхээр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслийг хэлж буй хэрэг. Орчин үед хаа нэгтээ явахдаа ёс суртахууны доголдол гаргавал хөндлөнгийн хэн нэгэн гар утсаараа зургийг нь авчихдаг болсон. Байшингийн булан тохойд бие засах, машиныхаа цонхоор хог хаях, зүлгэн дээр машинаа байрлуулах тохиолдолд үйлдэл дээрээ баригдана гэсэн үг. Цагдаа байсан, байгаагүй нь ер хамаагүй. Зөрөн өнгөрч байгаа хэн дуртай нь ёс суртахуунгүй аашилж байгааг чинь баримтжуулаад олон нийтэд мэдээлдэг болчихож. Утасныхаа 3G сүлжээг асааж байгаад л твиттер, фэйсбүүк, дуртай вэб хуудсандаа байршуулчихна. Үгүй ядаж л байгууллага бүр утасгүй интернэттэй болсон болохоор дурын цайны газар ороод л ёс суртахуунгүй авирлагчийн зургийг тавина. Нэг ёсондоо буруу үйлдэл хийсэн хүнийг эргэж харахын завдалгүй түмэнд зарлачихаж байгаа юм. Иймэрхүү зураг олны анхааралд хүрэхдээ тун хурдан. Захын хүн найз нөхдөдөө түгээж “Энийг хар даа, ичээсэй” гэлцдэг. Бас зургийнх нь дор гаргасан үйлдэлд нь тохирсон муухай үгээр доромжилж, газар дор ортол нь муулж байгаа юм. Хэрэв таньдаг хүн нь байвал утас руу нь залгаад “Ичиж үхээч ээ” гэсээр байж суухын эцэсгүй болгоно. Эргэн тойрных нь байтугай таньж мэдэхгүй хүмүүс энэ мэтээр чичлээд байхаар цагдаа, цахилгаан бороохойгоос долоон дор болж байгаа юм. Ингэж нийгэмд ёс суртахуун, сахилга батыг ил тод зарлачихаар цагдаатай цагдаагүй биеэ зөв авч явахгүй бол болохгүй болжээ. Цагдаа харагдвал хүн зодохоо болиод, байхгүйд нь дээрэлхдэг үе ард хоцорч байна гэсэн үг. Цагдаагийн нүднээс далд хийсэн зүй бус үйлдлийг баримтжуулаад олонд дэлгэдэг цахим бороохойн эрин эхэлж байна. Цахим бороохойн үе нийгмийг сайнаар ч босгож чадна, муугаар ч эргүүлж чадна. Тэгэхээр хувь хүмүүс ёс журамтайгаар биеэ зөв авч явах хэрэгтэй болжээ. Хүн хараагүй байгаа юм чинь гээд ил задгайгаар хогоо хаяж болохгүй болсон байна. Яагаад гэвэл дэргэдүүр чинь хурдтай өнгөрч байгаа автомашин дотроос зургийг чинь авч байгаа. Тэгэхээр үй олон дуран таныг харж байгаа гэж ойлгон биеэ цэнэж яваарай. Тэгэхгүй бол нэг л эвгүй үйлдэл чинь танд муу нэр зүүлгэнэ. Ийм цаг үед амьдарч байгаагаа хүн бүр мэдрэх хэрэгтэй. Одоохондоо олон нийт хараахан бүрэн гүйцэд мэдэрч эхлээгүй байна. Мэддэг, мэдэрдэг болох хэрэгтэй.

Америкт хүмүүс хоорондоо харилцахдаа их эвтэй байдаг. Зам тавьж өгөөгүй нэгийг тийм ч амархан ална, хядна гэж орилдоггүй. Нэгийнхээ өмнүүр орох гэж ухаан жолоогүй зүтгэхийн оронд зам тавьж өгөөд эелдгээр инээмсэглэдэг. Санамсаргүй хөл дээр чинь гишгэсэн хүнийг “Замаа харж яваач, мал аа” гэж доромжилдоггүй. Яагаад гэвэл хэн нэгнийг доромжилж, эрх чөлөөнд нь халдвал өнөөх нь гар буу гаргаж ирээд буудчихдаг юм. Ийм болохоор нэгийгээ дээрэлхэхийн аргагүй. Энэ буутай болов уу, тэрэнд байхгүй болов уу гэж таамаглахын эцэсгүй.

Харин манайд нэгийгээ энэ муу ядуу гуйлгачин, чадалгүй амьтан гэж бодоод айхтар дээрэлхэж байгаа харагддаг. Цагдаа, шүүхэд танил тал байхад энэ мууг яасан ч болно гэж сэтгээд аль муухайгаар доромжлоод байна. Бүр насаар нь дээрэлхэж байгаа тохиолдол ч бий. Доромжлуулж байгаад нь нээрээ л санаж, сарвайх хүн байхгүй. Залуу нь хөгшнөө, хөгшин нь хүүхдээ амандаа орсон аль муухай үгээр гутаан доромжилж болоод байна. Одоо харин ийм цаг өнгөрчээ. Бусдад уурласан уураа дорой нэгэнд гарган элдвээр хашгирч байвал хажууд байгаа хүн чинь гар утсаараа бичиж аваад “Youtube” хуудсанд байрлуулчихна. Албан тушаалаараа сүрдүүлэн ажилтнаа цохиод авбал хэдхэн хормын дараа л таныг олон нийт харааж зүхнэ. Энэ бол гар буунаас ч аюултай “зэвсэг”. Нэг ёсондоо иргэн бүр цахим гар буутай болчихлоо гэсэн үг. Үүнийг ойлгож биеэ зөв авч явахаас өөр аргагүй цаг үе иржээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх