Аль Жазера агентлаг Ш.Алтантуяагийн хэргээр нэвтрүүлэг хийжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 14

 

Малайз улсад бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн Монгол бүсгүйн хэргийг Аль Жазера агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлч мөрдөж, 26 минутын нэвтрүүлэг хийжээ. Сэтгүүлч Мэри Энн Жоли Ази-Номхон далайн бүс нутаг дахь хурц асуудлыг хөнддөг “101 East” нэвтрүүлгээрээ Шаарийбуугийн Алтантуяагийн аллагын тухай дэлгэрэнгүй материалыг үзүүлсэн байна.

 

Алтантуяа нь 2006 оны аравдугаар сард амиа алдсан юм. Малайзын нөлөө бүхий улстөрчидтэй холбоотой гэгдэж байсан орчуулагч бүсгүйн толгой руу нь буудаж, биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоожээ. Есөн жилийн өмнө болсон хүн амины хэрэг Малайзын хамгийн дуулиантай бөгөөд учир битүүлэг хэрэг байсан юм.

 

 

Тус хэрэгт улс төрийн сөрөг хүчин болон тэдний хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакыг олон жил буруутгаж байна. Аль Жазера агентлаг Ш.Алтантуяагийн үхлийн тухай нэвтрүүлэг цацсаны дараа Малайзын Ерөнхий сайдын албанаас мэдэгдэл гаргажээ.

 

Мэдэгдэлд тус улсын Ерөнхий сайд Нажиб Разак талийгаачийг огт мэдэхгүй бөгөөд хэзээ ч уулзаж, холбогдож байгаагүй гэж бичжээ. Мөн шумбагч онгоц худалдан авах тохиролцоог Малайз ба Францын Засгийн газар хийсэн бөгөөд талийгаачийг худалдан авалтанд оролцоогүй гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.EAGLE.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх