Ард түмэн 20 хувийн батлан даалтын асуудал шийдэгдэхийг л хүлээж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 15

Яагаад хүлээнэ гэж, журам нь гараад, төр 20 хувийн батлан даалт гаргаад, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 10 хувь болчихоо биз дээ гэж асуух нэгэн гарч ирж магадгүй. Зарим албан тушаалтнууд, тэр дундаа БХБЯ-ны нөхдүүд, хуучин сайд нь асуудал нэгэнт шийдэгдсэн гээд байгаа. Гэвч яг үнэн хэрэг дээрээ ямар шаардлага хангасан хүмүүс 10 хувийн урьдчилгаа төлөөд орон сууцны зээлэнд хамрагдах боломжтой вэ гэсэн ерөнхий журам л гарсан болохоос биш 20 хувийн батлан даалтын асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй л байна. 



 

Яг энэ цаг үед “Буянт-Ухаа”-2” хорооллын захиалгыг авч эхэллээ. Өнгөрсөн даваа гарагаас захиалга эхэлсэнтэй холбоотойгоор ТОСК иргэдийн хөлд дарагдаж байна. Тиймээс бид “Буянт-Ухаа-2” хорооллын захиалгыг хэрхэн авч байна. Иргэд чухам ямар санаа бодолтой байгаа. Засгийн газраас 20 хувийн батлан даалт гаргах асуудал юу болж байгаа талаар сурвалжилсан юм. 


“10 хувиа байршуул, зээл чинь бүтэхгүй бол таван хувийг нь бид авна”

 Манай сурвалжлах хэсэг өчигдөр өглөөний 10:00 цагийн үед ТОСК-ийн байранд очиход  олон иргэн дугаарлан зогсч байлаа. Ерөнхийдөө дотор болоод гадна нь нийтдээ 50-60 орчим хүн дугаарлаж зогссон харагдсан. Түрүүчээс нь хүмүүсийг оруулаад, захиалгын хуудас бөглүүлж, байрны ам.метрийг нь сонгуулах гээд ТОСК-ийн ажилчид тун ч завгүй байна. Мөн гадаа нь нэг хүн зогсч, иргэдэд дугаар олгож, олгосон дугаарынхаа дагуу оруулж байлаа.  Зохицуулж байгаа залуу “Хүмүүс ээ, эхлээд банкинд хандаж, найман хувийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ судлуулна шүү. Зээл авах боломжтой эсэхээ судлуулаагүй байж наашаа ирчихээд ажил удаад байх юм” хэмээн нэлээд бухимдсан шинжтэй өгүүлсэн. 

Үүнээс үзвэл иргэд хагас дутуу мэдээлэлтэй л яваад байгаа бололтой. Бид тэр хавиар жаахан эргэлдэж, иргэд юу ярьж байгааг сонсч аваад, албаны хүнтэй уулзаж, зарим мэдээлэл авлаа. Ер нь бол “Буянт-Ухаа-2” хорооллын захиалгыг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн авч эхэлсэн. Тэгэхдээ “Буянт-Ухаа-1” хорооллын журмын нөхцлийг хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр эхэлж бүртгэж, захиалга аваад байгаа юм байна. Харин өнгөрсөн даваа гарагаас эхлээд шинээр захиалга өгч байгаа хүмүүсийн захиалгыг авч эхлээд байгаа аж.    Ер нь бол “Буянт-Ухаа-2” хороололд 6500 айлын орон ашиглалтад орох учиртай. Тэгвэл эхний ээлжийн 1620 айлын орон сууц ирэх аравдугаар сарын 31-нд ашиглалтад орно. Улсын комисс хүлээж авна гэж тодотгосон нь дээр байх. Тэгэхээр арваннэгдүгээр сарын эхнээс авахуулаад мөнгө төгрөг нь бэлэн хүмүүс байрандаа ороод явчихаж болох юм. Биднийг сурвалжлага хийгээд явж байхад зарим иргэд шууд мөнгө төлнө. 


 

Эхлээд 30 хувиа, дараа нь 40, байрандаа орохынхоо өмнө 30 хувиа өгчихнө гэж ярьж байсан. Зарим нь бүр шууд өгнө ч гэж байна билээ. Тэгэхээр банкнаас зээл авахгүй иргэд бол шууд орчихож болох нь. Харин зээл авах хүмүүс нэгэнт бүртгүүлсэн бол ажлаа хөөцөлдөөд, зээлээ бүтээгээд л явж байхад эхний ээлжийн барилгад орчих боломж байгаа. Давуу эрхтэйгээр захиалга өгсөн гээд байгаа хүмүүс эхэлж байрандаа  орно гэсэн юм байхгүй аж. Энэ талаар албаныхан хэлж байсан юм. 

Тэгвэл ТОСК-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Д.Ариунжаргалтай уулзахад, иргэд банкны зээлээ маш нарийн судалсан байх ёстой гэдгийг анхуулж байсан юм. Тэрбээр “Хамгийн чухал нь иргэд банкны зээлээ маш сайн судалсан байх ёстой. Өмнө нь “Буянт-Ухаа-1” хороолол ашиглалтад орж байхад байр авна гээд, журмын нөхцөл хангаад, судалгаанд орчихсон мөртлөө найман хувийн зээл авч чадалгүй байраа буцаасан иргэд байсан. Тийм учраас бид иргэд байраа захиалахдаа урьдчилгаа төлбөр 10 хувийг манай дансанд байршуулж өгөх шинэ журмыг гаргасан. Энэ бол аль аль талдаа хариуцлагатай, чирэгдэл багатай ажиллах үндэс болж өгч байгаа юм.  

Цалин маань хүрэх юм чинь гээд бодчихсон, судалж үзээгүй яваа нөхдүүд байдаг. Тэгээд зээл авах гээд ирэхээр бүтдэггүй, орлого нь хүрдэггүй. Үүнээс нь болоод бусад иргэд хохирч байгаа. Тухайн орон сууцны тэдэн тоот байрыг сонирхдог. Гэтэл хүн авна гээд сонгочихсон байдаг. Гэтэл өнөөх хүний зээл нь бүтдэггүй. Ингээд л бусад хүмүүсээ хохироох тохиолдол  гарч байгаа. Тийм болохоор 10 хувиа урьдчилж байршуул. Хэрвээ зээл нь бүтэхгүй бол таван хувийн торгуул ногдуулж байгаа. Энэ бол хариуцлагын тогтолцоо гэж ойлгож болно. Тийм болохоор банкнаас зээл авах боломжтой эсэхээ маш сайн судлах л хэрэгтэй байна.  Ерөнхийдөө “Буянт-Ухаа-2” хороололд бол ямар ч хүн орж болохоор нээлттэй журам гаргаж ирсэн шүү дээ. Ганцхан банкны зээлээ л маш сайн судал гэж л хэлээд байна” хэмээн ярьсан юм.  

Дээр “Буянт-Ухаа-1” хорооллын журмын нөхцлийг хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй 4395 иргэн давуу эрхтэй захиалга авсан тухай дурьдсан. Түүнээс гадна өнгөрсөн даваа болон мягмар гарагийн байдлаар 500 гаруй хүн захиалга өгөөд байгаа аж.  Дээрээс нь квотоор байр авч байгаа хүмүүс бий.  Гэтэл нийтдээ 6500 айлын орон сууц ашиглалтад орох гээд байдаг.  Бүр эхний ээлжинд 1620 айлын орон сууц л ашиглалтад орно шүү дээ.  Тэгэхээр одоо 1000 гаруйхан л байрны нөөц үлдээд байна гэсэн үг.  Нийт ашиглалтад орох байрныхаа хэмжээнээс давсан захиалга авахгүй гэдэг утгаар нь бодоод үзвэл шүү дээ.  


Иргэдэд 10 хувийн урьдчилгаа, хямд үнэ л хэрэгтэй байж

“Буянт-Ухаа-2” хорооллын байрны ам.метр нь 1350000 төгрөгийн үнэтэй байгаа.  Орон сууцны үнэ тэнгэрт хадаж, “хөөсөрсөн” энэ үед байхгүй л хямд үнэ.  Яахав, энд тэнд ам.метр нь 1.25 сая төгрөг гээд байр байгаа. Гэхдээ төрийн барьсан орон сууц гэдэг утгаар нь иргэд илүү их чанартай гэж үзэж, авахаар хичээж байх шиг байна.  Захиалга өгөх гэж байгаа иргэд тэгж ярьж байхыг сонссон болохоор ингэж бичиж байгааг болгооно биз.  Дээрээс нь “Буянт-Ухаа-2” хороололд  нэг ээлжиндээ 1250 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай хоёр сургууль, 240 хүүхэд явах боломжтой дөрвөн цэцэрлэг, долоон давхар нэгдсэн автомашины гараж,  12 ширхэг таван давхар худалдаа үйлчилгээний төв баригдана. 

Ерөнхийдөө бүхий л зүйлийг нь цогцоор шийдэж байгаа гэсэн үг. Иргэд зөвхөн ажилдаа явах гэж л хотын төв рүү орох хэрэгтэй болох нь. Бусдаар бол замын түгжрэл үүсгээд, хотын төв рүү давхиад байх шаардлага үнэндээ алга. Өнөө цагт аль ч орон сууцны хороололд ийм цогц зүйл байхгүй. Тэр дундаа улсын сургууль, цэцэрлэг хангалттай хүрэлцээтэй баригдаж байгаа нь асар том давуу тал болж байгаа юм. Энэ нь иргэд “Буянт-Ухаа-2” руу хошуурах сэдлийг тавиад өгчихлөө. Харамсалтай нь байранд орохыг хүссэн, 10 хувиа төлчих боломжтой бүх хүний хэрэгцээг хангаж дийлэхгүй. 

Тэгэхээр иргэд яаралтай банкнаас зээл авах боломжтой эсэхээ судлуулаад, захиалгаа өгөх хэрэгтэй байх.  Ер нь захиалга өгөх гээд зогсч байгаа иргэдтэй ярилцаж байхад 10 хувийн урьдчилгааны журам гарсанд ихэд олзуурхаж байсан. Өөрөөр хэлбэл, 20 хувийг нь төр батлан даах журам гэсэн үг л дээ.  Хүлээлт үүсчихсэн байсан байна.  30 хувь гэдэг өндөр л дөө, үнэн дээ. 40 юм уу 50 ам.метртэй байр авахын тулд урьдчилгаа төлбөрт 20 гаруй сая төгрөг өгөх шаардлагатай болоод байсан. За тэгээд үнэ нь өндөр бол урьдчилгаа нь нэмэгдээд л явчихна. “Буянт-Ухаа-2”-т орох байсан ч гэсэн 30 хувийн урьдчилгаа төлөх бол 15-20 сая төгрөг бэлтгэх шаардлагатай болчихоод байгаа юм. Харин 10 хувь болчихоор хамгийн бага ам.метртэй байр авахад 5-6.6 сая төгрөг төлөөд л орчихно.  Энэ бол асар том боломж.  Ямар ч байсан “Буянт-Ухаа-2” иргэдийн хүлээлтэд нийцэж байна. 

Гэхдээ захиалга өгсөн хүмүүсийг тав  хоногийн дотор 10 хувиа төл гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ. 10 хувиа төлсний дараа   орох гэж байгаа байр нь хүчин төгөлдөр болоод, сонгогдоод явчихна гэсэн үг.  Гэхдээ бас нэг зовлонтой юм байна. Энэ талаар олон иргэн санаа зовж ярьж байна. 



Иргэдийг хохироох юм биш биз дээ

“Буянт-Ухаа-2” хотхоны захилга авахдаа 10 хувийн урьдчилгаа тав хоногийн дотор төлөх шаардлага тавьж байгаа.  Ерөнхийдөө хариуцлагыг өндөрсгөх гэж байгаа талаар албаны хүн хэлсэн талаар дээр дурьдсан.  Гэхдээ нэг асуудал байгаа нь хэрвээ банкны зээл нь бүтэхгүй бол таван хувийг нь авна гээд байгаа.  Ажил удсаны төлбөр гээд ойлгочиход болох байх. Хэрвээ та 39 ам.метртэй байр авлаа гэхэд урьдчилгаанд нь таван сая гаруй төгрөг төлнө гэсэн үг. Мөнгөө тушаачихаад зээлээ авах дээрээ тулаад ирсэн бүтэмжгүй болчихлоо гэж бодоход энэ мөнгөнийхөө таван хувийг ТОСК-ийн дансанд үлдээх л болох нь.  За яахав, банкны зээлээ сайн судлуулаагүй байж захиалга өгөөд, урьдчилгаагаа төлчихсөн нөхдүүд өөрсдийн хариуцлагагүйгээс болоод мөнгөөрөө хохирвол юу ярих билээ. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх