Г.Оюунболд: Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ойр дотнынхон үйлддэг нь харамсалтай

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 16
Г.Оюунболд:  Хүүхдийн эсрэг хүчирхийллийг ойр дотнынхон үйлддэг нь харамсалтай
Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ гэдэг. Гэтэл өнөөдөр манай улсад хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөөр л байна. Бид хуулиараа хүүхдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгаа юм. Гэмт халдлага , хүчирхийллээс үүдэж хүүхэд амь насаа алдаж байна Тэр дундаа хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо буурахгүй байна Энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй байгаа нь олон шалтгаантай юм. Энэ талаар Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Оюунболдтой ярилцлаа.

 Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэргийн тоо буурахгүй байна. Ийм хэргүүд жил бүр нэмэгдэж байгаа нь хууль эрх зүйн орчин дутмаг байгаагийн илрэл үү? 

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл манай улсад түгээмэл байна. Энэ юунаас болж байна вэ гэхээр хууль эрх зүйн орчин дутмаг, урьдчилан сэргийлэх асуудал орхигдсоноос болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа хэрэг гарсан хойно нь шийдвэрлэдэг тогтолцоо бий болчихоод байна. Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны гэмт хэрэг гэж байдаг. Манай улсад гардаг нийт гэмт хэргийн 2-2.1 хүртэлх хувийг хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны гэмт хэрэг эзэлж байна. Жилд энэ төрлийн 300 орчим гэмт хэрэг гарч байна. Дээрх хэргийн дотор хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийн үзүүлэлт буурахгүй байна. Сүүлийн арван жилийн судалгаагаар жилд 30 орчим хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болж байна. Гэвч эдгээр тоо зөвхөн ил байгаа, бүртгэсэн хэрэг юм. Гэтэл бүртгээгүй хэдэн хэрэг гарч байгааг бид мэдэхгүй. Учир нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг нь гэр бүл, найз нөхөд, ураг төрлийн хооронд болдог. Хүүхдийн өмнөөс өргөдөл, гомдол гаргадаг эцэг эх, асран хамгаалагчид нь өөрсдөө хэрэг үйлддэг учраас эдгээр гэмт хэргүүд илэрдэггүй. Ийм байдал үргэлжилсээр байгаа учир өнөөдөр хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ямар төвшинд байгааг нарийн тодорхойлоход хэцүү. Мөн хүчирхийллийн хэлбэрүүдийг хуулинд бүрэн тусгахгүй байна. Хүчирхийлэлд өртсөн хойно нь бэлгийн хүчирхийлэл гэж үздэг. Садар самуунд уруу татах, түүнд ашиглах олон улсын хэллэгээр бол порнограф, бэлгийн дарамт учруулах энэ бүгд гэмт хэрэг юм. Гэтэл Эрүүгийн хуульд энэ талаар тодорхой тусгаж заагаагүй. Хүүхдийг хамгаалсан тусгай зохицуулалт байхгүй. Үүнээс үүдэж зарим төрлийн хэрэгт ял шийтгэл ногдуулахгүй байгаа юм. 

-Нэг үгээр бол хуульдаа нарийвчлан зааж тусгаагүй юм байна. Тийм үү? 

-Тийм ээ. Хууль нь тодорхойгүй байна. Мөн хүүхэд гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх арга зүйн асуудлууд нь хоцрогдчихсон. Гэмт хэрэг гарсан хойно хэн юуны учир үйлдэх болов гэж ярьдаг. Хүүхдийг хүчирхийллийн хохирогч болгохгүйн тулд тэдэнд ямар арга хэмжээ авах вэ. Хүүхэд өөрөө юу мэдэж байх ёстой вэ гэдгээс л эхлэх хэрэгтэй. Одоо байгаа хууль эрх зүйн орчноор хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэлбэрүүдэд хариуцлага хүлээлгэс- нээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн дөрөв, тавхан хэрэгт л хариуцлага ног дуулж байна. Түүнчлэн хохирогч хүүхдийн хэргийг хянан шийд вэрлэх тогтолцоо нь хүүхдийн нэр төрийг хамгаалж чадахгүй улам дордуулж байна. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хэргийг шалгачихаад л тухайн хүүхдийг зөнд нь орхичихдог. Өөрөөр хэлбэл, хүүхдэд туслалцаа үзүүлэх, хамгаалах, мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэгтэнтэй уулзуулахгүй байх гэх мэт асуудалд анхаарал хандуулахгүй байгаа юм. Хохирогч хүүхдээс мэдүүлэг авчихсан л бол болоо гэдэг эрүүгийн байцаан шийтгэх тогтсон ажиллагаа байгаа юм. Ийм хүнд нөхцөлд хэргийг шийддэг учраас хохирогчид хэргийг нуун дардаг. Хуулийн байгууллагад ханддаггүй. Бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн талаар бодитой гаргаж ирэхийн тулд бүх үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хуулиар зохицуулах ёстой. Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэхийн тулд хүүхдүүдэд зохих төвшний мэдлэг олгох хэрэгтэй. Ингэж л урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнээс биш хэрэг болгоныг шийтгээд байвал энэ төрлийн гэмт хэрэг багасахгүй ээ. 

-Ураг төрөл, таньдаг хүмүүс нь голдуу бэлгийн хүчирхийлэл үйлддэг гэж ярьдаг. Яг энэ талаар гаргасан судалгаа бий юу? 

-Нэг хэсэг хорих ял эдлээд суллагдсан хүмүүс хэрэг үйлддэг тохиолдол их байсан. Харин сүүлийн үед хүүхдийг таньдаг, ойр байдаг хүмүүс нь хүчирхийллийн хэрэг үйлдэх нь түгээмэл болж байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэсэн нэг л статистик мэдээ гардаг. Тиймээс хэн үйлдсэн талаарх нарийвчилсан судалгаа гаргах боломжгүй юм. Ер нь цаашид ч гэсэн энэ талаарх судалгааг нарийвчилж гаргах нь зөв. Засгийн газраас хийж байгаа гол ажил бол Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийн зүйлчлэлийг шинээр тусгая гэж байна. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Хүүхэд хамгаалах тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль гэсэн хоёр хуулийн санаачилж боловсруулалтын шатанд явж байна. 

-Таны ярьж байгаа хуулийн төсөлд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийг тодорхой ангилж заасан болов уу? 

-Тийм ээ, оруулсан. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс гадна хүүхдийг үл хайхрах, зүй бус харьцах, гээд олон төрлийн хэрэг байдаг. Эдгээрээс заримыг нь хүүхдийн эсрэг зөрчил, ноцтой үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохоор хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг зөрчил гэсэн хоёр шинэ заалтыг эрүүгийн хуулийн төсөл, зөрчлийн хуулийн төсөлд өргөн барьсан. 

-Хуулийн төслийг хэзээ хэлэлцэх вэ? 

-Ирэх аравдугаар сард чуулганаар хэлэлцэнэ. Энэ үед хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудын дуу хоолой хэрэгтэй. Энэ төслөөс ухрахгүйгээр батлуулах ёстой юм. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх