Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 21
・ 1
Засгийн газраас ипотекийн орон сууцны зээлийн урьдчилгааны 20 хүртэлх хувьд баталгаа гаргахаар болсон. Ингэснээр иргэд 10 хувийн урьдчилгаагаа төлж, үлдэгдэл 20 хувьдаа баталгаа гаргуулж, орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Тэгвэл уг зээлд хэрхэн хамрагдах журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь ипотекийн зээлээр орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр төлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн худалдан авч байгаа орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд ипотекийн зээлийн баталгаа гаргахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөл
2.1. “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын дагуу 80 м2-аас дээшгүй талбай бүхий, инженерийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол)-д бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтад хүлээн авсан шинэ орон сууц (нийтийн зориулалттай орон сууц болон амины орон сууц)-ны үнийн дүнгийн 10 хувийг бэлнээр харилцах дансанд байршуулан төлсөн, ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд тухайн орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргана.
2.2. Хөгжлийн банк нь ипотекийн зээлийн баталгаа гаргахтай холбогдуулан санхүү, төсвийн болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулна.
2.3. Хөгжлийн банкны баталгаа нь зээлдэгч орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд хүчинтэй байна.
Гурав. Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт
3.1. Энэхүү журмын дагуу орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах хүсэлт гаргаж байгаа иргэн дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
3.1.1. 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн, байх;
3.1.2. анх удаа үндсэн зээлдэгчээр шинэ орон сууц (нийтийн зориулалттай орон сууц болон амины орон сууц)-ыг ипотекийн зээлээр худалдан авч байгаа (өөрийн өмчлөлийн тохилог, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцгүй);
3.1.3. тогтмол орлоготой, сүүлийн 2-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн;
3.1.4. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Үндэсний Статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан аргачлал -ын дагуу амьжиргааны түвшингээ үнэлүүлсэн, “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн ҮII-XҮ бүлгийн иргэн байх.
Дөрөв. Орон сууцны ипотекийн зээлийн баталгаа гаргуулах иргэний хүсэлтийг хянан шийдвэрлэх
4.1. Энэхүү журмын 3.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан иргэний зээлийн хүсэлтийг арилжааны банк хүлээн авч судлан, зээл олгох эсэх талаар шийдвэр гаргана. Энэ тохиолдолд Хөгжлийн банкаар баталгаа гаргуулах хүсэлтийг холбогдох материалын хамт тус банкинд хүргүүлнэ.
4.2. Хөгжлийн банкны баталгаа гаргуулах хүсэлтэй иргэн харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад хандаж, “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-гаас тодорхойлолт авсан байна.
4.3. Иргэн “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдээгүй, эсхүл амьжиргааны түвшний үнэлгээ хийлгэсэн боловч тухайн үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бол уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг харьяалах аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад батлагдсан маягтын дагуу өргөдөл гаргаж шийдвэрлүүлнэ.
4.4. Хөгжлийн банк энэ журмын 4.1-д заасан материалыг долоо хоног бүр холбогдох маягтын дагуу хүлээн авч, баталгааны эрхийн бичгийг багцлан ажлын 5 хоногийн дотор гаргаж өгнө.
Тав. Орон сууцны ипотекийн зээлийн баталгааг тайлагнах, хяналт тавих
5.1. Хөгжлийн банк баталгааны тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүрийн дараа сарын эхний долоо хоногт багтаан бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
5.2. Арилжааны банк Хөгжлийн банкны баталгааны бичгийг үндэслэн олгосон ипотекийн зээлийн тухай тайланг улирал бүрийн дараа сарын эхний долоо хоногт багтаан Монголбанкинд бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
Зургаа. Бусад
6.1. Энэ журмын хэрэгжилтэд барилга, хот байгуулалт болон хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.
6.2. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Эх сурвалж: http://www.oronsuuts.com/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.