Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 21
・ 1
Ард түмэн тэглээ, ингэлээ. Энэ мэт “Болор цом”-д оруулчихмаар уран үгсийн чуулганыг сонсоод байх нь ээ улстөрчид биднийг өөрсдөөс минь илүү хайрладаг юм шиг л санагддаг юм. Гэтэл ард түмэн бидэндээ дурлаж, дурлалдаа шатаад байгаа улстөрчид цаагуураа дундажийнхаа халаас руу гараа “шургуулаад” л сууж байна.

Сүүлийн үед гарч байгаа бүхий л хууль, дүрэм, журам бүгд дундажийн халаасыг нимгэлэх, арай гэж олж байгаа хэдэн төгрөгнөөс нь яаж ийж байгаад “хумслах” зорилготой байх шиг. Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу захиргааны хариуцлагын улмаас жолоодох эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн нь эл журам ил болоход түлхэц боллоо. Мэдээж энэ талаар эрхээ сэргээлгэж байгаа жолооч нар мэдэж л байсан байх.
Харин олон нийт ийм тушаал, журам гарсан талаар огт мэдээгүй байсан. Ер нь бол 2014 оны есдүгээр сарын 22-нд тухайн үед Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин А158 дугаар тушаал гаргасан юм билээ. Түүнд нь ”Зөрчил гаргасан жолоочийн үнэмлэхийг хэргийн материалд хавсаргах” тухай заалт орж, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж. Энэ бол тэр чигээрээ иргэдийн халааснаас мөнгө гаргах гэсэн зорилготой журам. Ингэж харахаас өөр арга алга. Хэргийн материалд үнэмлэх хавсаргаж ер нь яана аа. Эрхээ хасуулсан жолооч нарын 98 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн тоо баримт байгаа.
Тэд бүгдээрээ л шал согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод явж байгаагүй нь тодорхой. Ихэнх нь үнэртүүлчихсэн явж байгаад л эрхээ хасуулсан. За тэгээд үлдсэн хоёр хувь нь дүрэм зөрчсөн, цагдаатай маргасан л хүмүүс байгаа шүү дээ. Түүнийг нь хэргийн материал гэж үзээд, дээрээс нь үнэмлэхийг нь хавсаргадаг ямар учир юм. Ямар хүн хутгалаад хөнөөчихсөн онц ноцтой хэрэг байгаад, зэвсгийг нь хэргийн материалтай хавсаргах гэж байгаа биш дээ. Тэртээ тэргүй эрхээ хасуулсан жолоочийн тухай мэдээлэл цахимаар, цаасаар хангалттай хадгалагдаж байгаа. Замын цагдаа нар цахим төхөөрөмж аваад явж байгаа шүү дээ.
Түүнд нь эрхээ хасуулсан жолооч нарын мэдээллээс гадна тийм дугаартай машин ямар хүний нэр дээр бүртгэлтэй байгаа нь ч хадгалаастай байгаа. Ийм байхад жолооны үнэмлэхийг хадгалж байгаад, эрхээ сэргээлгэх үед нь өгчихөд болохгүй юм байхгүй. Гэтэл хэргийн материалтай хавсаргана ч гэх шиг. Энэ журам гарснаас хойш жолооны үнэмлэхийг хадгалахгүй зүгээр л устгалд оруулж байгаа гэсэн мэдээлэл бий. Ингэж байгаагийн шалтгаан нь танил талаараа дамжуулаад жолооны үнэмлэхээ авчихаад байгаатай холбоотой юм байх аа. Хэлчихээд зогсч байхад сайхан л шалтаг. Ингэж л уран арга хэрэглэж, ард түмний халааснаас мөнгө гаргаж байна. Өршөөлийн хууль гарсантай холбогдуулж эрхээ хасуулсан 81 мянган хүн жолоо барих эрхтэй болно. Гэхдээ тэд бараг л бүгдээрээ 12500 төгрөгөөр шинэ үнэмлэх захиалах болчихоод байгаа. Ингэснээр жолооны үнэмлэх хэвлэж байгаа компанид тэрбум төгрөг орно гэсэн үг. Ийм л журам хэрэгжиж байна. Одоо жаахан өөр жишээ татъя. УИХ-ын эрхэм гишүүн Г.Батхүүгийн санаачлан батлуулсан Замын хөдөлгөөний тухай хууль байна. Тэр чигээрээ ард түмний халаас руу давшилсан шинжтэй хууль.
Хүн бүр л жолооч нарт даруулга хэрэгтэй, одоо бид дүрэм журмаараа явах цаг болсон гэдэг. Тэр нь ч зөв. Гэхдээ манайд хууль, журам илүүдсэн үү гэхээс дутаагүй. Замын хөдөлгөөний дүрэм гэж байгаа. Бид түүнийгээ дагаж мөрдөхгүй л байсан болохоос биш муу хууль биш. Зарим хүмүүс торгууль нь бага байгаа учраас биелүүлэхгүй байна гэж үзсэн бололтой юм. Дээрээс нь өндөр хөгжилтэй орнуудад тэдэн төгрөгөөр торгодог гэж ирээд л жишнэ. Өнөөдөр бид ямар амьдралтай, цалинтай, орлоготой байгаа билээ.
Торгууль багадна гэж юу байх вэ дээ. Хэн ч тав, арван төгрөгөөр зүгээр л хүнд өгөөд байхыг хүсэхгүй. Хамгийн гол нь иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, зуршлыг өөрчлөх талаас нь юу ч хийхгүй байна. Торгуулийн хэмжээг нэмнэ гэдэг зүгээр л улсад оруулж байгаа мөнгөний тоог өсгөх, дундажийн халаасыг хоослох л арга шүү дээ. Тэгж л их шинэ хууль хэрэгтэй байсан бол ердөө л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүст ногдуулах торгууль, шийтгэлийг л нэмэхэд хангалттай байсан. Түүнээс биш гарцаар гараагүй бол торгоно энэ тэр гэдэг илүү хэрэг. Өнөөдөр хэн ажлаа амжуулах гээд яарч, сандарч гүйж байгаа билээ. Дундаж амьдралтай л иргэд. Баячууд нь гарцан дээр хүн мөргөөд л давхиад байгаа.
Дээдсүүд нь зам чөлөөлөөд том жийптэй давхилдаж байна. Гарцаар гараагүй гээд торговол халааснаасаа 10 мянган төгрөг гаргаад өгөх нь дундаж амьдралтай иргэд л байна. Түүнээс биш тэнүүлчид, архичид юугаа өгөх юм. Хоёр чих ч байхгүй байж магадгүй. Ингээд бодохоор Г.Батхүү гишүүн дундажийн халааснаас мөнгө сугалах тун нарийн арга хэрэглэсэн л байгаа юм. Уг нь тэгж ч торгоно, ингэж ч баривчилна гэхийн оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхдүүд ямар осол гаргасан жишээг үзүүлээд, ой тойнд ортол ухааруулах ажлыг л хиймээр байна. Өнөөдөр шинэ хууль гарлаа гээд мөрдөөд байгаа хүн хэд байгаа билээ. Ганц гайгүй нөлөөлж байгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хүний тоо буурч байна. Түүнээс биш жижиг сажиг дүрэм зөрчигсөд хэвээрээ л байгаа. Ухамсарыг нь өөрчлөөгүй, торгуулийн мөнгөө нэмсэн юм чинь аргагүй шүү дээ. Энэ хуулийн эцсийн зорилго нь торгуулийн мөнгийг нэмэх л байж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.