Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 24
“Ард” санхүүгийн нэгдэл группын гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа. Банк санхүүгийн салбарт хэдийнэ танигдсан тэрээр хөрөнгийн зах зээлд “Ард” санхүүгийн нэгдлийг толгойлон гурав дахь жилдээ ажиллаж байгаа аж.
-Ирэх сарын 1-нээс хадгаламжийн хүүнээс 10 хувийн татвар авч эхэлнэ. Та энэ хуулийг судалж үзсэн үү?
-Яг, үнэндээ энэ хуулийг судалж үзээгүй. Гэхдээ Монголын эдийн засгийн өнөөгийн байдалд зөв шийдвэр гаргах ёстой гэдэг үүднээс л авч буй арга хэмжээ. Монгол Улс 1990-ээд оны дундуур хадгаламжийн хүүнээс татвар авдаг байсан ч, 1997 оны үед Азийн эдийн засгийн хямралаас дотоодын мөнгөний урсгал банкнаас гадагшилсан учраас Засгийн газраас түр зогсоох арга хэмжээ авсан. Энэ хугацаанд арилжааны банкууд иргэдээс хадгаламжийг нь татсанаар өнөөгийн бат байр сууриа олж авсан. Харин өнөөдөр төсвийн орлого тасалдалтай, алдагдал нь ойрын хэдэн жилд байгаагүй өндөр төвшинд хүрсэн, бодлогын алдаатай шийдвэрүүдээс болж эдийн засгийн өсөлт удааширсан энэ үед орлого бүрдүүлэх үүднээс хадгаламжийн хүүнээс татвар авах нь Засгийн газрын байж болох л алхам шүү дээ. Анзаарсан бол үнэт цаасны зах зээлээс олсон ашгаас татвар авахгүй гэж байсан. Гол нь, эдийн засгийн хүндрэлээ даван туулахыг гол зорилгоо болгох бус цаана нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэсэн хүсэл ч агуулагджээ гэж харж байна. Монголын эдийн засаг нэг хөл дөөрөө догонцох бус хоёр хөл дээрээ бат зогсох ёстой.
-Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлаас харахад Засгийн газар 731 тэрбумд хүрсэн төсвийн алдагдлаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаас руу гараа дүрлээ. Энэ бол арчаагүй арга барсан үйлдэл гэж иргэд шүүмжлээд байгаа шүү дээ?
-Хувь хүн цалингаасаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлдөг шиг өөр бусад олж буй орлогоосоо шимтгэл, татвар төлөх нь зүй ёсны хэрэг. Авч байгаагүй юмыг авах гээд байгаа юм биш. Энэ бол аль ч улсад авдаг татвар.
-Манай банкны систем хадгаламжинд суурилсан. Иргэд мөнгөө татвал банкны систем доголдож эхлэхгүй юу?
-Санхүүгийн салбарт арилжааны банкнаас гадна олон тоглогч бий. Тэднийг зах зээлд оролцох боломжийг нь олгох ёстой. Эцсийн дүндээ хэрэглэгчдийг мөнгө өсгөх олон сонголттой болгох нь эдийн засгийг тэнцвэртэй болгох нэг хөшүүрэг. Хөгжлөөс хоцроод байгаа салбараа дэмжих үүднээс ийм алхам Засгийн газар хийсэн байх аа гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, хадгаламжийн хүүнээс татвар авах нь гээд хүмүүс мөнгөө татна гэдэгт би итгэхгүй байна. Нэгэнт өнөөгийн нөхцөл байдлаа дүгнэн банкууд үүсч болзошгүй эрсдэлээ тооцож, үйлчилгээндээ анхаарах цаг болсон. Олон жил банкууд тал талаасаа хайрлуулан,хамгаалуулж явлаа шүү дээ.
-Тийм шүү. Банкуудын хувьд хүнд сорилт бас шалгарал болж магадгүй гэж хараад байна?
-Эдийн засаг хүнд байгааг хүн бүхэн мэднэ. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өсч байгааг ч өнгөрсөн долоо хоногт хийсэн Үндэсий статистикийн хорооны мэдээлэл харуулж байна. Эдийн засаг хямарсанаас хүмүүсийн гар дээр мөнгө байхгүй, байшин барилга, машин ч зарагдахгүй байна. Тэр байшингаа зарах гэж байгаа хүн банкнаас зээлтэй байж таараа. Тэгэхээр банкууд эрсдэлээ тооцон шинэ зээл олгохдоо шалгуураа өндөрсгөх, зээл олгохоо болих, багасгах гэх мэт дор бүрнээ арга хэмжээ авч байгаа болов уу.
-Харилцагч бидний хувьд банкуудын авч буй арга хэмжээ мэдрэгдэж эхэлсэн. Монголын эдийн засагт хэтэрхий ахадсан гэх энэ олон банкны шалгарал одоо л эхэлж байж мэдэх юм?
-Тийм. Банкуудын хувьд тодорхой хэмжээнд сорилт болох нь гарцаагүй. Урт хугацаанд хамгийн сайн үйлчилгээтэй, хамгийн сайн удирдлагатай банкууд л үлдэнэ. Зах зээлийн нэг том шалгарал гэдэг нь гарцаагүй үнэн. Монголбанк арилжааны банкуудыг дүрмийн сангаа энэ онд 20 тэрбум, 2016 онд 35 тэрбум, 2017онд 50 тэрбум болгох том даалгавар өгсөн. Энэ нь том банкуудад асуудалгүй мэт болох ч, жижигүүдийн хувьд яахын аргагүй том сорилт. Тэд эрсдэлийн арга хэмжээнийхээ хүрээнд болохгүй байгаа удирдлагаа солих мөн ашигтай ажиллах, зээлийн чанартай багц гаргаж, уйгагүй ажиллаж байж гэмээнэ шалгарч үлдэнэ үү гэхээс хагас дутуу хөнгөн байдлаар асуудалд хандсан хүмүүс төлөөс төлөх цаг нь ирж гэж харж байна. Өмнө нь, бид олон банк дампуурч байсныг харсан, хариуцлагагүй хандвал ямар үр дүн гарч болохыг ч харлаа шүү дээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.