Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 09 сар 29
・ 1
Монгол Улс 2015 оны төсөвтөө тодотгол хийх гэж байна. Мөн парламент удахгүй 2016 оны төсвийг хэлэлцэж, батлах ёстой. Оны сүүлийн хоёр сар ийнхүү монголчуудын хувьд төсвөөр “амьсгалсан” сарууд болох нь. Парламент жил бүр төсвөө баталж, тодотгол хийж, том том тоо ярьдаг. Гэвч тэр тоонууд жил бүр нэг их наядаар зөрөх болсоор багагүй хугацааг үдлээ. Уг нь төсөв дээр бичигдэж буй тоо бүр бодлого байх ёстой. Түүнчлэн тэнд бичигдэж буй тоо болгон ард иргэдийн амьдралтай шууд болон шууд бусаар холбогддог. Чухамдаа төсөв хэрхэн оновчтой, зөв хуваарилагдаж, батлагдахаас улс орны амьдрал ахуй шалтгаална. Тэгвэл Монгол Улсын төсөв сүүлийн гурван жилд гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээлээ.
Төсвийг бүрдүүлэгч та
Улсын төсөв, орлого зарлага гэхээр хүн бүхэнд төдийлөн ойр санагдахгүй. Гэхдээ бодит байдалд улс орны төсөв гэдэг зүйл иргэн хүн бүрийн амьдрал, ахуйтай салшгүй холбоотой. Төсвийг 3 сая монголчууд хамтаараа бүрдүүлдэг юм.
Эдийн засгийн хэллэгээр бол “Улсын төсөв гэдэг нь нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарилж буй явдлыг хэлнэ” гэжээ. Та бид ажил хийж, амьдарч л байгаа бол алхам тутамдаа татвар төлнө. Харин төр та бидний татварын мөнгийг төвлөрүүлж, буцаагаад амьдралд хэрэгтэй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам барих зэрэг ажилд хуваарилна гэсэн үг. Төр чухамдаа бидний татварын мөнгийг зөв зүйтэй зүйлд, оновчтой зарцуулж чадсан уу гэвэл өөр асуудал болно. Жишээ нь Монголд өнөөг хүртэл төрөх эмнэлэг дутагдалтай, дөрөвдүгээр төрөх эмнэлэг ашиглалтад ороогүй хэвээр байна.
2015 оны төсөв
Монгол Улсын 2015 оны төсвийг өнгөрсөн нэгдүгээр сард тодотгосон. Үүгээр нэгдсэн төсвийн орлого 6 их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу ДНБ-ий 27.6 хувь, зардал 7 их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувьтай тэнцэж байлаа. Мөн алдагдал 1 их наяд 204 тэрбум 800 сая төгрөг буюу ДНБ-ий 5 хувьтай тэнцэхээр баталж байжээ. Сангийн яамнаас мэдээлж буйгаар энэ оны төсөв эхний найман сарын байдлаар 769.2 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Оны эцэс гэхэд 900 гаруй тэрбум төгрөгт хүрэх тооцоолол байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2015 оны төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй болсон.
Манай улсын төсвийн орлогын бүрдэлтийн ихэнх хувийг аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар бүрдүүлдэг. Мөн голлох нэрийн бүтээгдэхүүн буюу зэс, нүүрс, төмрийн хүдрийн экспортын орлого чухал байр суурьтай. 2015 оны төсөвт зэсийн үнийг 6970.7 ам.доллар, нүүрсний үнийг 70 ам.доллараар тооцсон. Гэвч өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр тонн зэс 5094 ам.доллар, нүүрс 48.65 ам.доллартай тэнцэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналтаас гадна төсвийн орлого дутах болсон хамгийн гол шалтгаан аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт буурсантай холбоотой. Үндэсний статистикийн хорооны албан мэдээллээр аж ахуйн нэгжүүдийн татварын орлого энэ оны эхний найман сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад 165.2 тэрбум төгрөг буюу 5.1 хувиар буурчээ.
Төсвийн тодотгол таньд хэрхэн нөлөөлөх вэ
Монгол Улсын төсөв сүүлийн гурван жилд дараалан нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна. Тэр болгонд УИХ-аас төсөвт тодотгол хийж, зардлыг бууруулж, орлого зарлагаа хуульд нийцүүлсээр ирсэн. Энэ дашрамд онцлоход, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэх учиргүй. Энэ нь ойролцоогоор 200 тэрбум төгрөг гэсэн үг. Жил бүр хамгийн ихдээ 200 тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээн зөвшөөрөх хуультай ч сүүлийн гурван жилд нэг их наядаар хэмжигдэх алдагдал бий болсон юм. Ингэснээр Монгол Улс төсөвтөө тодотгол хийж, 800 орчим тэрбум төгрөгийн зардлыг царцаах буюу дараа онд шилжүүлэх, зогсоосон.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.