Нийслэл дугуй түгжих үйлдлээ “Зөв” гэж гүрийсээр байх уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 09 сар 30

Нийслэлчүүд ирэх сараас  архи тамхи дэлгүүрээс худалдан авах хийгээд зочид буудал, ресторан, баар, амралтын газраар үйлчлүүлэх бүрдээ татвар төлнө. Тодруулж хэлбэл, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хүрээнд эдгээр заалтууд орсон бөгөөд жилдээ нэг хувиар тооцон, 10 тэрбумын татвар төвлөрүүлнэ гэх тооцоог гаргаад байгаа.

Мэдээж,  иргэд ТҮЦ-нээс тамхи авахад “Та татвараа төлнө үү?” гэж хэлэх нь зохимжгүй. Тиймээс Нийслэлээс уг хуулийг хэрэгжүүлэх журмыг өчигдөрхөн батлалсан. Журмаар  архи, тамхи зардаг нэгжүүд болон хийгээд зочид буудал, ресторан, баар, амралтын газрын үйлчилгээ эрхэлж буй нөхдүүд татвар  цуглуулагч, дундын зуучлуулагчийн үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, Нийслэлчүүд дээрх татварыг төлөхийн тулд  дахин үнийн нэмэгдэлтэд дахин өртөнө гэсэн үг.

Ийнхүү  Замын хөдөлгөөний шинэ  хуулиар асар мөнгө төвлөрүүлж, машинаа түр орхих чөлөөнд нь  дугуйг нь түгжиж эсвэл ачиж явах хэлбэрээр “мөнгө саадаг”  бодлого бүр ил цагаандаа гарав. Өнөө маргаашийн амьдралаа арайхийн аргацааж байгаа энгийн иргэдээс авсан татварын тэр их мөнгөн урсгал НИТХ-ын нэр бүхий албан тушаалтнуудын гадагш дотогшоо өндөр өртгөөр аялах зардал хийгээд ганц оройны нийтийг хамарсан шоуны зардалд явж буй нь харамсалтай. 
 

НИТХ-ын   45 тэргүүлэгчид сар бүр 13 сая төгрөгийн урамшуулал авдаг бөгөөд энэ нь улиралд 585 сая, жилдээ 2.3 тэрбум  болдог. Ийм өндөр хэмжээний орлоготой улс энгийн борог амьдралтай иргэдээс зөвхөн мөнгө саах ажлыг дэс дараалан баталсаар суугаа нь бас чиг гайхах юмгүй.

Нийслэл эцэстээ иргэдээс татвар, торгууль нэрээр мөнгө цуглуулах үүрэгтэй байгууллага мэт харагдаж байгааг ч нуултгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, дугуй түгжигчийн асуудал. НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу хэрэгжсэн дугуй түгжих үйл ажиллагаа  2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгийн орлогыг  төвлөрүүлсэн байдаг.

Дугуй түгжигч компаниудын мөнгө олох гэсэн илт увайгүй байдал, НИТХ-ын хурлын шийдвэр зэрэгт бухимдсан  иргэд ШӨХТГ-т олноор өргөдөг гомдол ирүүлснээр тус байгуулагаас  хяналт шалгалт явуулан, хууль зөрчсөн болохыг нь тогтоосон. Улмаар дугуй түгжигч компаниудад захиргааны хариуцлага хүлээлгэж, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  НИТХ-ын 2014.06.26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хууль зөрчсөн болох нь батлагдав. 

ШӨХТГ-ын зүгээс иргэд өөрт учирсан хохирлоо барагдуулахаар нэг нэгээрээ шүүхэд хандахад шаардагдах зардал мөнгө, үүсэж болох хүндрэлийг тооцоолон, дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдэд стратегийн өмгөөлөл үзүүлэх, нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах, хохирлыг барагдуулах ажлыг зохион байгуулах үүднээс Иргэдийг төлөөлөн Нийслэлтэй шүүхдэлцэхэд хүрсэн. Ингэж Нийслэлийн шүүх дээр бараг анх удаа Нийслэл ялагдал хүлээж, Иргэдийн эрх хамгаалагдах шийдвэр гарч буй жишээ энэ болов.

Гэтэл Нийслэлээс  дугуй  түгжүүлсний улмаас  иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлөх боломжгүй гэж гүрийж эхэлжээ. Шүүхийн шийдвэрээр  “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” илтэд  хууль бус нь тогтоогдчихоод байхад “Иргэдэд мөнгийг нь өгөхгүй” гэж мэдэгдэл гаргах нь өөрөө  хуулийн хүрээний асуудал уу? гэдэг нь анхаарал татна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх