Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 01

Т.ЖАНЦАН
Газрын тосны үнэ өнгөрсөн оны зургадугаар сараас хойш буурсан. Эдүгээ дэлхийн зах зээл дээр нэг баррель брент маркын газрын тос 48, “WTI” маркынх 45 ам.долларын үнэтэй байна. Энэ нь шатахуун болон тосолгооны бүтээгдэхүүний үнэ буурах нөхцөл бүрдүүлсэн. Монгол Улс газрын тос экспортолж байгаа ч хэрэгцээгээ импортоор 100 хувь хангадаг. Манай улс 2013 оны тавдугаар сараас эхлэн түүхий газрын тосны дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр шатахуун импортлох болсон билээ. Шатахууны импортын хилийн үнэ өнгөрсөн оны наймдугаар сард тонн тутамд 1011 ам.доллар байж. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард 517 ам.доллар болж буурсан. Иймд нэг литр шатахууны жижиглэнгийн үнэ дэлхийн зах зээлээ дагаад дор хаяж 200 төгрөгөөр хямдрах ёстой гэсэн тооцоо хийсэн яриа иргэдийн дунд бий.
Гэвч шатахууны жижиглэнгийн үнэ иргэдийн хүссэнээр буурсангүй. Нийслэлд байгаа шатахуун түгээгүүрийн газруудад нэг литр АИ-92 бензин 1660, А-80 1550, дизелийн түлш 1790 төгрөгийн үнэтэй байна. Уул уурхайн яам бол газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөц нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр импортлох, гадаадын нэг нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг.
Ингээд Уул уурхайн сайд Р.Жигжид шатахууны жижиглэнгийн үнэ хямдрахгүй байгаа шалтгааныг доорх байдлаар тайлбарлав. Тэрээр “Шатахууны үнийн савалгаа бараа, үйлчилгээний тарифт шууд нөлөөлдөг.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ унасан тул импортын шатахууны үнэ хямдарсан. Гэвч манай улсад жижиглэнгийн үнэ тогтвортой байгаа. Үнийн энэ зөрүүг улсын төсөвт авч байна. Шатахууны жижиглэнгийн үнэ нь хилийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг. Сүүлийн үед шатахууны хилийн үнэ буурсантай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээ авсан. Тухайлбал, Монголбанк, Засгийн газрын хамтарсан “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад 3.8 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн энэ хүүг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 16-18 хувь болголоо. Үүнээс гадна УИХ энэ оны улсын төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцон баталсан. Өөрөөр хэлбэл, алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортолж буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тогтоож өгсөн. Ингээд нэг тонн А-80 автобензинд 252, АИ-92 автобензинд 259, дизель түлшинд 265 мянган төгрөгийн татвар тус тус ногдуулж байна. Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татвар нэг хувь байсныг тав болгож нэмэгдүүлсэн” хэмээн тайлбарлав. Тэгвэл Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Газрын тосны үнэ савалгаа ихтэй байна. Оны эхнээс буурч байсан ч тавдугаар сард эргээд өсч нэг баррель нь 65 ам.доллар хүрсэн. Одоо эргээд огцом буураад байгаа. Манайханд дэлхийн зах зээл дээрх үнийн савалгааг ажиглаад шатахууны үнэ хямдрах ёстой гэсэн ойлголт бий. Гэтэл нэг литр шатахууны үнийг тогтоохдоо хилийн үнийн сар, улирлын дунджаар тооцох ёстой. Тэгэхээр дэлхийн зах зээлийн үнийн савалгааг дагаад өсгөж буулгахаас илүү тогтвортой байх нь чухал. Урд нь онцгой албан татварын зохицуулалтаар шатахууны жижиглэнгийн үнийг барьж ирсэн. Өнөөдөр бүх татварыг нь нэмсэн байгаа.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.