Т.Билэгтийн хүү амиа хорлож, саахалт айлынх нь эмээ сураггүй алга болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 05
 

-Хэрэг есдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө гарчээ-

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо буюу Яргайтын зусланд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Нийслэлийн Засаг дарга асан Т.Билэгтийн хүү Б.Мөнхдаш автомашиндаа амиа алдаж, саахалт айлынх нь эмээ алга болсон хэрэг гараад байгаа юм. Манай сурвалжлах групп өнгөрсөн долоо хоногт эл хэргийн талаар сурвалжлахаар хэрэг гарсан гэх газарт очлоо.

 

 

Талийгаач Б.Мөнхдашийнх Яргайтад уулынхаа бэлд хоёр давхар амины орон сууцтай юм байна. Тэдний хажууханд жижиг өвлийн байшин байх ба тэнд 70 орчим настай эмээ амьдардаг байсан гэнэ. Гэвч тэр эмээ өнөөдрийг хүртэл хаана байгаа нь тодорхойгүй, ор сураггүй алга болжээ. Үүнтэй холбоотойгоор цагдаа нар Яргайт, Зуун мод орчмоор 10 гаруй хоног самналт хийж байгаа ч түүний сургийг гаргаж чадаагүй байгаа аж.

 

-Амиа егүүтгэхээр хэд хэдэн удаагийн оролдлого хийжээ-

 

“Зуун модны зусланд нэгэн залуу автомашиндаа амьсгал хураасан байдалтай байна” гэх дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өглөө ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход 40 гаруй насны нэгэн залуу автомашиндаа угаартсан байдалтайгаар амиа алдсан байжээ. Ингэхдээ автомашиныхаа яндан руу шланк шургуулан нөгөө үзүүрийг нь кабин руугаа оруулсан байж. Мөн талийгаачийн хоолой болон гарт нь хурц, үзүүртэй зүйлээр хэрчсэн бололтой ул мөр байсан гэнэ. Ингээд цагдаа нар хэргийн газарт үзлэг хийн, талийгаачийн хэн болохыг тогтоожээ. Мөн түүний Яргайт дахь байшинд очиход шалан дээр нь цусан толбо байснаас гадна мяндсан утас өлгөөтэй байсан аж. Өөрөөр хэлбэл, амиа егүүтгэх гэж хэд хэдэн удаагийн оролдлого хийсэн байж болзошгүй ул мөр байсан нь хавтаст хэрэгт тэмдэглэгджээ.

 

Ингээд цогцост хийсэн задлан шинжилгээний эхний дүгнэлтээр талийгаач гадна нөлөөгүй, автомашиндаа угаартаж амиа алдсан болох нь тогтоогдсон байна.

Хамгийн хачирхалтай нь эл хэрэг гарсан өдөр талийгаачийн хажууд амьдардаг саахалт айлынх нь эмээ ор, сураггүй алга болоод байгаа явдал юм.

 

Манай сурвалжлах группийг энэ сарын 1, 2-нд Яргайт, Зуун модны зусланд очиход хүч нэмэгдүүлсэн цагдаагийн бие бүрэлдэхүүн тэр орчмын байшин болон уул, хадаар самналт хийж байв. Зуун модны зусланд өвөлждөг нэгэн залуугаас хэргийн талаар тодруулахад “Сүүлийн үед цагдаа нар энүүгээр их эргэлдэж байгаа. Бараг 100 цагдаа айл бүрээр орж, самналт хийж байна. Яг юу болсныг нь мэдэхгүй юм. Нэг хөгшнийг л хайгаад байгаа сураг дуулдсан. Яргайтад л нэг хэрэг гарсан юм шиг байна лээ” гэв. Ер нь замд тааралдсан хүн бүр л “Цагдаа нар самналт хийж байгаа. Нэг юм л хайгаад байх шиг байна” хэмээцгээж байв.

 

Сураггүй алга болоод буй хөгшин талийгаачийнхтай хөрш зэргэлдээ амьдардаг байсан талаар дээр дурдсан. Талийгаач Б.Мөнхдашийнх Баянзүрх дүүрэгт амьдардаг бөгөөд амралтынхаа өдөр Яргайт дахь байшиндаа ирдэг байжээ. Ингээд хот явахдаа байшингаа саахалт айлынхаа эмээд захиж үлдээдэг байсан гэнэ. Ингээд хотоос ирэхдээ эмээд цайны сүү болон амттан барьж ирдэг байсан талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Өдгөө сураггүй алга болоод буй эмээгийн үр, хүүхдүүд нь цагдаагийнхантай хамт ээжийгээ хайж байгаа юм байна. Харамсалтай нь эмээг амьд байгаа гэх найдлага тун бага үлджээ. Талийгаачийн амиа хорлосон гэх газар нь Яргайт дахь байшингаас нь 1 км орчим зайтай гэнэ.

үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх