“Нүүрс” хөтөлбөр улс төрчдийн шоглоом болж, иргэд үнэтэй нүүрс худалдаж авсаар...

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 06

Дуулиант хөтөлбөр хэрэгжих цаг үеийн шаардлага

Нийслэлийн гэр хорооллын иргэд жилд 800 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Жижиг хэрэглэгчдийн дийлэнх нь Налайх болон Багануурын нүүрсний уурхайгаас, цөөн хувь нь Алагтолгойн нүүрсээр хэрэгцээгээ хангадаг байлаа. Гэвч Налайхын уурхайг тойрсон 174 аманд 1500 орчим хүн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд гар аргаар олборлолт хийж байсны улмаас жил бүр 10 гаруй хүний амь нас эрстэж ирсэн тул 2012 онд Засгийн газрын шийдвэрээр уурхайн үйл ажиллагааг зогсоосон юм. Ийнхүү Налайхын уурхай хаагдсанаар Багануурын уурхайн ачаалал нэмэгдсэн байна. Тус уурхай жилд дунджаар 3.5 сая тн нүүрс олборлодог ч 60-80 мянган тонныг л Улаанбаатарын иргэдэд галт тэргээр зөөвөрлөн хүргэдэг байжээ. Энэ нь нийслэлчүүдийн хэрэгцээг хангахад хүрэлцдэггүй тул иргэд өөрсдөө уурхайн аманд очиж, дугаарлан, аль аль талдаа хүндрэл үүсгэж байгаа талаар уурхайн удирдлагууд тухайн үеийн засгийн тэргүүнд хэлсэн байдаг.

Жилээс жилд шуудайных нь хэмжээ багасах хэрнээ үнэ нь өсөх нүүрсний өртгийг хямдруулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх үүднээс “Шинэчлэлийн” хэмээх тодотголтой Монгол Улсын Засгийн газар “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хөтөлбөрийн талаар Засгийн газрын ямар нэгэн  тогтоол, шийдвэр гараагүй хэмээн мэдэмхийрэх хүмүүс бий. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпилийн 2012 оны есдүгээр сарын 26-ны өдөр гаргасан Ажлын хэсэг томилох тухай 13 тоот тушаал цагаан дээр хараар бичигдсэн байдаг. Ажлын хэсэг юуны өмнө тухайн үеийн зах зээлийн ханшийг судалж, ямар дамжлагаар, хэрхэн хүргэвэл эцсийн хэрэглэгчдийн гарт хамгийн ойр бас хямд байх вэ гэдгийг тооцоолон, сарын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулсан байна. Үүний дараа “Шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Багануурын уурхайд ажилласан байдаг. Энэ үеэр Ерөнхий сайд болон уурхайн удирдлагуудын хооронд өрнөсөн яриаг сийрүүлэн хүргэсү.

Н.Алтанхуяг: 100-хан километрийн цаана том уурхайтай, ийм их баялагтай байж, нүүрсэн дээрээ зодолдоод, нүүрсний үнэ нь өсөөд байж болохгүй. Танай энд иргэдэд зориулсан нүүрс 27500 төгрөг байхад Улаанбаатарт хэдэн төгрөгт хүрснийг та нар судалж үзсэн үү?

“Багануур” ХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Базарсүрэн: Үзсэн. Хоёр хоногийн өмнөх байдлаар манай нэг тн нүүрс 210 мянган төгрөг болчихсон байналээ.

Н.Алтанхуяг: Эндээс шигших зардлаа нэмэхээр хэдээр гарч байна?

Б.Базар: Эндээс 27500 төгрөгөөр гарч байгаа нүүрсэн дээр шигших зардлаа нэмбэл 30000 төгрөг болно.

Н.Алтанхуяг: Шигших зардлаа оруулаад эндээс 30000 төгрөгөөр гарч байгаа нүүрс Улаанбаатарт Доржийнх гэдэг айлд орохдоо 200.000 төгрөг болчихоод байна. Бараг 7 дахин өсч байна. Маш их хэмжээний зардал үүсч байна шүү дээ. Замд нь өчнөөн дамжлага бий. Шинэчлэлийн Засгийн газрын бодлого бол үүнийг ядаж хоёр дахин багасгамаар байна.

Энэ уулзалтаас хойш тун удалгүй “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр 11-р сараас эхэлсэн тул тэр өвөлдөө 100 мянган тонн, дараагийн жилд 180 мянган тонн гээд нийт 280.000 тонн нүүрсийг Улаанбаатарын гэр хорооллын оршин суугчдад нийлүүлжээ.

Иргэд 47,6 тэрбум төгрөг хэмнэсэн

Хэрэглэгчдийн хэтэвчний хэмжээ янз бүр. Зарим нь өвлийнхөө түлшийг нэг мөр машинаар авчихдаг бол зарим нь өдөр бүр шуудай, тороор зөөнө. Мэдээж, энэ нь зардлыг өсгөдөг. Тэр үед портер нүүрс 150-200 мянган төгрөг байсныг иргэд болон холбогдох албаны эх сурвалжууд баталдаг. Нэг тонн ачих хүчин чадалтай ч манайхан даац хэтрүүлэн 1.2 тн орчим нүүрс ачдаг гэж портерын жолооч нар хэлдэг. Энэ нь 6 кг-аар савласан 200 уут нүүрс болно. Үүнийг жижиглэнгийн үнэ болох 1500 төгрөгөөр тооцоход 300 мянган төгрөг болж байна. Тэгвэл “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр иргэд 40 кг-аар савласан том шуудайтай нүүрсийг гэрийнхээ гаднаас ердөө 3200 төгрөгөөр худалдаж авах боломжтой болсон юм. Үүнийг портер /1,2 тн/-т шилжүүлвэл, 40 кг-аар савласан 30 шуудай болох бөгөөд тус бүрийг нь 3200 төгрөгөөр борлуулахад 96 мянган төгрөг болно. 

 

үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх