Д.Баянжаргал: Тонн нүүрс 200,000 төгрөгт хүрч байгаагүй гэдгийг олон гэрч нотолдог

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 07 ・ 4

Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн албан тушаалтнуудтай холбоотой эрүүгийн хэрэг олны анхаарлын төвд байнга байдаг. Манайд энэ төрлийн гэмт хэрэг хэр их гардаг вэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй манай Эрүүгийн хуульд албан тушаалтнуудтай холбоотой 12 төрлийн гэмт хэргийг тодорхойлон заасан байдаг. Тухайлбал, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, хээл хахууль авах, өгөх, зуучлах, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх, албан үүрэгтээ хайнга хандах гэх зэргийг зүйлчлэн заасан байгаа.

Жилд дунджаар 190 гаруй хэрэг бүртгэж, шалгадаг. Энэ нь улсын хэмжээнд гарч буй нийт хэргийн 0.5 хувийг эзэлдэг. Хэдийгээр албан тушаалын гэмт хэрэг тооны хувьд цөөн ч аль ч улс орны төр, засаг, иргэдийн анхаарлыг татдаг, нийгмийн хор аюул ихтэй, онцлогтой хэрэг л дээ.

-Аюул ихтэй, онцлогтой гэдгийг нь тодруулж тайлбарлахгүй юу?

-Авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хүнийг алах, хулгай, дээрмийн гэмт хэрэг шиг олон нийтэд айдас, түгшүүр төрүүлдэггүй. Харин ч нам жим байдлаар, нууц, далд аргаар, эсвэл ямар нэг эерэг үйлдлийн хавхавч дор нийгэмд бий болж, хүрээгээ тэлэн нийгмийн бүхий л салбарыг хамарч, хор хөнөөлөө түгээдэг аюултай үзэгдэл.

Энэ төрлийн зарим хэрэгт тодорхой хохирогч гэж байдаггүй, түүний дам хохирогч нь тухайн нийгэмд амьдарч байгаа хүмүүс бид бүгдээрээ болдог. Өөрөөр хэлбэл, бид хулгайн гэмт хэргийн улмаас эд хөрөнгөөрөө шууд хохирол амссанаа сайн мэддэг. Харин авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогч болсноо, болж буйгаа төдий л мэдэрдэггүй, ойлгодоггүй шүү дээ.

Авлига, албан тушаалын хэрэг нь нийгэмд ийм байдлаар чимээгүй тахал адил газар авч хүрээгээ тэлэх нь тухайн улс орныхоо үндэсний аюулгүй байдлын баталгааг ганхуулах аюултай.

-Ийм их хор аюултай хэргийг шалгаж, шийдвэрлэхэд хүндрэл бэрхшээл их байдаг биз. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний ойр дотнынхон, тойрон хүрээлэгчид нь холбогдвол бүр ч хэцүү байдаг уу?

-Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд хийж байгаа. Гэвч одоогийн Эрүүгийн хуульд нэр томъёоны хувьд ойлгомжгүй, тодорхой зохицуулалт шаардсан, шийдвэрлэвэл зохих асуудлууд бий.

Энэ нь тодорхой хэрэг, маргааныг шалгаж шийдвэрлэхэд хүндрэл учруулдаг. Жишээ нь, Эрүүгийн хуульд заасан хээл хахууль авах, өгөх гэмт хэрэгт хээл хахуулийн хэмжээг тодорхой зааж өгөөгүй. Үүнээс үзэхэд 10, 20 төгрөг авсан ч хээл хахууль авсан хэрэг болохоор ч юм шиг.

Мөн Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах” гэсэн заалтад “Албан тушаалтан …хээл хахууль авсан бол”, мөн 269 дүгээр зүйлд “Хээл хахууль өгөх” гэсэн заалтад “Албан тушаалтанд …хээл хахууль өгсөн бол” гэж заасан байдаг ба уг “Албан тушаалтан” гэдэгт зөвхөн төрийн албан тушаалтныг ойлгох уу, эсвэл төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтныг мөн хамааруулах уу гэдэг нь тодорхой бус.

Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан” гэж заасан. Гэтэл амьдрал дээр албан тушаалтан гүйцэтгэх ёстой үүргээ хийж гүйцэтгэснийхээ төлөө бусдаас хээл хахууль авах тохиолдол нэлээд гардаг.

Үүнийг манай хуулиар гэмт хэрэгт тооцохгүй орхиж байна. Уг нь бол албан тушаалтан хийж гүйцэтгэх ёстой албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас шан харамж авч байгаа үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас …тодорхой хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг байна.

Энэ зүйлийн “өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж чухам хэн байх вэ гэдэг нь тодорхой бус, хуулийн практикт гол төлөв тухайн байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав зэрэг хүмүүсийг л холбогдуулан шалгаад байдаг. Гэтэл өмчийг шууд итгэмжлэгдэн хариуцаагүй боловч албан тушаалын байдлаа урвуулж, улмаар эд хөрөнгө завшсан буюу манайхны хэлдгээр идэж уусан хүн нь яг энэ үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээхгүй өнгөрөх явдал ч бий.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлагад татаж шалгадаг.

Гэвч санаачилгыг гартаа авч шийдвэр гаргаад байгаа гол хүн болох дээд шатны албан тушаалтнууд нь Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр төрлийн гэмт хэрэг буюу дээр дурдсан 263.2-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байхад түүний удирдлага, заавар дор ажиллаж байсан албан тушаалтнууд тухайлбал, нягтлан бодогч, нярав зэрэг хүмүүс нь түүнээс хүнд гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 150.3-т заасан гэмт хэрэгт ял шийтгүүлээд байдаг.

Ялын ийм зөрүүтэй байдал байгаа гэх зэргээр яриад байвал эрх зүйн зохицуулалт дутмаг асуудлууд бий.

-Шинэ Эрүүгийн хуульд энэ мэт ойлгомжгүй заалтыг засаж залруулсан болов уу?

-Миний дээр хэлсэн эрх зүйн зохицуулалтын хүндрэлтэй асуудлуудын ихэнх нь УИХ-д өргөн бариад буй Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр тодорхой хэмжээнд шийдвэрлэгдсэн. Үүнээс гадна практикийн хүндрэлтэй асуудлууд ч байгаа.

Тухайлбал, албан тушаалтанд холбогдох гэмт хэрэгт хууль бус аргаар олсон эд хөрөнгө байгаа, эсэхийг тогтооход хүндрэлтэй. Ихэвчлэн өөрийн ойр дотно хүмүүс, садан төрөл, найз нөхдийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг.

Тиймээс уг нуугдмал хөрөнгийг илрүүлж шалгах шаардлага гардаг. Энэ төрлийн гэмт хэрэгт гэрчээр оролцож болох хүмүүс нь тухайн албан тушаалтантай ажил, албан тушаалын хувьд болон бусад байдлаар холбоо харилцаатай хүмүүс байдаг учраас хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлдэггүй, нөгөө талаасаа тухайн гэрчид нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх хандлага ч байдаг.

Албан тушаалтнуудтай холбоотой гэмт хэрэг нь заавал материаллаг хохирол шаарддаг юм. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн шинжилгээ хийлгэх шаардлага гардаг. Үүнд зардал их шаардагддаг, хэдийгээр байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцахаар хуульд заасан ч уг зардлыг төсөвт хүрэлцэхүйц хэмжээгээр тусгадаггүйгээс шинжилгээ хийлгэх ажиллагаанд хүндрэл учирна.

Сүүлийн үед албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах явцад хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээ, мэдээлэл зориуд тарааж, иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлэх, нийгмийн сэтгэл зүйг өөр зүг рүү чиглүүлэх, ийм арга хэрэгслээр хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, хараат бус байдалд нь халдах зэргээр ажилд хүндрэл учруулж байгаа тал ажиглагдаж байна.

-Сэтгүүлч хүний нүдээр харахад хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэж хэлж болохуйц үйлдлүүд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэргийг шалгаж, шүүхээр шийдвэрлэхэд хүртэл ажиглагдлаа. Уг хэргийн талаар асуулгүй өнгөрч боломгүй санагдана. Энэ хүмүүс ер нь гэмт хэрэг хийсэн юм уу, эсвэл өөрсдийнх нь хэлээд байгаагаар үнэхээр хэлмэгдүүлчихэв үү?

-Прокурорын байгууллагын хувьд мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоолгож, яллуулахаар шүүхэд шилжүүлдэг.

Л.Гансүх нарын хэргийн тухайд бусад хэргүүдийн нэгэн адил ийм л журмаар шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Нийгэмд шуугиан тариад байгаагийн гол шалтгаан нь нөгөө л албан тушаалтан холбогдсон учраас шүү дээ. Энэ хэргийг ярихын өмнө эхлээд “Нүүрс” гэх ажиллагаа хэрхэн эхэлснийг товч ярья.

Анх 2012 оны есдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар “Иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх шаардлагатай” гэсэн асуудал хөндөгдсөн байдаг юм. Ингээд тухайн үеийн Эрчим хүчний сайдын тушаалаар Багануурын уурхайн нүүрсийг бөөнөөр болон жижиглэнгээр худалдах боломжийг судлах ажлын хэсэг байгуулсан байдаг.

Уг ажлын хэсэг нь судалж, туршилт явуулаад “Багануурын уурхайгаас Улаанбаатар өртөөн дээр 3-4 удаа нүүрс ачиж, буулгах үед нүүрсний бүхэллэг чанар алдагдаж, шуудайтай нүүрсний 30-50 хувь нь бутран нунтаг болж, үүнээс үүдэн нүүрсний жингийн зөрүүний алдагдал учирна. Мөн ачих үед хөдөлмөр хамгааллын ажиллагаа зөрчигдөн аваар осол гарах магадлал өндөр байгаа нь тогтоогдсон” гэсэн дүгнэлт хийж, энэ талаар эрх бүхий хүмүүст, тухайлбал Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхэд танилцуулсан юм билээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 08/

    Unen shu de manaih 5 toini nuursiig hangai zahaas 380 aas 400.000 avdag bsan hezeech 1.sayaar avch bgagui 1 tonni nuurs 80.000 l bsan shuu de nuurs zardag chenjuud medej l bga bh Gansuh ard tumnee huurch idej bsan shu de tolgoig ni erguutuuleed

    Хариулах
  • MGL / 2015 10 сар 07/

    Энэ нөхдүүд үнэхээр хусчээ. Тодорхой боллоо шүү манай хуулийхан баримттай ярьж байна, ингэж л ард олонд зөв ойлгуулах хэрэгтэй.Тэгэхгүйбол Гансүх нар тоймгүй хэлмэгдэж байгаа юм шиг хүмүүсийн толгойг эргүүлээд байна.Энэ нөхдүүдийг өмөөрөөд байгаа хүмүүс чинь өөрснөө өмнө нь хулгайн хэргээр ял авсан

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 07/

    тэр үед 350000 хүр ч байсан даа

    Хариулах
  • зооз / 2015 10 сар 07/

    хуцоо чи өөрөө нүүрс түлж байсийм уу?

    Хариулах