Эдийн засаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 07
・ 2
Монгол Улсын төсвийн орлого сүүлийн гурван жилд их наяд төгрөгөөр сох дутаад байна. Өмнөх Сангийн сайд Ч.Улааны батлуулсан 2015 оны төсөв л гэхэд оны эцсээр 900 тэрбум төгрөгөөр тасрах тооцоо буй билээ. Энэ удаад 2016 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж эхлэх гэж байна. Мөн Засгийн газраас сүүлийн гурван жилийн алдаанаасаа сургамж аваад, хөрсөн дээрээ буусан, “эрүүл” төсөв өргөн барих уу гэх хүлээлт байсан. Гэвч өргөн баригдсан төсвийн төслийг харвал лав хөрсөн дээрээ бууж чадсан, хөөсрөөгүй гэж дүгнэхэд хэцүү байна.
Өргөн баригдсан төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 6.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 25.3 хувь, зарлагыг 7.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 28.6 хувьтай тэнцэхээр тусгажээ. Алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувьтай тэнцэж байна. Эдийн засгийн хүндрэл, хямралын үед төсвөө эрүүл батлах хамгийн энгийн зөвлөмжийг эдийн засагчид өгдөг. Тодруулбал, төсвөө алдагдалгүй батлах. Дээрээс нь өмнөх оны төвшинөөс орлого, зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр тооцох гэдэг.
Тэгвэл 2016 оны төсвийн орлогын төлөвлөгөө 2015 оныхоос 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна. Харин зарлагын хэмжээ 2015 оны төвшинөөс нэмэгдсэнгүй. Гэхдээ Сангийн яамнаас мэдээлж буйгаар 2015 оны эцэст төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр тасалдана. Үүнийг дагаад зарлагаа ч бууруулах шаардлага гарсныг Сангийн яамныхан мэдээлж байгаа.
Энэ тохиолдолд 2016 оны төсвийг автоматаар 1.2 их наяд төгрөгөөр “хөөсөрсөн” гэж тодотгож болохоор байгаа юм. Тодруулбал, 2015 оны төсвийн орлого 900 тэрбумаар дутаад, 5.7 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцъё. Тэгвэл 2016 оны төсвөө 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлтэйгээ уялдуулах л асуудал юм. Орлого энэ оны төвшинд буюу 5.7 их наяд төгрөгөөр хэмжигдэнэ гэж төсөөлж болно шүү дээ. Хэрэв төсөөлснөөс их орлого ороод ирвэл түүнийг зарцуулахад амархан. Харин орлого дутчихаар зарлагаа хасах шаардлагатай болж, энэ нь эргээд эдийн засагт хүндрэл учруулдаг “гэмтэй”.
Нөгөөтэйгүүр зөвхөн 2015 оны төсвийн гүйцэтгэлээс үл хамааран төсвийн орлогын төлөвлөгөөнд эргэлзээтэй гэмээр зүйлүүд ч байна. Тухайлбал, Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт эхэлнэ, Тавантолгой төсөл эдийн засгийн эргэлтэнд орно гэж төсөөлжээ. Өмнө нь УИХ төсвийг батлахдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гэж үзээд, 400 гаруй тэрбум төгрөг төсөвтөө тусгаж алдаж байсан удаатай.
Засгийн газраас Оюутолгой төслийн түгжээг мулталсан нь үнэн. Гэхдээ энэ нь 2016 ондоо багтаад далд уурхайн бүтээн байгуулалт эхлээд, бөөн мөнгө ороод ирчихнэ гэсэн баталгаа биш. Бизнесийн байгууллага зах зээлийн нөхцөл байдал, урт хугацааны төлөвлөгөөнийхөө дагуу ажлаа хийнэ. 2016 онд хэрвээ шаардлагагүй бол далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхгүй байх ч боломжтой гэсэн үг.
Харин Тавантолгойн хувьд одоо гацаанд орчихсон хэвээр байгаа төсөл. Энэ намрын чуулганд багтаагаад, хөрөнгө оруулалтын гэрээг нь байгуулна гэдэг хэцүү. Улмаар 2016 он буюу сонгуулийн жилд Тавантолгой дээр эрх баригчид эрсдэлтэй гэрээ хийхгүй л болов уу. Үнэхээр улс төрийн эр зориг гаргаад, Тавантолгойг хөдөлгөлөө гэхэд тэрний үр ашиг лав 2016 ондоо орж ирэхгүй. Тэр хэрээр орлого тасалдах эрсдэл байгаа юм.
Ирэх оны төсөвт тонн нүүрсний үнийг ангиллаас нь хамаарч 32.8-54.8 ам.доллар байхаар тусгажээ. Харин нэг тонн зэсийн үнийг 5268.7 ам.доллар байхаар тусгасан байна. Ирэх онд Монгол Улс нийт 19.5 сая тонн нүүрс, 1.3 тэрбум тонн зэсийн баяжмал экспортолно гэж тооцоолжээ. Уул уурхайн салбараас төсөвт орж ирэх нийт орлогын хэмжээ 900 орчим тэрбум төгрөг. Үүний 90 орчим хувийг алт, зэс, нүүрсний салбар дангаар төвлөрүүлэх тооцоолол байна.
Тэгвэл алт, зэс, нүүрсний орлогын бараг 50 хувийг Оюутолгой, Тавантолгой бүрдүүлж таарна. Нүүрсэн дээр л гэхэд нийт экспортлох нүүрсний 9.5 сая тонныг Тавантолгойн орд гарган гэж төсөөлжээ. Тавантолгой, Оюутолгойтой холбоотой эрсдлийг дээр дурьдсан.
Ирэх оны төсөв дээр бас нэгэн өөдрөг төсөөлөл байгаа нь импортын татварын орлого болж байна. Импортын барааны татварын орлогоор төсөвт нийт 1 тэрбум 869.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөөлж. Гаалийн албан татвараас 404.2 тэрбум төгрөг, импортын НӨАТ-аас 894.2 тэрбум төгрөг орж ирнэ гэжээ. Энэ онд төсвийн орлогын тасалдлын 40 гаруй хувийг дээрх хоёр төрлийн татварын орлогын тасалдал бүрдүүлсэн гэдгийг сануулъя.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.