Улсын төсөв ба найдлага тасардаггүй уул уурхай

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 08

Т.ЖАНЦАН

Эдийн засгийн уналт бүхий л салбарт хүндээр тусч бизнесийн идэвхжил, иргэд болон улсын түрийвчинд орж мөнгөний урсгалыг нь тасалдуулж байна. Судлаачдын хэлж буйгаар ирэх онд ч хүндхэн байх төлөвтэй. Энэ оны эхэнд манай эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай байв. Гэтэл эхний хагас жилд гурван хувьтай гарлаа. Оны төгсгөлд 3.1 хувьтай гарах хүлээлт бий.



Тэгвэл Сангийн яам ирэх онд эдийн засгийн өсөлт 4.1 хувьтай байх төсөөлөл хийж буй. Үүнээс гадна Дэлхийн банк 3.3 хувьтай байх тооцоо хийсэн. Одоо ирэх жилийн эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох төсөв, мөнгөний бодлогыг УИХ-д Сангийн яам, Монголбанкнаас өргөн бариад байгаа. Улсын төсвийн орлогын 20 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж ирсэн. Эдийн засгийн өндөр өсөлт үзүүлсэн 2011 онд 29 хувьд хүрсэн удаатай. Тэгвэл ирэх онд тус салбараас улсын төсвийн төсөлд  900 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийв. Нийт орлогын 90 хувийг зэс, алт, нүүрснээс  авахаар төлөвлөжээ. Жишээ нь,  Оюутолгойн экспортолж буй зэсийн баяжмалд  агуулагдах алтыг 10 тонн гэж  тооцов. Мөн “Алт хөтөлбөр” хэрэгжүүлж Монголбанк 13.5 тонн алт худалдан авах төлөвлөгөө бий. Харин нүүрсний экспортыг 19 сая тонн байх төсөөлөл хийжээ. Үүний 9.5 сая тонн угааж баяжуулсан нүүрс байх нь. Манай улсын экспортын 89 хувийг ашигт малтмал эзэлж буй. Тэр дундаа зэсийн баяжмал, газрын тос, алт, төмрийн хүдэр, нүүрс гэсэн хэдхэн ашигт малтмал зонхилдог. Тухайлбал, зэсийн баяжмал нийт экспортын 44.6, газрын тос 11, нүүрс 14.7, алт долоо, төмрийн хүдэр 7.7 хувийг тус тус бүрдүүлж байна.
Өнгөрсөн онд 5.8 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Үүнд зэсийн баяжмал, газрын тосны экспорт голлон нөлөөлсөн. Тэгвэл энэ оны эхний найман сард 3.2 тэрбум ам.долларын экспорт хийсэн статистик бий. Ингээд ирэх онд экспортын гол түүхий эдийн зах зээл, үнэ нь ямар байх, улсын төсвийн төсөлд хэрхэн тусгасан талаар сийрүүлье. 

Төсвийн орлогыг зэс бүрдүүлнэ 
 
Ирэх жил экспортын гол орлогыг зэсийн баяжмал бүрдүүлэх нь. Тухайлбал,  Оюутолгой 774, Эрдэнэт 587 мянган тонн зэсийн баяжмал, гурван тонн молибден экспортлоно хэмээн улсын төсвийн төсөлд тусгажээ.  Тэгэхдээ зэсийн үнийн төсөөлөл хийдэг банк, санхүүгийн байгууллага, судлаачдын мэдээлэлд тулгуурлан үзвэл нэг  тонн нь 5956 ам.доллар байх боломж бий. Гэвч өнөөдөр нэг тонн цэвэр зэс Лондонгийн металлын бирж дээр 5100 ам.долларт хэлбэлзэж буй. Иймд улсын төсөвт эх үүсвэргүй хий орлого тусгагдах эрсдэл бий гэж Сангийн яамаас үзэж буй юм.  Ингээд зэсийн үнийн сүүлийн хорин жилийн дунджаар нэг тонн зэсийн үнийг 5137 ам.доллар гэж тооцох болжээ.  Энэ оны улсын төсөвт нэг тонн цэвэр зэсийн үнийг 6354 ам.доллар хэмээн тооцсон. Гэтэл дундаж үнэ нь 5768 ам.доллар гарлаа. Ингээд нэг тонн цэвэр зэсийн үнэ төлөвлөснөөс 586 ам.доллараар буурсан юм.  Хятадын эдийн засгийн өсөлт саарч үйлдвэрлэл буурсан нь ашигт малтмалын үнэ унахад хүргэсэн. Тус улсын эрх баригчид арванхоёрдугаар таван жилийн төлөвлөгөөндөө улсынхаа цахилгааны шугам сүлжээг өргөжүүлэхээр тусгажээ. Лондонгийн металлын бирж дэх зэсийн дундаж үнэ энэ оны эхний найман сард 5782 ам.доллар болсон. Энэ нь  уг ашигт малтмалын үнэ сүүлийн зургаан жилд  хамгийн доод түвшинд хүрсэн явдал байлаа.  Цаашид юанийн ханшийн сулралттай холбоотойгоор Хятадын экспорт нэмэгдэж зэсийн хэрэглээний 70 орчим хувийг бүрдүүлдэг барилга, цахилгаан эрчим хүч,  дэд бүтцийн салбаруудын үйлдвэрлэл нэмэгдэх боломжтой аж. Гэвч үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт удаашрах хүлээлттэй байгаагаас Хятадын зэсийн хэрэглээний өсөлт ирэх онд 2.5 хувь байх төсөөлөл бий.Иймд ирэх оноос зэсийн  эрэлт нийлүүлэлтээ давна хэмээн судлаачид хэлж буй. Гэхдээ өмнөх жилүүд шиг үнийн хэт өндөр өсөлт гарахгүй нь. Тухайлбал, нэг тонн цэвэр зэс 4826-6614 ам.долларын хооронд хэлбэлзэх дүр зураг бий аж.  ОУВС-ын шинжээчид 5138 ам.доллар байх төсөөлөл хийжээ. 

Алтны эрэлт 9.3 хувиар буурчээ

Дэлхийн зах зээл дээр нэг унци алтны дундаж үнэ 1184 ам.доллар байгаа. Эдийн засагчид ирэх онд энэ үнэ бага зэрэг буурах төсөөлөл хийсэн. Тэгвэл төсвийн төсөлд 1156 ам.доллар хэмээн тусгажээ. 
Алтны үнэ бас л дэн дунтай. Үүний шалтгаан нь хөрөнгө оруулалтын сангуудын алт худалдан авалт өнгөрсөн онд 9.3 хувиар буурсанд оршино. Жишээ нь, дэлхийн алтны гол хэрэглэгч Хятад, Энэтхэгийн эрэлт бага байна.  
Цаашид Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах, ам.долларын ханш чангарсан хэвээр байвал алтны эрэлт  буурна хэмээн судлаачид үзэж байна. Ингээд ирэх онд  унци алтны үнэ 1158 ам.доллар байх төсөөлөл гарав.  

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх