Хөдөө хээр замын хажууд шээх нь зөв гэж эрхэм гишүүд үзжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 12 ・ 3

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр Эрүүл ахуйн хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр гэр хорооллын бие засах газрын стандарт ямар байх, хогийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, халдварт өвчин, сүрьеэгийн болон сэтгэцийн эмнэлгийг хотын төвд байгуулахыг хуульчлан хориглох тухай асуудал яригдсан юм. Мөн хөдөө, орон нутаг руу явах төв зам дагуу 30 км тутамд боловсон бие засах газар байгуулах тухай яригдлаа. Гэвч УИХ-ын гишүүд хөхрөлдөн инээлдэж “Хэт амьдралд нийцэхгүй заалт байна” гэж шоолсноор чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тэдний ярьж буйгаар хөдөө хээр боловсон 00-д бие засна гэдэг амьдрал дээр хэзээ ч бүтэхгүй зүйл гэнэ. Түүнийгээ инээдэм болгон “Тэгээд хөдөө явж байхад шээс хүрвэл тас гүрийсээр жорлон хайх хэрэг үү. Хэн ч гэсэн машинаасаа бууж замын хажууд бие засна биз дээ” гэж байна лээ. Тэд шоолж инээлдэж байсан хэдий ч үнэндээ бол амьдралд хэрэгтэй хууль байлаа. Гадаад улс орны орон нутгийн шинжтэй зам дагуу хэдхэн км явахад бие засах газар, гуанз, дэлгүүр гээд бүх зүйл байдаг. Бүр усанд орох душ байх нь ч бий. Аян замд яваа хүмүүс боловсон 00-д бие засаад, усанд орж гарч ирсэн хойноо халуун хоол, цайгаа идэж уучихаад явдаг. Ингэж иргэдийнхээ хотоос гарч аялах тав тухыг хангаж өгч байгаа юм. Түүнтэй адил манай хөдөө орон нутгийн зам дагуу боловсон бие засах газар байгуулахад болохгүй гэх зүйл үгүй. Машин замаас тавхан алхмын цаана цаашаа хараад бие засаж байгаа эрэгтэй хүн ямар муухай харагддаг гээч. Зүгээр хажуугаар нь зөрж өнгөрөхдөө хүртэл өмнөөс нь ичээд байдаг юм. Өөрийн эрхгүй ямар муухай бүдүүлэг хүн бэ гэж бодогддог. Эмэгтэй хүний тухайд бүр ярилтгүй. Ээжийнхээ өвөр дээр суугаад тосуулж шээдэг хүүхэд биш л бол ил задгай газар бие засах шиг хэцүү зүйл байхгүй. Өндөрхөн шиг бут, дов хайгаад тэр хавиар нэг гүйнэ. Хамт яваа хүмүүсээсээ санаа зовж ичнэ. Эрчүүд ч бас үр хүүхэд, охин дүү, хамт ажилладаг бүсгүй, эмээгийнхээ хажууд буруу харж зогсон шээхдээ эвгүйрхдэг байх.

Хэдэн жилийн өмнө хотоос холгүй томилолтоор явахдаа шээх газар олдохгүй хэцүүдэж байснаа одоо хэр нь санадаг юм. Хээр газар яваа автобус дүүрэн хүн бие засах газар хайгаад л. Эрчүүд нь ч яахав буруу харж зогсож байгаад учраа олсон байх. Хүүхнүүд харин өмсөж байсан цамцаа бөгсөөрөө уян бие засч байгаа харагдсан. Тэгэхэд би олноос ичээд бие засаж чадаагүй юм. Гэртээ давсаг чинэрсэндээ уйлангаа алдсан амьтан орж ирж билээ. Иргэдээ ийм байдалд оруулж байхын оронд боловсон бие засах газар байгуулах саналыг дэмжих хэрэгтэй. Шоолж инээлдэж байгаа УИХ-ын гишүүд үнэндээ бүдүүлэг санагдаж байна. Тэд үр хүүхдээ дагуулан явахдаа машиныхаа цаад талд зогсож бие зассанаар ямар үлгэр дуурайл үзүүлдэг бол. Аавынхаа гадаа шээж буйг харсан хөвгүүд хотод ирээд байшингийн булан бараадаж байж магадгүй.

Манайхаас өөр улсад ингэж хөдөө хээр зам дагуу хээвнэг шээж байгаа хүмүүсийг олж харахгүй л байх. Харин манайд бол хотын төвөөс хорь, гучхан км холдоход буруу харж зогсоод бие засаж байгаа хүнтэй таарна. Ингэж зогсоо хүн гадныхан байтугай орчин үеийн залуу үеийнхэнд дэндүү бүдүүлэг санагдаад байгаа юм. Ийм харанхуй, бүдүүлэг байдлаасаа салах цаг болсон. 30 км тутамд жорлон барих саналыг шоолж инээхийнхээ оронд дэмжиж хэлэлцмээр байна.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 12/

    японд би олон л хотуудаар аялаж үзсэн. хэдхэн км яваад л иж бүрэн аялалын төв, дотроо зочид буудал, дэлгүүр, бие засах газартай сайхан сайхан хүний төлөө тоноглолуудтай зогсоолууд байдаг. хөдөө орон нутгийн амралт зогсоолын талбайнх нь жорлон нь хүртэл бие зассаны дараа доод хэсгийг чинь бүлээн усаа

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 12/

    яана даа иргэдээсээ түрүүлж сэтгэж бодлого боловсруулах ёстой УИХ-ын гишүүд нь ийм бүдүүлэг байхад...

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 12/

    яана даа иргэдээсээ түрүүлж сэтгэж бодлого боловсруулах ёстой УИХ-ын гишүүд нь ийм бүдүүлэг байхад...

    Хариулах