Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 12

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож, цаг завыг хэмнэж, ажлыг аль аль талдаа хөнгөвчилнө хэмээн ярьж, энэ ажлыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрийг хоёр хуваагаад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Ашигт малтмалын тухай хуульд цахим дугаар олгох талаар нэг ч үг үсэг байхгүй. Гэсэн ч энэ ажлыг журам гаргаж хэрэгжүүлж буйгаа Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа хэлсэн.
Гэтэл зөвхөн үйлчилгээний хөлсийг тогтоосон гэх тушаалыг Хууль зүйн яаманд бүртгүүлээд үүнийгээ журам гэж яриад байгаа аж. Аливаа журам нь үйл ажиллагааг зохицуулсан эрх үүргийн баримт бичиг байх ёстой. Хамгийн анх Зүүн аймгууд руу ашигт малтмалын тусгай дугаар өгч эхлэхэд 51 дугаар өгөөд сервер гацсан. Энэ 51 дугаарыг хүчингүй болгосноо тухай үед Ашигт малтмалын газрын удирдлагууд зарлаж байв.
Уг нь ямар тохиолдолд хүчингүй болгохоо журамлаад нийтэд мэдээлсэн байх ёстой аж. Тийм журам одоогоор байхгүй. Ашигт малтмалын өргөдлийн дугаар авахын тулд компаниуд серверт нэгэн зэрэг хандсанаас ачаалал үүссэн гэж тайлбарлаж буй. Үүнийг нийслэлийн иргэдэд цахимаар газар олгож эхэлсэнтэй харьцуулж үзвэл тэнгэр газар шиг ялгаа харагдаж байна. Нийслэлийн өмч, газрын харилцааны албанаас журам гаргаад ИТХ-аар батлуулаад цахимаар газар олгоход ямар ч асуудал үүсэхгүй байгаа. Сервер нь ч гацахгүй. Гэтэл Ашигт малтмалын газар долоо хоногт 120 дугаар олгохын тулд гацаад бөөн асуудал үүсгэж байх. Уул уурхайн сайд Р.Жигжид “Өргөдлийн дугаарыг цахимаар авах явцад систем гацсан тохиолдол хоёр ч удаа гарлаа. Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход урт дараалал үүсдэг байсан. Энэ байдлыг зохицуулах, ил тод, шударга, шуурхай болгох үүднээс цахим хэлбэр рүү шилжүүлсэн. Гэхдээ энэ шинэ тутам хийж буй ажил. Шинэ зүйл учраас алдаа гарахыг үгүйсгэхгүй. Техникийн алдааг бид урьдчилж харж чадахгүй шүү дээ. Хэт их ачааллаас болоод заримд үед гацах тохиолдол гардаг. Энэ ачааллыг даах хэмжээний тоног төхөөрөмж оруулж ирэх хөрөнгө мөнгөний боломж ч бага байна” хэмээн өөрсдийгөө өмөөрөх.

Нийтэд хандсан журмыг Хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой ч...
Төрийн байгууллагууд нийтэд хандсан журам гаргахаар бол Хууль зүйн яаманд заавал бүртгүүлэх ёстой аж. Түүнийг Засгийн газрын тогтоолоор зохицуулсан байдаг юм байна. Тодруулбал, Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах бол эхлээд Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр заажээ. Харин Хууль зүйн яам хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаад зөвшөөрөл олгодог.
Олгосон зөвшөөрлийн дагуу төрийн мэдээллийн эмхэтгэл сэтгүүлд нийтлэгдсэнээр уг журам хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Цахим дугаар олгох ажил нийтэд хандсан ажил. Үүнийг яаманд бүртгүүлж, зөвшөөрөл авах ёстой. Ашигт малтмалын өргөдлийн дугаар авах ажилд 2000 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Үүнийг төрийн зохицуулалтгүй хийж байна гэсэн үг. Бид Хууль зүйн яамнаас лавлагаа авсан. Гэтэл ямар нэг журам байхгүй байсан” хэмээлээ.
Цахимаар өргөдлийн дугаар олгох ажлын олон зуун аж ахуйн нэгж удаан хүлээсэн нь ойлгомжтой.

Цахимаар дугаар авна, ингэхийн тулд төдий хэмжээний мөнгө төлнө гэх шинэ үүрэг бий болж байна. Ашигт малтмалын тухай хуульд тусгаагүй бол журмаар шинэ үүрэг нэмж болдоггүй юм байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газар журам гаргаагүй хэр нь шинэ үүрэг нэмсэн байх. Ингэхдээ гурван үүрэг нэмжээ. Эхнийх нь ашигт малтмалын тусгай дугаар авахад ашиглах VPN төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр худалдаж авах бол дараагийнх нь серверт хандах долоо хоногийн эрх 500 мянган төгрөгийн үнэтэй. Хэрэв сараар хандах бол хоёр сая төгрөг төлөх юм байна. Та цахимаар дугаар авахгүй бол өргөдөл гаргах эрхгүй. Энэ процесс нь хуулиар хориглоогүй асуудлыг хориглосон харилцаа болж байгаа аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.