Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 13
・ 3
Уг нь уурхайнууд эзэнтэй л дээ. Бас тэдний ард хэдэн зуун ажилчин бий. Харамсалтай нь эдүгээ эзэнгүй мэт болцгоожээ. Өнөөх ажилчид нь гэртээ харьцгаан, хэзээ дуудахыг нь хүлээж цөхөн, баригдсан өрөндөө шаналан , толгойгоо салаавчлан, эхнэртээ загнуулаад хэвтэцгээж буй. Эзэн ч ялгаагүй. Өдрөөс өдөрт хүү нь нэмэгдэх банкны зээлэндээ уурхайгаа тавьж туучихгүйн төлөө оготны нүхээр орж гараад ч нэмэргүйн зовлонг эдлэн, улс төр, улстөрчдийг харааж суугаа. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурван тэс сумыг нэрлэх байна. Хоёрхон жилийн өмнө өмнөговьчууд говийн зэгэл шаргал элсэн дор хэдэн мянган жил хав дарагдсан баялгийнхаа буянаар ар халхадаа ааглацгааж байв даа.
Айлын эхнэр Ланд-80 –аар усандаа явж, аймгийн төв орох хэрэг гарвал LEXS-470-аараа гангарч, арай сүүхэйтэй нь сумынхаа төвд зочид буудал, баар, караоке, дэлгүүр нээн түүнээс олсон ашгаараа Улаанбаатарт орон сууцыг хэд хэдээр нь худалдан авч, амьдралыг цэцэглүүлэх шиг л болж байсансан. Сард саяар тоологдох мөнгөний сургаар залуус 45 жилийн өмнө илгээлтийн эзэд Эрдэнэтийг зорьж байсан шиг Ханбогд, Цогтцэцийг сонгоцгоосон.
Тэгээд л мөнгийг хүүдийлэх шиг болсон. Харамсалтай нь ханийнхаа яаж хөлсөө урсгасныг мэдэхгүй ихэнх эхнэр хүүхнүүд барагдахгүй, үрэгдэхгүй эрдэнэс олсон мэт эрээний өмд гутал гээд элдэв шалдав зүйлд цацаж орхисон байдаг. Улаанбаатараар нэг булганы арьс нөмөрсөн бүсгүйчүүд гүйлдэв шүү. Төрийн халаас ч хоосонгүй. Одоо тэр бүхэн төсгөлийг нь амталж амжилгүй сэрсэн харуусал дагуулсан зүүд адил үе үе санаанд буух төдий. Сайхан цагт сүндэрлэсэн барилга байшингууд эхнээсээ хаалгаа барьж, цонх юугаа хөндлөн банзаар даруулаад хадаж эхлэцгээв. Золбин нохдод ч хоол олдохоо больж, хаа нэгтээс олдсон өвдөл цөвдөл дээрээ дээлээ урцалдан зодолдоно.
Сумын төв ерөнхийдөө эл хуль. Бууриа сахиж хоцорсон нутгийн иргэд “Урьд нь ийм л байсан дөө” гэлцэн хувь заяатайгаа Заримаас нь дуу ч гарахгүй. Өөр хоорондоо өрсөлдөн, гудамжаар нэг хөлхөлддөг байсан чийчаанууд өрөнд яваад даший шог. Наадмын сүүлийн өдрөөс дуу дуугаа авалцан түгдэг байсан хурим найрын зар таг. Ажил албатай хүний тоо өдрөөс өдөрт цөөрсөөр төрийн үйлчилгээний албан хаагчид хүн нь цөөрснөөс хүйт даах болсон блокон байшингийнхаа цонхоор ийш тийш хараагаа бэлчээн хаалганы нугас дуугарахыг чагнан гэеүрцгээж, сумынхныг хуйлруулах ломбард болоод ломбардын эздийг зүхэцгээх.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.