Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 16

Өнгөрсөн сарын 01-ээс албан ёсоор замын хөдөлгөөний нэгдүгээр эгнээнд түр зогссон буюу байрлуулсан автомашинуудыг ачиж, журамлахаа больсон. Нэг талаас энэ шийдвэр нь авто зогсоолоор ядмагхан нийслэлд дурын газартаа зоргоороо автомашин байршуулах боломжийг бүрдүүлж байгаа ч нөгөө талаар түгжрэлийг эрхгүй нэмэгдүүлж буй гэдгийг нэг сарын хугацаанд хэн хүнгүй харсан байх.
Тэгвэл нэгдүгээр эгнээнд байршуулсан автомашинуудыг ачихаа больсон ч 70 мянган төгрөгөөр торгосон хэвээрээ байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Нэгдүгээр эгнээнд буюу хориглосон газарт дур мэдэж автомашинаа байрлуулсан иргэний тээврийн хэрэгслийг ачих журмыг өмнө нь цагдаагийн байгууллагын дарга гаргаж, баталдаг байсан. Тэгвэл үүнийг өөрчилж, Хотын захиргаа бүрэн хариуцдаг болсон.
Өөрөөр хэлбэл, хотын захиргаанд бүх эрх үүрэг нь шилжсэн гэж ойлгож болно. Гэхдээ одоогийн байдлаар яг, ямар журмаар тухайн тээврийн хэрэгслийг ачиж, жолооч нарыг хэрхэн, яаж торгох зэрэг нь тодорхойгүй байна.
Гэхдээ зөвхөн ачилтыг зогсоосон болохоос торгуулийн арга хэмжээ болон өмнөх журам одоогоор үйлчилж байгааг иргэд анхаарах шаардлагатай. Автомашинаа нэгдүгээр эгнээнд тавьсан жолоочид торгуулийн хуудас очдогоороо очиж байгаа. Түүгээр ч зогсохгүй удаа дараа зөрчил гарвал жолооны эрхийг нь хасах хүртэлх арга хэмжээг авах болно гэдгийг жолооч нар анхаарах хэрэгтэй” гэв.
Иймд зайлшгүй шаардлага тулгараагүй л бол автомашинаа нэгдүгээр эгнээнд байршуулахгүй байх нь зүйтэй ажээ.
Х.Маргад
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.