Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 16
・ 11
-Талийгаачийн нөхөр н.Буяннэмэх Налайхын цагдаад ажилладаг байжээ-
Налайх дүүрэгт энэ сарын 14-нд нэгэн ноцтой хэрэг гарсан талаар өчигдөр манай сайт мэдээлсэн. Тодруулбал, талийгаач Н.Оюунчимэг нь өнгөрсөн лхагва гарагт гэртээ боомилж амиа алдсан байдалтай олдсон бөгөөд ар гэрийнхэн нь эл хэрэгт түүний нөхөр болох Буяннэмэхийг сэжиглэж байгаа юм. Өмнөх сурвалжлагыг энд дарж үзнэ үү.
Манай сурвалжлах групп өчигдөр дахин Налайх дүүргийг зорьж, хэргийг шалгаж байгаа цагдаа болон талийгаач бүсгүйн ар гэрийнхэнтэй уулзсан юм. н.Буяннэмэх, Н.Оюунчимэг нар гэр бүл болоод 18 жил болж байгаа, дундаасаа хоёр хүүхэдтэй аж. Том хүү нь өдгөө 16 настай бол бага охин нь 12 настай аж. Тэднийх Налайх дүүргийн II хороо 40-р байранд амьдардаг. Тус байрны оршин суугчид Буяннэмэхийг эхнэр, хүүхдээ зоддог гэдгээр анддаггүй юм байна. Мөн дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгэлтэй, байнга л саатуулагддаг нэгэн байж. Гэхдээ өөрөө тус цагдаагийн хэлтэст, цагдаагийн ахмад цолтойгоор удирдах албан тушаал хашиж байсан болохоор саатуулагдсан нэр зүүгээд л гарч ирдэг байсанд талийгаачийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаагаа хэлж буй.

Талийгаач бүсгүйн нөхөр н.Буяннэмэх
Буяннэмэхийн хувьд 1975 онд төрсөн, эрх зүйч мэргэжилтэй. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад ажлаасаа халагдсан гэнэ. Үүний дараа танил талаараа дамжуулан Монгол банкинд хамгаалагчаар ажилд ороод мөн л халагдаж байжээ. Ингээд групп тогтоолгож, сар бүр халамжаас мөнгө авах болсон нэгэн аж.

Талийгаач Н.Оюунчимэг
Харин талийгаач Н.Оюунчимэг 1977 онд төрсөн, цэцэрлэгийн багш мэргэжилтэй. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн байдлаас шалтгаалан мэргэжлээрээ ажиллаж чадаагүй гэнэ. Тэрээр нас барахынхаа өмнөхөн төрсөн дүү рүүгээ залган “Маргаашнаас эхлэн дэлгүүрт худалдагч хийхээр болсон. 10 хоног гараад 5 хоног амарна гэсэн. Өглөө эрт очиж тооллого хийж, хүлээж авахаар боллоо” хэмээн ярьсан гэдэг. Гэтэл үүнийхээ дараахан гэртээ өөрийгөө боомилсон байдалтайгаар амиа алдсан байгаа юм.
Эл хэрэгт талийгаачийн нөхөр Буяннэмэхийг сэжигтнээр татан, шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ингээд талийгаачийн хүү Т эл хэргийн талаар ийн ярьж байна.
Аав согтуу ирэх бүртээ биднийг зоддог, их харгис хүн

Талийгаачийн хүү
“Тэр өдөр би хичээлтэй байсан. Тэгтэл үдээс хойш эгч над руу залгаад хүрээд ир гэсэн. Намайг очиход эгч хажуу талын тагтаар дамжиж гэр рүү орсон. Би араас нь орсон. Гэтэл ээж жижиг өрөөндөө боомилсон байдалтай байсан. Өмнөх өдөр нь аав ээжийг ална гэж заналхийлсэн. Өдөр ээж надтай уулзахдаа “Ээж нь хувцасаа угаачихаад өвөөгийнд нь очно. Миний хүү бэлтгэлээ тарчихаад шууд өвөөгийндөө очоорой” гэж хэлсэн. Орой өвөөгийндөө ирэхэд хүн байгаагүй. Орой 20:20 цаг болж болж байхад дүү ирээд “Би нэгж авах гэж гараад өвөөгийнд хүрээд ирлээ” гэж хэлсэн. Ингээд дүү цай уучихаад унтаад өгсөн. Маргааш өглөө хичээлдээ яваад ирэхэд ийм зүйл болсон байсан.
Тэрбээр аавынхаа талаар “Аав согтуу орж ирэх болгондоо биднийг зоддог, их харгис хэрцгий хүн байсан. Зоддоггүй өдөр гэж бараг байгаагүй. Ээжийн хоолойг индүүний утсаар боодог байсан. Ална гээд 4 давхараас үсдэж буулгадаг байсан. Дүү бид хоёр их айдаг байсан. Тэр үеийн мэдрэмжүүдээ дурсахгүй байхыг хичээдэг. Аав архи уухаараа 10-20 хоногоор алга болдог. Архи уух бүртээ л харгис, хэрцгий ханддаг байсан. Архи уугаагүй үедээ гайгүй байдаг ч гэсэн дандаа уур уцаартай байдаг” хэмээн нулимс дуслуулан бидэнд ярилаа.
Налайхын цагдаа нар эгчийг минь хамгаалж чадсангүй

Талийгаачийн төрсөн дүү
Хохирогчийн дүү Н.Түмэн-Өлзий:
“Цагдаа нар гэрээслэл олдсон гэж байгаа ч нүдээрээ хараагүй. Манай эгч 16 жил зодуулж дээрэлхүүлж байхдаа нэг ч удаа үхнэ гэж ярьж байгаагүй. Харин Буяннэмэх нь гэртээ хүүхэн аваачиж гэр орноо бузарлаж, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэдэг байсан. Бүх муу муухай зүйлийг хийдэг хүн байсан. Өөрийгөө боомилж нас барсан хүнд 3-4 төрлийн шинж илэрдэг гэсэн. Хэлээ хазах, шүлс гоожих, шээс алдах гэх мэт. Гэтэл манай эгчид тийм зүйл байгаагүй, их цэвэрхэн байсан. 16 жил миний эгчийг тамлаж зовоосон Буяннэмэхийг энэ хэрэгт холбоотой, эгчийн минь хөнөөсөн гэж бодож байна. Хаалга дотроосоо түгжээтэй байсан хэдий ч тагт нь онгорхой байсан. Тагтаар нь эмэгтэй дүү маань авирч орж чадаж байхад тэр хүн бол үсрээд л бууна шүү дээ. Эгчийн минь цогцсыг дамнуургаар аваад явахад толгой нь хоёр тийшээ ганхаад байсан. Би Улаанбаатараас цагдаа дуудахад “ойлголоо” гэсэн атлаа хэн ч ирсэнгүй. Бидний хувьд Налайхын цагдаад итгэж чадахгүй байна. Яагаад гэхээр эгчийг минь хөнөөсөн байж болзошгүй энэ Буяннэмэх гэдэг хүн Налайхын цагдаад ажиллаж байсан. Нэлээд том албан тушаал хашиж байсан хүн. Налайхын цагдаа нар эгчийг минь хамгаалж чадсангүй, энэ хүн гараад эхнэрээ зодож, хөнөөнө гэдгийг бодолгүйгээр сулласан байгаа юм. Бид эгчийнхээ хоёр хүүхдийг эмээ, өвөөд нь үрчүүлж өгнө. Хүүхдүүд ч зөвшөөрч байгаа юм” гэлээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.