Энэ сарын ихээр нийслэлд хоёр удаа дараалан газар хөдөлж, Улаанбаатар хотын зүүн бүсэд оршин суух иргэдэд чичирхийлэл мэдрэгдэж, сандаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч мэдээлэл хийж, холбогдох албадыг мэдээлэлтэй байлгах, иргэдэд газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед хэрхэн амиа аврах, бусдад туслах зэрэг мэдээллийг өгч эхэллээ. Мөн газар хөдлөлт цаашдаа эрчимжиж, чичирхийлэл нэмэгдэнэ гэдгийг ч албаны хүмүүс мэдэгдэж эхэллээ. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа газар хөдлөлтийг онцолж байна.
Улаанбаатарт хүчтэй газар хөдлөлт болов
2015.10.05
Энэ сарын 03-нд Улаанбаатарт газар хоёр удаа нэлээд хүчтэй хөдөллөө. Эхнийх нь 17 цаг 30 минут 17 секундэд 3.5 магнитуд хүчтэй хөдөлсөн бол 41 секундийн дараа дахиад 4.4 магнитуд хүчтэй шилгээжээ. Энэ нь нэлээд хүчтэйд тооцогдох чичирхийлэл ч гэлээ ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн хэлж байна. Газар хөдлөлтийн голомт нь Гүнжийн сүмийн ойролцоох томоохон ангалаас хойш есөн км-т байжээ. Улаанбаатарын ойр орчимд газар хөдлөлтийн идэвхжилттэй зургаан том голомт байдгийн нэг нь Гүнжийн хагарал хэмээх энэхүү бүс юм байна.
Ц.Элбэгдорж: Мэдээлэлтэй байна гэдэг бол асар чухал юм
/Монгол Улсын Ерөнхийлөгч/
2015.10.13
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсгов. Тэрбээр “Газар хөдлөлтийн гамшигтай холбоотой хамгийн гол анхаарах зүйл нь мэдээлэл юм.Тэгэхээр энэ талаар мэдээлэлтэй байя. Байдал яг ямар байгаа юм. Ямар нөхцөл байдал бий болсон юм. Үүн дээр зохих байгууллагууд нь ямар ажил хийж байгаа юм. Ямар ажил хийх шаардлагатай байгаа юм.
Юу хийж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр энэ мэдээллийг авах хэрэгтэй. Үүнийг мэдээлэх болсон шалтгаан нь та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энэ 2015 оны 10 дугаар сарын 3-нд, өнгөрсөн бямба гаригийн 15.30 цагт Улаанбаатарын орчимд, нийслэлээс 20-иод км-т голомттой, 4,4 магнитудын газар хөдөлсөн. Улаанбаатарын ойр орчимд,Улаанбаатарт байсан, ялангуяа байшинд байсан хүмүүст бүгдэд нь мэдэгдсэн байх. Энэ талаар иргэд маш их санаа зовсон. Газар хөдлөлт боллоо. Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад ямар мэдээлэл ирж байна. Ямар уялдаа холбоо байна гээд аваад үзэхэд үнэхээр энэ уялдаа холбоо санаа зовоох хэмжээнд байгаа юм. Тэгээд Засгийн газар дээр, бас УИХ-ын даргатай энэ талаар ярьсан. Ерөөсөө байгалиас, цаанаас нь дохио өгч байна. Энэ дохио өгч байгааг хүмүүс анхаарч байгаа энэ үед энэ асуудлыг ярьж, нийтээрээ нэг мэдээлэлтэй болъё. Мэдээллээр ижил түвшинд хүрэх шаардлагатай юм байна гэж ингэж л ярьсан.
Тэгээд УИХ-ын дарга энэ хүсэлтийг хүлээж авч, мэдээлэл хийх боломжоор хангаж байгаад туйлын их баяртай байна.Дөнгөж 5-6 хоногийн өмнө болсон үйл явдал. Тэгэхээр мэдээлэл гэдэг бол асар чухал юм. Улаанбаатарыг тойроод Эмээлт, Хустай, Гүнж, Авдар, Шархай, Мөнгөнморьт гээд зургаан газар газар доогуур үүссэн асар том хагархай, ангал байдаг. Та бүхэн бүгдээрээ мэднэ. Газар хөдлөлт юунаас болдгийг. Газар доогуур явж байгаа цууралт, лава, гулгалтаас болж газар хөдлөлт үүсдэг. Хэрэв эдгээр хагаралт хоорондоо нийлэх юм бол маш хүчтэй газар хөдлөлт үүсдэг. Зарим газрын нийлж байгаа байдал их ойртож ирж байгаа. Их ойрхон болж байгаа. Энэ зургаан газар дээр манай шинжлэх ухааны байгууллагууд олон улсын байгууллагуудтай хамтарч байнга хяналт тавьж харж байдаг. Зургаан газрын тав дээр нь 7-гоос дээш магнитудын газар хөдлөх нөхцөл байдалтай байгаа. Сая бас хүмүүс нэлээд гайхсан.
Газар хөдлөлт гээд энд тэнд аппарат суурилуулаад, урьдчилж мэдэгддэг байгууламж ажиллуулна гээд яриад байсан. Энэ юу болсон бэ. Сая яагаад дуугарсангүй вэ гэж гайхсан. Энэ бол Улаанбаатар хотод ойр, 20-иодхон км-ийн хүрээнд болсон, хоромхон зуурт, секундэд газар хөдөлсөн учраас Монголд байтугай аль ч улсад үүнийг урьдчилж мэдээлэх аргагүй байдаг. Манай суурилуулж байгаа аппаратууд бол Улаанбаатараас цааш, 200 км-ээс цааш суурилуулсан байдаг. 200 км-т газар хөдлөх юм бол Улаанбаатарт иртлээ, мэдэгдтэлээ 30 секундын хугацаа л байгаа. 200-400 км-ийн цаана хөдлөх юм бол 1 минутын хугацаа байгаа. Улаанбаатарт ойр 20 км, 50 км дотор хөдлөх юм бол энэ бол ерөөсөө 1-3 секундын асуудал. Ямар ч анхааруулга өгөх, дохио ажиллуулах боломжгүй.
Зүгээр дохиогоор газар хөдөллөө гэж анхааруулж болно. Газар хөдөлсний дараа дохио дуугарч болохоор ийм нөхцөл байдал байдаг гэдгийг энд бас тайлбарлах нь зөв байх. Энэ үүднээс авч үзэх юм бол манай хүн амын 40 хувь нь суурьшсан Улаанбаатарын барилга байгууламжийн нөхцөл байдлыг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Энд тайлбарлах шаарлагагүй. Монголд 7 баллаас дээш газар хөдөлбөл юу болох вэ. Газар хөдлөлтийг орчин үед тооцоолж болдог, болдоггүй гэж ярьдаг. Газар хөдлөлт бол нэг шалтгаанаар биш, олон шалтгаанаар үүсдэг гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Тооцоолж болдог юм бий, болдоггүй юм бий. Тооцоолж болохгүй гэдэг тал нь өнөөдөр 90 хувьтай байдаг. Ийм учраас энэ мэдээллийг нийт ард иргэдээрээ, ард иргэдээ төлөөлж байгаа УИХ дээрээ сонсох нь зөв юм. . Газар хөдлөлттэй холбоотой, ер нь байгалийн гамшигт хандсан чиглэсэн үйл ажиллагаан дээр бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай” хэмээсэн.