Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /1/

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 23

Нүдэнд торох зүйлгүй цэлийсэн талд гэнэт алсаас тоос босч, мөдхөн тэнгэр баганадав. Машин явж өнгөрснөөс хойш бараг км зайд тоос нь арилаагүй байтал араас нь дахиад бөөн тоос манарч тал дундуур тархана. Арын машин хурдаа нэмэн өмнөхтэйгөө зэрэгцэхэд гүйцэгдсэн нь ч мөчөөгөө өгөхгүй давхисаар байгааг холоос харахад эгээтэй л морины уралдаан гэж андуурмаар. Тэнгэрт боссон тоос мөддөө арилахгүйг харвал цуваа явж байгаа нь илт. Алдарт Мэнэнгийн тал дээрх газрын тосны тээвэрлэлтийг харж байгаа минь энэ.

Монголын хамгийн тэгш хялганат Мэнэнгийн тал газрын тосны тээвэрлэлтэд ингэж талхлагдаж байна. Хад асгагїй тэгш тал дээгїїр хятад жолооч нар олон зам їїсгэн явдаг болжээ.

 

 

Монгол орны хамгийн том, байгалийн унаган төрхөө алдаагүй тэгш тал гэж магтан дуулж, дуу шүлгэндээ мөнхөлсөөр ирсэн Мэнэнгийн тал газрын тосны балгаар сүйдэж байна гэж байгаль хамгаалагч, нутгийнхан шимширсээр байгааг олонтаа харж, сонссон юм. Дэлхийд нэртэй гэж сайрхах тал нутаг хамгийн, хамгийн гэх олон тодотголоо яагаад гээх болсныг сурвалжлахаар Дорнод аймгийг зорьсон юм.

Тэнгэр зүссэн өндөр уулсын дунд төрж өссөний хувьд аймгийн хил даваад л харааны цэц шалгасан цэлийсэн талыг харахад уйтгартай ч юм шиг, уртаар амьсгаа авмаар ч юм шиг сонин мэдрэмж төрөх. Нээрээ л Соёлын гавъяат зүтгэлтэн Долгорын Нямаа гуайн шүлэглэснээр

...Явж явж асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Явсаар явсаар асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үдэш болоход асуулаа, Мэнэнгийн тал гэнэ

Үүр цайхад асуулаа, Мэнэнгийн тал гэнэ... гэх мөртүүд толгойд харваж, явж барахгүй өргөн талын хаана нь хүн амьдардаг байна аа гэсэн бодлоор Мэнэнгийн талын “дээсийг алхав”.

Мэнэнгийн талын эмзэг, сул хєрсєн дээгїїр тостой 60-70 тонны хїнд даацын автомашины жолооч нар уралдан давхиж байна. 

 

Уртаараа 90 км, өргөнөөрөө 60 км үргэлжлэх бүртийх ч довгүй тэгш тал дээрх хялгана шагай өнгөрсөн өндөр, зарим хэсгээрээ өвдөг шүргэж ургажээ. Уг нь энэ жил зүүн аймгууд зуншлага сайтай орсон. Гэвч хялгана тачир ургасан гэнэ. “Цаг сайхан үед машин зөрөхөд харагдахааргүй өндөр ургадаг байлаа” гэж жолооч ах шүүрс алдан ярина. Мэнэнгийн талыг хялганат хээр гэж тодотгодог. Хялгана нь 50-80 см өндөр, үндэс орчмын навчтай нийлээд нягт дэгнүүл үүсгэдэг, навчны доод гадаргуу буюу гадна талдаа нүцгэн ширүүвтэр тармаг хатгууруудтай ургамал юм байна. Гэвч Мэнэнгийн талын хялгана тийм өндөр, соргог ургахаа больжээ.

Мэнэнгийн заставаар дайраад давхиж байтал нэлээд холуур жийп машин өнгөрч явна. “Петрочайна дачин тамсаг Монгол-21” компани буюу “Петрочайна дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн кэмп Мэнэнгийн талын зүүн бөөрөнд байрладаг ажээ. Тэндээс аймгийн төв рүү явж байгаа хүмүүс бололтой. Төв замаар бол Мэнэнгийн заставаар дайрч, бичиг баримтаа шалгуулаад нэвтэрнэ. Заставаас холуур хулгайн замаар явчихдаг бололтой.

 

30 ОРЧИМ МЕТР ӨРГӨН ТАЛЫГ ХҮНД ОВРЫН МАШИНЫ МӨР ТАЛХАЛЖЭЭ

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх