Төсөв 2016: Өрийн дарамтыг хэрхэн давах вэ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 27 ・ 5

Монгол Улс 2016 оны төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийг өрийн үйлчилгээний төлбөрт зарцуулахаар байгаа. Цаашдаа 2017 он гэхэд нийт төсвийн орлогынхоо 50 хувийг өр төлөхөд зарцуулна гэж буй билээ. Өрийн дарамт ийн нэмэгдэж байгаа үед төр засаг ямар бодлого баримтлах вэ. Өрийн дарамтыг хэрхэн даван туулах талаар эдийн засагчид байр сууриа илэрхийллээ. 

 

Ч.Анхбаяр: Өрөө дахин санхүүжүүлбэл, өндөр хүү төлнө

 

/Эдийн засагч, судлаач/

 

-Монгол Улс ирэх онд 900 гаруй тэрбум төгрөгийн өр төлөх нь. Цаашдаа эдийн засагт өрийн дарамт улам нэмэгдэх нь гэх зүйлийг улстөрчид, эдийн засагчид хэлж анхааруулж байна. Тэгвэл өрийн дарамтыг даван туулах чиглэлээр ямар арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-867 орчим тэрбум төгрөгөөр өр төлөх тоо байгаа. Энэ өрийг төлөх орлогын эх үүсвэр юу гэхээр их хэцүү байна. Гадаад худалдааны нийт эргэлт маань өмнөх жилтэй харьцуулахад хасах дүнтэй болчихлоо. Нийт гадаад худалдаа маань буурчихсан. Тэндээс авах импортын татвар буурах хандлагатай байна. Гэтэл импортын татвар төсвийн орлогын 50 хувийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр худалдааг яаж сайжруулах вэ гэдэг асуудал байна. Худалдааг сайжруулж, тэндээс орж ирэх орлогоор өрийг төлөх нэг арга бий. Хоёрдугаарт, төсвийн алдагдал өөрөө энэ янзаараа өсөөд байвал нэг их наяд төгрөгийг өлхөн давах нь. Ирэх жилүүдэд энэ нөхцөл байдал үргэлжилбэл, төсвийн ажилчдаа хэрхэн цалинжуулж, урсгал зардлаа санхүүжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Муугаар бодоход гадаадаас орж ирэх тусламжийн мөнгөөр төсвийн ажилчдынхаа цалинг тавихаас өөр аргагүй болно. Орлого бүрдэхгүй байгаа ийм үед өрийн асуудал бүр их хүндрэл үүсгэж байгаа.

 

-Өрөө төлөхийн тулд дахин өр авах асуудал яригдаж байгаа. Энэ зөв шийдэл мөн үү?

-Өрөө дахин санхүүжүүлэх асуудал байж болно. Гэхдээ тэр бондын хүү одоогийн улсын зэрэглэлийг авч үзвэл хоёр оронтой тоонд хүрэхээр байна. Бүр тодруулбал, 10.125 хувиар олдох боломжтой. Энэ бол асар өндөр хүү.

 

-Одоо тэгээд яавал дээр вэ?

-Угаасаа өрийн даац маань хэтэрчихсэн. Засгийн газрынх, төв банк, банкууд болон компани хоорондын өрийг ДНБ-тэй харьцуулбал, 216 хувьтай байгаа. Өр дахиж тавина гэдэг үнэхээр арга ядсан арга. Тэгэхээр дотооддоо ямар нөхцөл бололцоо байна вэ, түүнийгээ л дайчлах хэрэгтэй. Энэ маань төсөв ирэх онд, 2017, 2018 онд улам л хүндэрнэ гэсэн үг. Хүнд байдлыг арай жаахан хөнгөлөхийн тулд олон яамдыг цөөрүүлэх, цалинг бууруулах, халамжуудыг зогсоох хэрэг гарна. Хэцүү ч гэсэн үүнийг хийж чадвал дараа нь бид төрийн тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтын хувьд их зөв болчих боломжтой.

 

Б.Батжаргал: 40 хувийн хязгаарыг хууль зөрчиж нэмэгдүүлсний уршиг

 

/Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга асан, эдийн засагч/

 

-Монгол Улс ирэх онд 900 гаруй тэрбум төгрөгийн өр төлөх нь. Цаашдаа эдийн засагт өрийн дарамт улам нэмэгдэх нь гэх зүйлийг улстөрчид, эдийн засагчид хэлж анхааруулж байна. Тэгвэл өрийн дарамтыг даван туулах чиглэлээр ямар арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Чингис бонд бусад бондыг босгож байх үед тооцооллыг хийж байсан. Өөрөөр хэлбэл, өрийг буцааж төлөх хуваарь нь тодорхой байсан. Тэр үед нь тоогоогүй. Яг тулаад ирэхээр нь одоо сандарч байна. Тухайн үед Сангийн яам ямар тооцоо, судалгаа хийж байсан бэ гэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлж ийм өндөр байхгүй.  Тийм учраас богино хугацаанд энэ үнэ буурна. Буурсан тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх вэ гэдгийг тооцоолоод, 40 хувийн өрийн босгыг гаргасан. Хууль маань хэрэгжээд явж байтал нэг жилийн дараа Засгийн газар гарч ирээд, 40 хувь хэт бага байна гэж шүүмжилсэн. Хоёрдугаарт, өрийн хязгаарыг 4 чиглэлээр сэт цохисон. Нэгдүгээрт, 40 хувийн хязгаарыг хууль зөрчиж хэтрүүлсэн. Хоёрдугаарт, Засгийн газрын баталгааг өрийн нийт дүнгээс гаргасан. Гуравдугаарт, концессыг өрийн ангиллаас гаргаж, ямар ч хязгааргүйгээр концесс байгуулж эхэлсэн. Дөрөвдүгээрт, Төв банк юанийн своп хэлцлээ 10 тэрбумаас 15 тэрбум болгож нэмэгдүүлсэн. Ингээд дөрвөн чиглэлээр өрийн хязгаараа сэтлээд, их хэмжээний мөнгийг эдийн засаг руу цутгаж эхэлсэн. Үүнийгээ эдийн засгийн уналтаас сэргийлсэн бодлого гэж тайлбарладаг. Үнэндээ тухайн үед эдийн засгийн уналт биш гадаадын хөрөнгө оруулалтыг дагасан эдийн засгийн бууралт л ажиглагдаж байсан. Нэг ёсондоо болох л ёстой процесс. Энэ процессыг хүчээр зогсоох гэж их хэмжээний төгрөг нийлүүлсэн. 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг эдийн засаг руу шахчихаар төгрөгийн ханш унасан. Ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдал 2017, 2018 онд энэ хэвээр хүнд байна. Одоо дөнгөж л амсаж эхлэх гэж байна.

 

-Өрөө төлөхийн тулд дахин өр авах асуудал яригдаж байгаа. Энэ зөв шийдэл мөн үү?

-Зүйрлүүлж хэлбэл, би Хаан банкныхаа зээлийг Голомт банкнаас дахиж зээл аваад төлөх гэж байгаатай л адил. Энэ бол хамгийн муу шийдэл. Ард иргэдэд улам л хүндээр тусна.

 

-Одоо тэгээд яавал дээр вэ. Зөв гарц нь юу байж болох вэ?

-Манай эдийн засгийн төсвөөс, 60 хувь нь мөнгөний бодлогоос шалтгаалж байгаа. Мэдээж төсвийн бодлогоо хатуу барих нь зүйтэй. Гэтэл үүний нөгөө талд мөнгөний бодлого дээр ямар өөрчлөлт хийх гэж байна вэ гэдгээ тодорхой ярихгүй байгаа. Тэгэхээр төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёулаа л хатуурах ёстой. Үүнийг олон жилийн өмнөөс хэлж, ярьсаар ирсэн.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 11-11 / 2015 10 сар 28/

    Ерөнхий сайд агсан Н.Алтанхуягт Монголоороо хулхидуулсандаа. Бид нар л түүнийг сонгоо биз дээв

    Хариулах
  • ммм / 2015 10 сар 27/

    зээлээс юундаа энгэж үхтэлээ айдаг байнаа ану,япон,хятад 200% давсан зээлтэй байжл байна

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 27/

    Татварынхан визнес эрхлэгчдийг дарамтлахаас өөр ажилгүй байна,Үүний орон тоог багасгаж мөнгөө хэмнэх хэрэгтэй,Гадаад эзэнтэй компанийг судлан дарамталдаг

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 27/

    Цалин бууруулж, халамжыг зогсоохын оронд шинэ барилга байгууламж, их засвар, төсөл хөтөлбөрт их мөнгө зарцуулахаа зогсоо. Тэр цалин, халамжаар чинь хоногийн хоолоо залгуулж яваа ш дээ ард түмнээ яаж амьдар гэх гээв

    Хариулах
  • Батхүү / 2015 10 сар 27/

    Захиргааны шаардлагагүй олон орон тоог цөөрүүлж зах зээлийн зарчмаар бага хүчээр ихийг хийж сурах

    Хариулах