Жолооч нь хулгай хийж, зорчигчид нь “туулайчилдаг” нийтийн тээвэр

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 28 ・ 2

Техник технологийн хөгжил дэвшлийн үр дүнд нийслэлчүүд бидний өдөр тутам хэрэглэгддэг бүх л зүйлс улам “ухаалагжиж”, хэрэглэхэд хялбар болж иржээ. Энэ дэвшил нийтийн тээврийн үйлчилгээнд ч нэвтэрч, уур уцаартай кондукторууд  үнгэгдэж, хорчийсон цаасан мөнгөний хэрэглээ ард үлдэж, иргэд ухаалаг цахим картыг сонгох болсон. 



 

Нэг талаар энэ нь бусад дэлхийн хотуудын жишгийг дагасан ухаалаг шийдэл боловч нөгөө талаар нийтийн тээвэр алдагдалтай ажиллах нэг үндэс болж буй аж. Жолооч автобусны бэлэн мөнгөний хайрцагнаас мөнгө хулгайлах, иргэд хуурамч мөнгөн дэвсгэртээр үйлчлүүлж байгаа гэх мэтчилэн нийтийн тээврийг тойрсон хар  бараан мэдээллүүд сүүлийн үед цахим сайтуудаар цацагдах  болсон. Тиймээс ухаалаг системийг нэвтрүүлсэн, кондукторгүй  нийтийн тээврийн үйлчилгээ бодит байдал дээр ямар байгааг энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аараа хүргэж байна. 
 

Автобусны “туулай” олширчээ


Манай сурвалжлах хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтийн тээврийнхнийг онилж, сурвалжлагаа бэлтгэсэн юм. Амралтын өдөр болохоор тэр үү, олны нэрлэж заншсанаар Багшийн дээдийн автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй байлаа. 

Автобуснууд нэг нэгээрээ цувран ирж, ээлжлэн зогсч, иргэд урд хаалгаар нь орохдоо цахим карттай нь картаа уншуулж, картгүй нэг нь бэлэн мөнгөө автобусны урд хэсэгт байрлах хайрцагт хийж үйлчлүүлэх ажНэгэн үе хэзээ ч дасахгүй мэт санагдаж байсан нийтийн тээврийн салбарын шинэчлэлд иргэд аль хэдийнэ дасч, урд хаалгаараа ороод  карт уншуулах машинд цүнхээ ганц удаа дараад, харин буухдаа  хойд хаалганы хажууд байрлах машинд дахиж нэг дараад бууж хэвшчээ. Урьдын цагт ааштай, омогтойгоороо алдартай кондукторт чичлүүлж, чимхүүлж, өшиглүүлж, хараалган байж бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг байсан иргэдийн хувьд энэ хэрэглээ үнэхээр нүдээ олсон, оновчтой соёлтой  шийдэл болсон нь илхэн харагдана. Бид энэ удаад дөрвөн чиглэлийн нийтийн тээврийг сонгон зорчсон бөгөөд аялал маань МУБИС-ийн төв байрны баруун талд байрлах автобусны буудлаас эхэлсэн юм. 

Эхлээд бид МУБИС-Яармаг чиглэлийн автобусыг сонгож, зорчлоо. Автобусанд ормогцоо л жолоочийн дэргэд байрлах карт уншигч машины хяналтын самбар харагдахуйц байрлалд зогсч, иргэд бэлэн мөнгө, картны алийг сонгон үйлчлүүлж байгааг “тагнах”-аар шийдсэн юм. Автобусны урд хаалгаар иргэд цуварч орох бөгөөд ахмадууд сурмаг гэгч нь цүнхээ машинд уншуулаад л арагшаа явж, суудал дээр тухлах аж. Жолоочийн хажууд байрлах хянагч самбарын зүүн талд хоёр ногоон өнгийн гэрэл асах бөгөөд дээд талд нь хөнгөлөлттэй зорчих карт уншуулахад нэгийн тоо, харин хөнгөлөлтгүй карт уншуулахад 500 гэсэн тоо гарч ирдэг юм билээ.  Карттай нь картаа уншуулаад зорчиж байхад харин картгүй зарим нь бэлэн мөнгөний хайрцагт 500 төгрөг хийж байна. 



 

Гэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь 100-тын дэвсгэртээр үйлчлүүлж байгаа бололтой. Учир нь тус автобусны бэлэн мөнгөний шилэн хайрцагт зуут голдуу дэвсгэртүүд харагдаж байлаа. Их хотын баруун урд зүгийг чиглэн давхих автобусанд зогсоол бүрээс  зорчигчид сууна. Ингэхдээ нийтийн тээвэрт “туулайчлах” явдал ихэссэн нь зөвхөн нэг чиглэлийн автобусаар зорчиход л ажиглагдаж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй болов уу.  Бага насны хүүхдүүд бараг л мөнгө төлөхгүй үйлчлүүлж байна гээд хэлчихвэл хэтийдэхгүй. Жижиг биетэй учир жолооч анзаардаггүй юм уу, ямартай ч, энэ автобусанд суусан хүүхдүүд бүгд л мөнгө төлөлгүй орох хаалгаар ормогцоо л шууд хойшоо гүйж байсан. Харин хөнгөлөлттэй карттай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд картаа машинд уншуулах бөгөөд тэдний ар өврөөр “туулайнууд” орж ирэх нь элбэг аж.  Гаднаас нь харахад  цэвэрхэн хувцасласан залуухан хос “Ард” кино театрын автобусны буудлаас манай автобусанд суусан юм. Тэд орж ирмэгцээ л хоосон суудал бараадан суучихав. 

 

Бэлэн мөнгөний хайрцагт мөнгө хийгээгүй атлаа картаа ч бас уншуулаагүй тул тэднийг мөнгөө хийх болов уу гэж их л анхааралтай ажиглалаа. Гэсэн ч тэд “Чи мөнгөө хийгээгүй юм уу” гэж шивнэлдэж байгаад “Жолооч анзаараагүй юм чинь яах вэ” гэсэн байдалтай жишим ч үгүй сууж байгаад буух буудалдаа ирмэгцээ гарч одсон. Тэдний дараа 40 гаруй насны эрэгтэй 5000 төгрөг барьсаар орж ирэв. Уг нь автобусны хайрцагт 500 төгрөг хийх ёстой гэдгийг хүн бүхэн л мэдэж байгаа. Гэтэл “Бүхэл мөнгөтэй, задлах хүн байна уу” гэсээр орж ирсэн энэ эрэгтэй туйлын хачин санагдав. Тэрбээр орох хаалганы дэргэд хэд эргэлдэж байгаад автобуснаас буугаад явчихав. Иргэдийн олонхи нь 100-тын дэвсгэртээр өнгөлсөн, нугалсан мөнгө хийж байсан учраас тэднийг 500 эсвэл 200 төгрөг хийж байгаа эсэхийг хянах ямар ч боломжгүй ажээ. 

Түүнчлэн иргэдийн зарим нь мөнгөө төлөлгүй орж ирчихээд суудалдаа суусныхаа дараа санаж, буцаж очин мөнгөө хайрцагт хийх тохиолдол байх авч зарим нь 1000 төгрөг барьж орж ирчихээд 500 төгрөг сураглаж, жолоочийн нүдийг хариулж байгаад шуудхан суудал бараадах тохиолдол ч гарч байсан. Бүр өндөр настнуудад олгосон хөнгөлөлттэй зорчих эрхийн картаар хүү нь эсвэл охин нь үйлчлүүлэх, сурагчийн цахим картаар насанд хүрсэн хүн  үйлчлүүлээд явах ч тохиолдол гарч байв. Хоёр хүн орж ирээд нэг нь мөнгөө хийгээд нөгөө нь хийхгүй байх тохиолдол ч гарлаа. Тэр бүрт жолооч шаардлага тавихгүй юм. Иргэд ч нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа бол мөнгөө төлөх ёстой гэдгээ ухамсарлахгүй байгаа бололтой. Гэхдээ үүнд жолооч нарыг буруутгах арга үнэндээ алга.

Олон хүний амь насыг хариуцаж яваа эдгээр хүмүүс  зорчигчдынхоо аюулгүй байдлыг юу юунаас илүү тавих шаардлагатай болохоор, хүн болгоны хийж буй мөнгийг хараад суух боломж хомс аж. Тэдний хувьд зорчигчидтой мөнгө төлсөн төлөөгүй гэх хэрүүл хийж, араас нь хөөцөлдөх боломж үнэндээ гардаггүй гэж байв. Ямартай ч, сүүлийн үед автобусны “туулай” нэлээд олширсон нь эндээс харагдлаа. 
 

Хөгшин, залуугүй “хулхидах” болжээ


Бидний суусан автобус хурдлан давхисаар эцсийн буудалд хүрч эргэн зогсоход бэлэн мөнгөний шилэн хайрцагны дундаас доогуур хэртэй мөнгө цугларчээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийгдсэнээр ааш муутай кондукторуудын үүрэг үгүй болсон. Гэхдээ жолооч нарын хувьд зорчигч нараа  зорьсон газарт нь аюулгүй хүргэхээс гадна мөнгөний хайрцаг, карт уншигч төхөөрөмжөө хянах, автобусаа цэвэрлэх гээд хүлээх үүрэг нь нэмэгджээ. Тиймээс кондукторгүй автобусыг жолоодоход гарах хүндрэл бэрхшээлийн талаар хижээл насны жолоочоос тодрууллаа. Түүнийг Л.Нарангэрэл гэдэг бөгөөд бидэнд ийн хуучилсан. “Цэвэрлэгээнээс эхлээд хүндрэлтэй асуудлууд бий бий. Өнөөдөр л гэхэд нэг залуу автобусанд бөөлжчихөөд хэнэг ч үгүй  буучихсан. 

Ийм асуудал гарахад бид өөрсдөө цэвэрлэхээс өөр аргагүй. Кондуктортой байсан бол ядаж л бөөлжихөөс нь өмнө буулгачихгүй юу. Ер нь иргэд  хогийн сав байсаар байтал ундааны сав,  хог хаягдлаа замбараагүй хаях юм. Бид цэвэрлэгээгээ  хариуцна, мөнгө төгрөгийн асуудлаа ч хянаж байна. Үнэнийг хэлэхэд хүмүүс 500 төгрөг хийхгүй байгаа. 200 эсвэл 100 төгрөг нугалж хийчихээд л яваад өгнө. Тэр бүр араас нь орилоод байх хэцүү. Зарим нь бүр  орж ирээд 10 мянган төгрөг гаргаж ирчихээд задгай мөнгө байхгүй гээд зогсчихно.  Тэгээд  буудал дээрээ ирэхээрээ буугаад явчихна. Бэлэн мөнгө хийж байгаа хүмүүс их хэцүү байна. 

Хөгшин, залуугүй л биднийгээ “хулхидах” юм байна шүү дээ. Цахим төлбөрийн картны хувьд амар байдаг юм. Орж ирээд нэг дарж уншуулчихаад л яваад өгнө. Нэг үеэ бодвол карт уншуулах иргэдийн тоо олширсон. Уг нь бүх хүн карттай болчихвол жолооч нар мөнгөний хайрцгаа “маллах” шаардлагагүй болно. Иргэд их ухамсаргүй байна. Энэ хайрцгийг хар л даа. Миний нэг эргэлтийн орлого шүү дээ” гээд мөнгөний хайрцаг руугаа заах аж. Үнэндээ энэ автобусаар зорчсон картгүй хүн бүр үүргээ ухамсарлаж, мөнгөө бүрэн хийсэн бол хайрцаг ядаж л дундуур мөнгөтэй байх байсан болов уу. Жолоочтой бид цөөн хором ярилцсаныхаа дараа автобуснаас бууж, буцах автобусанд суув. Тус автобусны жолооч нь эмэгтэй хүн байлаа. Гэхдээ эмэгтэй гэлтгүй автобусыг тун ч сайн жолоодож байсан юм. 

Түүний хэлж буйгаар цэвэрлэгээ хийх нь асуудал биш хэдий ч, иргэд дутуу мөнгө хийх явдал их байгааг учирлаж байв. Энэ эмэгтэйг Ч.Гантөгс гэдэг.  Тэрбээр “Хараа хяналт байхгүй болохоор орж ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь  хайрцаг руу дутуу мөнгө хийдэг. Ер нь харж байхад хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүс л карт их уншуулдаг юм. Эмэгтэй жолоочийн хувьд автобусаа өөрөө угааж цэвэрлээд яваад болоод л байна. Гэхдээ хаалган дээр хяналт байхгүй, кондукторгүй болохоор хүмүүс дутуу мөнгө хийх, эсвэл огт мөнгө хийхгүй яваад өгөх нь их байна. Миний хоёр эргэлтийн орлого энэ. Бүхэл 500 төгрөг хийх хүмүүс хуруу дарам цөөхөн байна. Голдуу задгай мөнгө хийдэг. Ингэхдээ 100, бүр 10, 20 төгрөг ч хийх юм. Манай иргэдийн ухамсар их муу байна.



 

Үүнээс болоод л автобус компаниуд алдагдал хүлээж байна шүү дээ. Жолооч байнга хүмүүстэй харьцаад, араас нь орилоод байх боломж байхгүй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 29/

    konduktoraa ajild n avah heregtei ajilguidel ih hymraltai deedsuud avtobusand suuj uzeegui avtobusnii zovlon medehgui ee ehner huuhduud n gadaadad amidarj baigaa uurnuu jib unaj

    Хариулах
  • Балт / 2015 10 сар 29/

    Ямарч тасалбар, үзүүлэх баримгүй болгочихсон мөнгө хураалтын гай шүү дээ. Энд зөвхөн жолооч зорчигч л яригдаж байна. Гэтэл энэ тооцоогүй мөнгийг хурааж, тоолдог "ЭРХЭМ НӨХДҮҮД" юу хийж, яаж хумсалж байгаа нь тодорхойгүй л байна шүү дээ.

    Хариулах