Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 10 сар 29

Ноён уулыг нинжа нар самарч байгаа тухай, мөн энэ уулын ашиглалт хамгаалалтыг “Сентерра Гоулд”-д л өгөхгүй бол тэндхийн байгаль орчин болохоо байж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед хүчтэй ярих болов. Одоо ярьж бичиж байгаагаар бол газар газрын ялангуяа орон нутгийн нинжа энд тэндээс цуглачихаад Ноён уулыг чухам нураах гээд байгаа гэх. Нинжа нарын хүрз, жоотуугаар ухаж онгичсон нүхнүүдийг хүчит техникээр зэвсэглэсэн сентеррагийнхан ганцхан тэсэлгээгээр 20-30 м нурааж орвонгоор нь эргүүлж чадна. Алтыг нь канадууд хоёр гуравхан жилийн дотор ухаж авчихаад талийна, Ноён уулаас маань дээрх зураг дээрх шиг онгорхой хар нүх л үлдэнэ.
Бор гөрөөс цахилсан, битүү хусан ойтой байсан энэ уулын оронд одоо Улаанбаатарын бүх хог, дээр нь ДЦС-уудын олон жил хуримтлагдсан үнсийг хийсэн ч дүүрэхээргүй том ангал нүх үүссэн байгаа.
Канадууд манай төрөөс олгосон эрх мэдэлдээ дулдуйдан энэ уулын хэвлийд байсан хэдэн тэрбум тонн алтны хүдрийг тэсэлж ухаж аваад үйлдвэр рүүгээ өдөр, шөнөгүй зөөсөн.
Тэнд чулуулгийг лаг шавар болтол нь тээрэмдэж, хэдэн мянган тонн цианид натри ашиглан алтыг нь угааж аваад ус шавартай хаягдлыг Бороо голын ойролцоох хаягдлын далан руугаа урсгачихсан учраас энэ том нүхийг бөглөх ширхэг чулуу ч ууланд үлдээгүй.
Олборлолт эхлэхээс өмнө маньдаа амалж андгайлж байснаараа энэ ангалаа юугаар ч болов дүүргэж, нөхөн сэргээлт хийж, уулыг маань байснаар нь босгож өгчихөөд дараа нь өвөг дээдсийн маань ариун дагшин газар руу дайрвал яасийм гэж одоо тэднээс асуумаар байна. Богд уулаас хэд дахин том, сүрлэг эртний тахилгатай Ноён уулыг маань сэглэж, дээрх маягаар сарны гадаргуу шиг болгохыг монголчууд л лав зөвшөөрөхгүй нь лавтай. Их хурлын гишүүний нэр зүүсэн шуналтнууд яахаа харин өөрсдөө мэдтүгэй. Ноён уулаа хамгаалах нийгмийн сүлжээгээр тархсан хөдөлгөөнд өнөөдрийн байдлаар гадаад дотоодод амьдардаг 70000 гаруй монгол хүн нэгдээд байгааг энэ дашрамд дуулгая.
Одоогоос 100 жилийн өмнө буюу 1910-аад оны үед энэ хавьд алт олборлож эхэлсэн хятадуудыг чин ван Ханддорж тэргүүтэй ноёд, нутгийн ард олон хүчтэй эсэргүүцсэний дүнд Манжийн Засгийн газар гаргасан шийдвэрээ зогсоож, хятадуудыг гаргаж байсныг буурал түүх мартаагүй байгаа.
“Гацууртын ордыг ч ашиглана, Ноён уулыг ч хамгаална” гэж тэнэглэхээ ерөнхий сайд маань одоо больж үз. Уурхайнхны гарт уул ус өртөхөөрөө ямар болдгийг бүх нийтэд харуулж болох бэлэн жишээ болох “Бороо Гоулдынхны” сүйтгэсэн Таширын нуруу Улаанбаатар хотоос 130 км, Дархан ордог төв засмалаас ердөө гуравхан км. Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс, оюутнууд, дунд сургуулийн хүүхэд багачууд, сэтгүүлчдийг тусгай аялал зохион байгуулан энд ирж үзэхийг би уриалж байна. Ноён уулыг ухуулна, баяжина гээд дэвхцээд байгаа орон нутгийн хурган дарга нарыг нэн түрүүнд энэ аялалд хамруулах ёстой.
Миний бие “Хаан хорны аюул хаяанд чинь ирчихлээ хүмүүс ээ” http://www.sonin.mn/news/politics-economy/41407 Алт бидний ирээдүй мөн үү http://www.sonin.mn/news/politics-economy/41242, “Ноён уулаа нурааж байгаль орчныг нь хордуулах уу” “Зууны мэдээ” 2015-2-4 зэрэг нийтлэлдээ байгаль орчны ноцтой асуудлуудыг хөндөн бичиж байсныг уншигчид санаж байгаа болов уу. Энэ нийтлэлүүдийг өгөх гэж өөр хэдэн газарт хандаж үзээд бас чадаагүй юм.
Дахин сануулахад хүнцэл буюу оросоор мышьяк бол химийн бодисынхоо хувьд Менделлевийн үелэх системийн 33-т жагсдаг жирийн л нэг өргөн тархмал металлоид. Гэхдээ зарим бодистой урвалд орохоороо заналт зэвсэг болж хувирдаг шидлийн эд. Хүнцэл бусад бодистой амархан урвалд ордог. Хүнцлийн хамгийн хортой нэгдэл нь арсин буюу хүнцэлт ус төрөгчийн хий / AsH3/. Агаарт ердөө 0.05мг/л байхад л амьсгалаар дамжин биед оронгуутаа цусны улаан бөөмийг устгаснаар халуун цустай ямар ч амьтныг хагас цагийн дотор чадхийлгэнэ. Хүнцэлтэй хуурай сүү байнга хэрэглэсний улмаас 1955 онд Японд 12000 гаруй хүүхэд хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байлаа.
Тэгвэл бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг тариа, ногоог ургуулдаг тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймагт байдал одоо ямар байгааг та бүхэнд товчхон танилцуулъя.
Баримт 1. Монгол Улсын стандартаар нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл зургаан мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гэж тогтоосон байдаг. Судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 47000мг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Одоо ашиглалт нь дууссан “Сентерра Гоулд”-ын охин компани болох “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын далангийн усан дахь хүнцэл 2820мг/л, далангийн шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д хүрч байгаа нь стандартаас мөн 500-700 дахин их байна гэсэн үг. Мөн Ноён уулаас эхтэй Гацууртын голын дунд хэсгийн шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Гацууртын голын дагуух шороон ордыг “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус хордсоныг дээрх баримт өгүүлдэг.
“Хүнцэл ихтэй учир уг голоос ууж болохгүй болсон. Гацууртын голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийхан зөөврийн усаар хангаж байгаа” гэж “Сентерра Гоулд” компанийн захирал ноён Казаков өөрөө ам алдсан. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь хэдэн зуун метр дэлбэлэн ухаж, үндсэн ордны хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол оо? Хүнцэл газрын гүнд байгалийн жамаараа оршиж байхдаа хэнд ч гэм хор учруулахгүйгээр эрдэс чулуулагтаа бэхлэгдсэн байдаг. Гагцхүү тэсэлж дэлбэлэн ухаж төнхөж газрын гадаргууд ил гаргаад ирэх юм бол нарны гэрлийн нөлөөгөөр агаар устай исэлдэж, уусамтгай, ууршимтгай нэгдэл болон хувирч байгаль орчин хүн амьтныг хордуулж эхэлдэгт асуудлын мөн чанар нь оршиж байгаа юм.
Баримт 2. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь “Бороо Гоулд”-ын алт угаах үйлдвэрийн хаягдлын далангийн доох нь орших Бороо голын ойролцоох гүний худгийн усанд хүнцлийн агууламж өндөр байгаа нь далангийн ус газрын гүн рүү нэвчсэн байх магадлалтай. Учир нь далангийн ус хатаж ширгээд одоо лаг шавар болсон байна. Энэ том нуурын ус хоёрхон жилд ууршчихна гэдэгт хэн ч итгэхгүй. Хэрэв “Сентерра Гоулд” компани Гацууртын ордыг ухаад эхлэх юм бол алттай хүдрийг ийш нь зөөн энэ үйлдвэртээ тээрэмдэж угаана. Тэр үед уурхайн хаягдлын далангийн бохир ус дахиад нэмэгдэнэ. Монгол орон бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг. Сүүлийн үед газар хөдлөлийн давтамж ойрхон болж, жилд 200-300 чичирхийлэл бүртгэгдэж байна. “Сентерра Гоулдынхны” Ноён ууланд хийх асар хүчтэй тэсэлгээнүүд ч үүнд нөлөөлнө. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч хаягдлын хиймэл нуурын хэдэн сая тонн хүнцлээр бохирдсон ус доошоогоо алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Хоёр жишээ дурдъя. 1992 онд АНУ-ын Колорадо мужид алт угааж байсан “Галактик Ресорс” компанийн уурхайн хаягдлын далан сэтэрч, хорт хаягдал Аламос голд алдагдсанаас энэ голын амьд амьтан бүгд устаж үгүй болсон. Энэ бол Америкийн түүхэнд болсон экологийн хамгийн том сүйрэлд тооцогддог. Хорыг саармагжуулах ажилд АНУ-ын Засгийн газар 160 сая ам. доллар зарсан бол тухайн үед энэ компанийг эзэмшиж байсан, монголчууд бидний эртний танил “Айвенхоу Майнзын” Роберт Фридланд ноён шүүхийн шийдвэрээр нутгийн иргэдэд 30 сая доллар нөхөн төлбөрт өгснөөр компани нь дампуурч байсан баримт бий.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.