Шатахууны үнэ буурахгүй, харин валют хэмнэнэ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 10 сар 30 ・ 2

Монгол Улсын хэмжээнд шатахууны 20 хоногийн нөөц бүрдүүлдэг. Тэгвэл ирэх оноос нэг сарын нөөц бүрдүүлж байх Засгийн газрын тогтоол өнгөрсөн 20-ны өдөр гарчээ.  Уг тогтоолд улсын нөөцийн шатахуун бүрдүүлэх компанийн нэрс, бүтээгдэхүүний төрөл, хэмжээг  тусгасан байна. Ингэснээр нэг сарын хэрэглээ буюу 85 мянган тонн шатахуун нөөцлөх болсон юм. Одоогоор 16 аж ахуйн нэгж Засгийн газрын нөөц бүрдүүлэх тогтоолоор хүлээсэн үүргийнхээ дагуу 83350 тонн шатахуун хадгалж байна. Үүнийг задлаад үзвэл А-80 бензин 8155, АИ-92 бензин 21505, дизелийн түлш 50030, ТС-1 онгоцны түлш 3660 тонн байгаа аж.  Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл өчигдрийн байдлаар улсын хэмжээнд шатахууны жижиглэн худалдааны компаниудад ердийн хэрэглээний 46 хоногийн нөөц байв. 

Энэ бүгдээс үзэхэд шатахууны хомсдол хол байна. Харин дэлхийн зах зээл дээр газрын тос, түүний бүтээгдэхүүний үнэ унаад байхад манайд яагаад хямдрахгүй байгааг иргэд гайхдаг. Тэгвэл Уул уурхайн сайд Р.Жигжид “Манай улс шатахууны хэрэглээгээ импортоор хангадаг. Иймд шатахууны үнийн савалгаанд өртөх эрсдэл өндөр. Дэлхийн зах зээл дээр өнөөдөр газрын тосны үнэ буурсан. Гэвч бид шатахууны үнэд болгоомжтой хандаж цаашдын чиг хандлагыг нь ажиглаж байна. УИХ энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Үүнд шатахууны Гаалийн болон Онцгой албан татварыг нэмэхээр тусгасан. Тэгэхдээ бүс нутгийг нь харгалзан үзэж ялгавартай тогтооно.

Шатахууны үнийг тогтвортой байлгаж хямдралыг нь улсын төсвөөр дамжуулж нийгэмд хүртээнэ гэж хэлж болно. Газрын тосны үнийн уналт шатахууны бөө­ний үнийг тонн тутамд нь 300 төгрөгөөр буурууллаа” гэсэн билээ. 
                     
Үүнээс гадна Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн өчигдөр ийнхүү тайлбар­лав. “Газрын тосны үнэ одоо буурах хандлага байхгүй. Сүүлийн хоёр сарын хугацаанд нэг баррель газрын тосны үнэ 47-50 ам.долларын хооронд хэлбэлзэж буй. Зарим өдөр үүнээс илүү үнэтэй болсон. Бид ирэх онд нэг баррель газрын тосны үнэ ямар байх төсөөллийг маш анхааралтай ажиглаж байна. Олон орны эксперт, судлаачид газрын тосны үнэ буурна гэж огт ярихгүй байна. Энэ ч аргагүй. Хэрэв үнэ одоогийнхоос буурвал дэлхий нийтээр газрын тосны хайгуул, олборлолт доголдоно. Олон цооног  хаагдана. Газрын тосны салбарт ийм л нөхцөл байдал үүсээд буй юм. Бид энэ бүгдийг тооцоод шатахууны үнийг тогтвортой байлгах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээд онцгой албан татвар нэмсэн. Энэ орлогын нэг хэсэг нь төсөвт орно. Цаашид уг  татварын орлогоор сан бүрдүүлнэ. Сангийн хөрөнгөөр түлш, шатахууны хангамж, аюулгүй байдалтай холбоотой нөөц бүрдүүлэхэд зарцуулах юм. Мөн шатахууны үнэ огцом өсөх үе гарвал зохицуулалт хийнэ. Түүнээс биш шатахууны онцгой албан татварыг нэмж төсвийн онгорхой цоорхойг нөхөж  жижиглэнгийн үнийг буулгахгүй байгаа юм биш. Үүнийг зөв ойлгоорой. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын ахалсан “Шатахууны үнэ, хангамжийг тогтвортой байлгах зөвлөл” гэж бий. Энэ зөвлөлд иргэний нийгмийн байгууллагууд бүгд ордог. Тэгээд бид ярилцаад тодорхой шийдэлд хүрдэг. Бидэнд олон давуу тал байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 10 сар 30/

    Энэ бол цэвэр төрийн дээрэм, хүний эрхийн зөрчил иргэд бид чинь хямд, чанартай шатахуун хэрэглэх эрхтэй

    Хариулах
  • Зочин / 2015 10 сар 30/

    Энэ бол цэвэр төрийн дээрэм

    Хариулах