Увсын цэнхэр хязгаарыг бүтэн жил манасан байлдагчийнд...

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 04
 

Цэргийн амьдрал сайхаан... Энэ үг миний бичих гэж буй нийтлэлийн төгсгөлд байх ёстой боловч өөрт буусан сэтгэгдлээ хамгийн эхэнд яаран өгүүлж буй нь энэ. Энэ удаагийн “Танайд зочильё” булангаараа хүн бүхний таньдаг эрхмийнд биш энгийн нэгэн байлдагчийнд зочлох сэдлийг манай сонины редакцийн хамт олон гаргасан юм. Ингээд Хөвсгөлийн Хилийн 0257 дугаар ангид томилолтоор ажиллахаар оччихоод нэн тэргүүнд гэрт нь зочлох байлдагч олох гэж яарлаа. 600 гаруй км-ийн цаанаас зорьсон хэргээ бүтээж байлдагчийн зөвшөөрсөн урилгыг гардан авав. Ингээд Хөвсгөлөөс хугацаат цэргийн албанд татагдан Увсын хил дээр албаа амжилттай хаагаад ирсэн ахлах түрүүч цолтой П.Төрбатынд хамтдаа зочильё.

Ангиас ердөө зам гараад л орчих тийм ойрхон газар бараг л хамар хашаанд ахлах түрүүч Төрбатынх амьдардаг аж. Цэргээс халагдаж ирээд хоёр хонож байгаа ч гэрийнхэнтэйгээ тухтай уулзаж суух завгүй өдөржин гадуур ажил зохицуулж яваад надтай зэрэгцэн Төрбат маань гэртээ ирэв. Хашаанд хуучны шавар байшингаас гадна нэг гэр харагдана. Монгол айлуудын ёсоор хоёр нохой хашааг нь сахидаг бололтой уяатай атал гадны хүний бараанаар над руу хуцан дайрч тэрүүхэндээ намайг айлгаж орхив. Ингээд урилга заллагагүй, урьдчилан мэдэгдээгүй айлдаа шууд л яваад орсондоо санаа зовнин учир байдлаа тайлбарлалаа. Төрбат аав, ээж, дөрвөн дүүгийн хамт амьдардаг аж.

Охин дүүгийнх нь хүүхэд гэнэтийн зочин миний өөдөөс харан бүлтийхэд сая айлд хоосон орж ирснээ ухаарав. Зочны өрөөнд бууз хийж байсан тэд бидний сургаар юм хумаа хураан, гэрээ эмхэлж сандарцгаана. Монгол хүний ёсоор Төрбатын ээж мэнд мэдэн уриалгахан хүлээж авав. Би ч байлдагчаасаа өмнө түүний ээжтэй яриа өрнүүлэн танилцав. Амралтын өдөр байсан учир гэрийн эзнийг сураглаад амжлаа.

“Манайх Хөвсгөл аймагт амьдраад удаж байна. Манай хүн удахгүй ирнэ. Эгч нь ойрхон худагт ажилладаг юм. Бие чилээрхээд манай хүн өнөөдөр ажлыг минь орлон хийж байгаа” гэлээ. Энэ хооронд харин Төрбат маань цэрэг хувцсаа өлгүүрээс буулган цамцныхаа захны даавууг хадахаар утас зүү нийлүүлэн суув. Хилийн цэргийн сурвалжлагч гэж өөрийгөө танилцуулсан тул тэрбээр надаас бишүүрхэн тэр даруйдаа ам нээж ярилцахгүй байгаа Төрбатын аргыг ололгүй ээжтэй нь түүний талаар эхлээд ярилцахаар шийдэв. Төрбат айлын том хүү учир аав ээж нь хүүгээ ихэд дэмждэг аж. Ээжтэй хөөрөлдөх зуурт Төрбат бидний яриаг сэмхэн чагнан сууна. Харин удалгүй өөрийнхөө тухай тэрбээр ярьж эхлэв.

Тэрбээр дунд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод их сургуульд сурахаар явжээ. Анх удаа улсынхаа нийслэлд хөл тавьсан бор хүү нутгийнхаа таван давхар байшингаас илүүг үзэж хараагүй учир их л будилж байсан гэх. Хамгийн түрүүнд хотын замын хөдөлгөөн, энэ их машинаас айж зам гаралгүй тойрч явсаар зорьсон газартаа их л удаж хүрч байсан хөгтэй явдал байдаг гэнэ. Ингээд Улаанбаатар их сургуульд санхүүч мэргэжлээр сурч байгаад хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн сургуулиасаа чөлөө авч цэрэгт явах шийд гаргажээ. Тэр тусмаа Хилийн цэргийг илүүтэй сонирхож нэг жилийн хугацаатай цэргийн албыг амжилттай хаагаад ирсэн нь энэ.

“Миний хүү хамгийн мундаг нь байсан гэсэн. Халагдсан цэргүүд жагсахад миний хүү хамгийн эхэнд алхаж байгаа юм чинь” гээд л хүүгээрээ ээж нь бахархана. Тэгснээ Төрбатын дүүг дуудан утсан дээр бичсэн бичлэгийг надад үзүүлэв. Үнэхээр эх хүний бахархал гэдэг энэ. Жагсаалын эхэнд алхах ахыгаа дүү нь даган зэрэгцэн гүйж бичлэгийг нь хийжээ. “Ганцхан миний алхаж байгааг л бичсэн байгаа юм даа. Муу зураглаач гэдэг нь” гээд Төрбат бас л ичингүйрэв. Бидний яриа ид эхэлж байхтай зэрэгцэн гадаа нохой хуцаж гаднаас хүн ирж буйг дуулгав. Хамаатны ах нь гомдол мэдүүлэн, “Төрөө халагдаж ирснээсээ хойш харагдсангүй” гэх дуунаар ч Төрбат год үсрэн босч үнсүүллээ. “Танайхаар ойрын үед орох гэж байлаа” хэмээн учирлав.

Энэ зуур хамаатны ах хүү мөн л цэрэг хувцастай намайг ажин харснаа, “Төрөө цэргээс халагдахдаа эхнэр дагуулж ирээ юу?” гэж асуун бөөн инээдэм болов. Гэрийнхэн сандралдан Төрбатаас ярилцлага авч байгаа сурвалжлагч гэдгийг маань хурдан тайлбарлалаа. Хамаатны ах цай уун чимээгүй сууж байснаа, “Төрөөг халагдаж ирэхийг хараад өөрийн эрхгүй нулимс дуслуулсан шүү. Манай энэ эр хүн болчихож” гээд л магтлаа. Ийнхүү ойр зуурын сонин сайхан ярилцаад дараа тухтай уулзая хэмээн гарч одлоо.

“ТУСЧ БАЙЛДАГЧ”-ААР ӨРГӨМЖЛӨГДСӨН НЬ

Бид огт танихгүй хүмүүс мэт байхаа больж цэргийн албаа хэрхэн амжилттай хаасан тухайгаа үргэлжлүүлэн ярилцлаа. Төрбат бичиг үсэггүй онжавтаа эрдэм ном зааж уншиж сургажээ. “Миний хүү чинь угаасаа хүнд их тусч, аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг” гэх ээжийн магтаал Төрбат хүүгийн амьдралтай нийцэж буй нь тэр бололтой. Төрөө маань алба хааж байхад цэргийн албаа амжилттай хааж байгаа тухай болон бичиг үсэг найздаа заасан талаараа гэрийнхэндээ ганцхан удаа л захидал явуулсныг ээж нь нандигнан хадгалжээ. Ингээд хүүгээ цэргээс халагдаад ирэхэд нь захидлыг үзүүлтэл ичээд шатаачихсан гэнэ. Алба цуг хаасан нөхөр нь бичиг үсэгтэй болсондоо баярлаж Төрбатыг даагаар мялаасан тухай захидалдаа бичсэн байж л дээ. Анги байгууллагаас түүнийг  “Тусч байлдагч”-аар тодруулж энэ шагналыг Төрбат хүүд шинэ жилээр гардуулсан аж. Шагналаа харин гэрийнхээ хойморт дэлгэн тавьсан байлаа. Сонирхвол, “Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн Хөвсгөл аймгаас Баруунтурууны цэнхэр хязгаар, Хилийн 0311 дүгээр ангийн бэлтгэл заставт алба хааж бие сэтгэл, мэдлэг оюун, авьяас чадвараа дайчлан албаа нэр төртэй хааж буй таныг 2014 оны хамгийн “Тусч байлдагч”-аар шалгаруулав” хэмээн бичсэн байв. Сэтгэл зүтгэл байхад бусад хүмүүст дарга, цэрэггүй хүндлэгдэж болдог гэдгийг ганцхан жилийн дотор харуулж чадсан нь энэ шүү дээ. Ганцхан тусч байлдагчаар Төрбатын албандаа байгуулсан гавьяаг үнэлэгдээд зогссонгүй. “Шилдэг дайчин” алтан медаль шагналуудынх нь дэргэд өлгөөстэй харагдана. Бас “Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд амжилт гарган, албан үүргээ нэр төртэй хааж, бусдад үлгэр дууриалал үзүүлэн, застав, харуулын хөгжил, тохижилтод өөрийн хувь нэмрээ оруулсан явдлыг тань үнэлж заставын удирдлагын зүгээс болон бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Хэн ч таамаглахын аргагүй эрсдлийн өөдөөс эх орноо гээд морддог хилчин залуус бид нэгэндээ чин сэтгэл, хүн ёсоор хандахгүй юм бол өөр биднийг гэх зүйл юу билээ” хэмээн бичсэн чин сэтгэлийн талархлыг нандигнан хадгалжээ.

НЭГ НУТГИЙН ОНЖАВУУД

Удалгүй Төрбатын гар утас дуугарч “Би гялс гарчихаад ирье” гээд холоос яаран байж зорьсон зочин маань олигтой ч үг сольж амжаагүй байтал гараад явчихав. Гэхдээ арван минут ч өнгөрөөгүй байтал тэрбээр онжаваа дагуулаад ирэв. Нэг оны цэргүүдийн дунд насан туршид маш сайхан нөхөрлөл хадгалагдан үлддэг. Тиймээс ч утас дуугарангуут нөхрийнхөө сургаар тэрбээр яаран гарсныг сая нэг тунгаан ойлгов. Амьдралын турш сэтгэлээрээ холбогдох найзаа цэргийн албанаас олдог болохоор цэргүүд онжавдаа ёстой амь нэг шүү дээ. Угийн хүнд тусч зангаараа Төрбат онжаваа түрхэн хугацаагаар Хөвсгөлийн Бүрэнтогтох сумаас Мөрөнд зорьж ирэхэд нь гэртээ хонуулахаар ийнхүү дагуулан иржээ. Орой арга хэмжээтэй тул онжавынхаа цамцны захны цагаан даавууг бас хадаж өгөв. “Энэ цагаан даавууг хичнээн ч удаа хадсан юм бүү мэд. Эхэндээ зүү утас нийлүүлж үзээгүй эр хүнд хялбар ажил биш байсан. Тэгээд л буруу оёлоо гээд ахиад хадна шүү дээ” гэж яриад инээв. Харин ийнхүү ярих зууртаа хормын дотор хадаж орхив. Ёстой л нөгөө гарт нь орсон амархан ажил болжээ. Гэхдээ ажаад байхад цэргийн хувцсандаа их л дассан бололтой тул би ч асуугаад амжлаа. “Гэртээ ирээд цэрэг хувцасаа энгийнээр сольсон ч цэргийн малгайгаа толгойноосоо салгана гэж байхгүй шүү” гээд инээлээ.  

ТҮҮНИЙ ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ

 Зуухан дээр тавьсан халуун цай буцалж, гэрийн эзэн Пүрэвжав ах ч орж ирэв. Гэрийн эзэн орж ирмэгц гэр дүүрэх шиг л болов. Хүүхдүүд ч дуу хуур нэмэн бужигналдав. Харин Пүрэвжав ах цаанаа л нэг буурьтай сууна. Мэнд мэдэн гэрийн хойморт гарч хүүгийнхээ онжав болоод надтай танилцлаа. Өнөр өтгөн энэ гэр бүл жижигхэн ч гэлээ өргөө гэртээ дуу хуур хангинуулан бужигналдах нь сайхан. Цэргээс халагдаж ирснээ хойш дүү нар нь Төрбат ахаасаа салахгүй дагаж байгаа гэнэ. Арга ч үгүй биз нэг жилийн хугацаанд санасан байж таарна. Дөрвөн дүү нь, “Өнөө орой би ахтайгаа хамт унтана шүү” гэж хоорондоо булаацалдана. “Алив хүн ирчихсэн байхад битгий бужигнаад бай” хэмээн ээж нь гэр лүү тэднийг хөөв.

Энэ зуурт гэрийн эзэнтэй миний бие танилцан яриа өрнүүллээ. Тэрбээр цэргийн албыг 1985 онд Улаанбаатар хотод Зэвсэгт хүчинд хаажээ. Цэргийн алба хаасан тухайгаа хамгийн түрүүнд гайхуулан бардан өгүүлж буйг нь ч би мэдрэв. Бас их инээд муутай хүн бололтой. Нэг зүйл яриад л инээнэ. Төрбат харин аавыгаа хараад дуу орж цэрэгт байхад болсон хөгжилтэй явдлаа ярив. Түүний ярьснаар зарим цэргүүд алхаж сурах гэж их хугацаа алддаг гэнэ. Эвсэл муутай хүнд цэргийн алхаа анхандаа хэцүү байдаг учир урд нь зөв алхаж байгаа нэгэнтэй нь хөл, гарыг нь холбож уяад утсан хүүхэлдэй шиг болгож байж сургасан нэгэн цэргийн тухай хөгжилтэй яриа дэлгэлээ.

Хүүхдүүдийг хажуу гэрт ор гэж хөөхөд айлын бага нь адтай гэдэгчлэн Төрбатын бага дүү Батхүслэн сэмхэн хоцорч үлдсэн байлаа. Бяцхан жаал энэ жил нэгдүгээр ангид орсон боловч хичээлээ хийх гэж ээж ааваараа гуйлгаж сүйд болдог сурагтай. Аав ээж нь ч боломжийг ашиглан “Хичээл хийхгүй бол энэ сурвалжлагч эгч чинь сонин дээр муу сурагч гээд бичнэ шүү” гэж айлгав. Адтай сэргэлэн хүү харин үүнийг эс тоон ахынхаа цэргээс халагдсан тухай ээжтэйгээ зэрэгцэн шулганах нь хөөрхөн. Сургууль гэснээс Төрбат маань их сургуульдаа үргэлжлүүлэн сурч, дүү нараа өсгөхийн тулд аав ээждээ тус дэм болон цаашдаа ажил хийхээр төлөвлөжээ. Боломж олдвол Хилийн цэрэгт үргэлжлүүлэн алба хаах хүсэл тэмүүлэл байгаа гэдгээ ярив. Ийнхүү халуун дулаан уур амьсгалтай нэгэн эгэл жирийн гэр бүлд зочилж, хилчин байлдагчийнхаа сайхан дурсамжийг уудлан, албаа санагалзсан сэтгэлийг нь хуваалцлаа.

Энэ зуурт Төрбат найзынхаа хамт аймгийн төвийн театрт зохион байгуулагдах шинэ цэрэг татах, халагдаж буй цэргүүдэд зориулсан уулзалтын арга хэмжээнд оролцохоор бэлтгэж эхлэв. Мань хоёр гэлтгүй гэрийнхэн нь ч явахаар зэхлээ. Хэдийгээр богинохон хугацаа ч гэлээ энэ гэр бүлийн нэгэн гишүүн шиг зэрэгцэн сууж, хоол цай идэж, хөгжилтэй түүх сонсч, цэргийн амьдралын талаар яриа өрнүүлэн байхдаа миний хүсч байсан энгийн нэгэн айлыг олон “Танайд зочильё” булангаа бэлтгэж чадсандаа сэтгэл тэнэгэр байлаа. Хайр бялхсан бяцхан байшинд зочлон суухдаа бүх л хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүл яг ийм амар тайван, дүүрэн жаргалтай байвал Төрбат шиг албаа нэр төртэй хаана даа гэсэн бодол төрөв. Ингээд Увсын цэнхэр хязгаарыг нэг жилийн хугацаатай манаж эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж чадсан цэргийн хүүгийнд зочилсон тэмдэглэлээ жаргаая. Төрбатдаа болоод тэдний гэр бүлд амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэд ахлагч С.ОТГОНЦЭЦЭГ

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх