Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 06
・ 1
 |
Өнөөдрийн нийгэмд иргэдийн толгойны өвчин, хотын удирдлагуудын амны уншлага болсон хэдэн асуудал бий. Тухайлбал, хүүхдийн болон төрөх эмнэлэг, утаа, замын түгжрэл, эдийн засгийн хямрал, бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш зэргийг нэрлэж болно. Энэ дундаас иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хамгийн хор хөнөөлтэй, шийдэж чадахгүй өдийг хүрсэн зүйл бол утаа. Зарим хүн Улаанбаатарыг “Утаанбаатар” хэмээн хошигнох болсон. Мэдээж үнэний ортой. Учир нь, аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл хотын иргэд утаагаар амьсгалдаг. Дүн өвлийн хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд чадлынхаа хэрээр нүүрсээ бэлтгэж, түүнийхээ ачаар хавартай золгодог. Өвлийг өнтэй давахын тулд утаанд хордож, эрүүл мэндээрээ хохирох нь энүүхэнд. Хот дотор тэр дундаа гэр хороололд алхах хүмүүсийн хоолой хорсож ханиалган, нүд арган нулимс гарч, хувцаснаас утаа үнэртдэг. Ийм л хэцүүхэн дүр зураг хотын саарал утаан дунд байсаар л. Хотын удирдлагууд холбогдох албаныхан утааг багасгах зорилгоор жил бүр хэдэн тэрбум төгрөг зарцуулан янз бүрийн ажил санаачлан хийдэг ч үр дүнд огт хүрдэггүй. Жилийн жилд яг л янзаараа. Харин мэргэжилтнүүд хотын утаа төдөн хувиар буурсан гэж ярьдаг ч тэр нь иргэдийн нүдэнд харагдахгүй. Улам л ихэссээр. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал О.Чимэдсүрэнтэй ярилцлаа.
О.ЧИМЭГСҮРЭН: АГААРЫН БОХИРДЛООС БОЛЖ ДУНДАЖ НАСЛАЛТ БУУРЧ БАЙНА
-Нийслэлийн иргэд өвөл, хаврын хэдэн сар утаан дунд амьдарч байна. Сүүлдээ ч энэ байдалтай эвлэрч байх шиг. Энэ чиглэлийн судалгаа шинжилгээ хийдэг хүний хувьд энэ нөхцөл байдлаас гарах гарцыг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Агаарын бохирдол сүүлийн арван жилд маш эрчимтэй нэмэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулахын тулд бохирдуулагч нь яг юу болохыг зөв олж тогтоох нь чухал. Нэгдүгээрт, гэр хорооллын айл өрх хамгийн их бохирдол үүсгэдэг. Учир нь, нийслэл хотын айл өрхийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч, 200 мянга орчим айл өрх түүхий нүүрс түлж агаарыг бохирдуулж байна. Хоёрдугаарт, цахилгаан станцууд болон жижиг оврын зуухнууд. Гуравдугаарт, автомашин. Дөрөвдүгээрт, хөрсний эвдрэл, ил задгай хаясан хог хаягдал болон барилга байгууламжийн тоосжилт. Эдгээр нь агаарыг бохирдуулдаг. Энэ бүгдийг мэддэг хэрнээ одоо хүртэл утааг багасгаж чадаагүй л байна. Бид АНУ-ын Калифорнийн их сургуультай хамтарч 2013- 2014 онд судалгаа хийсэн. Одоо Канадын Сайямин Перс сургуулийн эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийж байна. Эдгээр судалгаанаас үндэслэн хотын агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн боломжийг олж харсан. Тодруулбал, түүхий нүүрс хэрэглэхгүй байх, автомашиныг евро стандарт руу оруулах, цахилгаан станцад нано филтер тавих гэх мэт. Ийм шийдлээр ажиллавал бид 2020-2025 он гэхэд агаарын бохирдлыг 70 хувь бууруулж чадна. Хамгийн чухал нь гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
-Өнгөрсөн жилүүдэд утааг багасгах ажлыг нэлээд хэрэгжүүлсэн. Түүний үр дүнд агаарын бохирдол 20-30 хувиар буурсан гэж мэргэжилтнүүд үздэг. Гэтэл иргэдэд төдийлөн мэдэгдэхгүй байна?
-Агаарын үндэсний хороо болон бусад байгууллага агаарын бохирд лыг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж байгаа ч доривтой буурахгүй байна. 2013 оноос агаарын бохирдлыг бууруулахад анхаарч, хэд хэдэн ажлыг санаачилсан. Тухайлбал, утаа бага гаргадаг, шаталт сайтай зууханд коксжуулсан нүүрс түлснээр агаарын бохирдол 20 хувь буурсан гэж үзсэн. Энэ бол үнэн. Гэхдээ нарийн ширхэгтэй тоосонцор 1000 микрограмм байх үед 20 хувь буурахад хэвийн хэмжээндээ хүрч чадахгүй. Тиймээс бидний нүдэнд агаарын бохирдол буурч багассан нь харагдахгүй байгаа юм. Хэрэв бид зуух, түлшээ солиод энэ байдлаар үргэлжилбэл агаарын бохирдол ердөө ч буурахгүй. Нөгөө л нэг янзаараа 20-30 хувь буурна гэсэн үг.
-Нарийн ширхэгтэй тоосонцор хэдэн микрограмм байвал хэвийн хэмжээтэй гэж үздэг вэ?
-Агаарын бохирдлыг хэм- жих гол үзүүлэлт нь нарийн шир хэгтэй тоосонцор байдаг Үүний зөвшөөрөгдсөн хэвийн хэмжээ нь нэг шоо метрт 10-30 микрограмм. Хүхрийн давхар исэл, нүүрсхүчил, устөрөгч, азотын давхар исэл, угаарын хий зэрэг үзүүлэлт сүүлийн арван жилд зөвшөөрөгдөх хэмжээнээс их болсон. Энэ үзүүлэлтээр агаарын бохирдолд хэмжилт хийхэд нарийн ширхэгтэй тоосонцорын агууламж жилд дунджаар нэг шоо метрт 70 микрограмм байна. Гэтэл өвлийн улиралд 100-1000 микрограмм хүрдэг. Ийм их хэмжээний тоосонцортой болохоор ямар нэгэн ажил санаачилж, эрчимтэй хэрэгжүүлээд ч буурахгүй нь ойлгомжтой. -Агаарын бохирдол аль хэдийнэ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Ямар байдлаар нөлөөлж байна вэ? -Хотын агаарын бохирдлын нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ нэг шоо метрт 70 микрограмм байхад л иргэдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлдөг. Монгол хүний дундаж наслалт 68-70 гэж үздэг. Гэтэл агаарын бохирдлоос болж дундаж наслалт буурч байна. Манай нийслэл 1.3 сая хүн амтай. Улаанбаатар хотод янз бүрийн өвчин, шалтаг шалтгааны улмаас жилд 7600 хүн нас бардаг. Үүнээс 1570 буюу ойролцоогоор 20 орчим хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэйгээр нас барсан байж болзошгүй гэж тооцоолсон. Агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор нь уушигны хавдраар нас барахад 34 хувь, уушиг, зүрхний шалтгаант нас баралтад 24 хувь, нийт хүн амын нас баралтад 8.2 хувиар нөлөөлж байна. Энэ судалгааг 2009 онд гаргаж байсан. Харин 2014 оны судалгаагаар 20 хувиар нэмэгдсэн гэж гарсан. Агаарын бохирдлоос болж насанд хүрэгчид уушигны хавдар, бага насны хүүхдүүд амьсгалын дээд замын өвчнөөр өвчилдөг. Уушигны хатгалгаа нэг өдрийн дотор илрэхгүй. 5-20 жилийн дараа илэрдэг. Манай улс элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа. Хэрэв агаарын бохирдол буурахгүй энэ байдлаар удаан үргэлжилбэл хэдэн жилийн дараа уушигны хорт хавдар ихсэх магадлалтай. Таргалалт, архи тамхи зэргээс болж цус харвалт зүрхний шигдээсээр хүмүүс нас барж байна гэж ярьдаг. Гэхдээ үүнд агаарын бохирдол их нөлөөлдөг гэдгийг судалгаагаар тогтоосон.
ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 230 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УТААНД ХИЙСГЭВ
Сүүлийн арав гаруй жил утааны асуудлыг хурцаар ярьж, шийд вэрлэхийн тулд олон, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Энэ хэрээр тэрбум, тэрбумаар нь хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Гэтэл ингэж их хөрөнгө зарцуулах тусам утаа улам нэмэгдээд байх шиг Учир нь, үүний цаана томчуудын бизнес явдаг гэж олон нийт харддаг. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогыг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.