Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 10

ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг. Гэтэл манай улсад сүүлийн жилүүдэд үнэ хямдыг нь харж транс тос бүхий масло, хүнсний бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэж, худалдаалах болсон байна.
Тухайлбал, хэрэглэгчдийг хямд үнэ, сайхан нэрээрээ татаж, хэдийнэ зах зээлээ олсон Тэсо Корпорацийн “Стандарт масло” нь транс тосны найрлагатай юм байна. Энэхүү тос нь хүний биед асар их хор хөнөөлийг авчирдаг бөгөөд хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болдог төдийгүй жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд шууд нөлөөлдөг ажээ.
Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч, анагаах ухааны доктор Ж. Амарсанаа “Баруун Европ болон Өрнөдийн томоохон гүрнүүдэд энэ тосыг хэрэглэхгүй байхыг ард иргэддээ уриалдаг бас хориглодог. Гэтэл тэнд хориглосон транс тос манайд хямд үнээр орж ирж байна. Энэ нь ч судалгаагаар тогтоогдсон. Транс тосны хэрэглээг хязгаарлахгүй бол манай улсын хүн амын дундах нас баралтын дийлэнх хувийг эзэлж буй өвчлөлүүдийн гол суурь болж байгаа юм.
Ер нь шошгон дээр ямар нэгэн байдлаар ургамлын гаралтай тос гэж бичээстэй л байвал транс тос байх магадлал маш өндөр. Харамсалтай нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр хэзээ ч транс тостой гэдгийг тэмдэглэдэггүй. Мөн устөрөгчжүүлсэн, хагас устөрөгч бүхий тостой гэж байвал транс тостой байх магадлал өндөр. ” гэв.
Гэвч хэрэглэгчдийн дунд тэр болгон бүтээгдэхүүн болгоны орц найрлагийг хардаггүй учир шууд шошгонд итгэж худалдан авалт хийдэг байна. Иймд бид маргарин буюу транс тос, цөцгийн тосны ялгааг дараахь мэдээллээр хүргье.

Цөцгийн тос буюу масло гэж юу вэ?
Монголчууд бид цөцгийн тосыг масло гэж нэрлэдэг. Үнээний сүүнд агуулагдах тосыг шүүн ялгаж маслыг гарган авдаг байна. Масло нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг эсэргүүцдэг төдийгүй биен дэхь тосны исэх урвалыг сааруулдаг гээд олон давуу талтай шим тэжээлтэй хүнс юм. Бидний хувьд багадаа сливочный масло буюу орос цөцгийн тосыг талхан дээр түрхэж идэж өссөн хүмүүс цөөнгүй. “Одоо дэлгүүрүүдээр масло төрөл төрлөөрөө байх хэдий ч дээр үеийн тэр амтыг гүйцэх масло хаанаас ч эрээд олдохгүй юм” гэж ярих хүмүүс олон байдаг.
Масло, маргарины хувьд би химичдээс илүү үнээнд итгэж байна.
Маргарин гэж чухам юу юм бол?
Википедияд бичсэнээр маргарин бол захиалгаар бүтээгдсэн хүнс аж. 1860-аад оны үед Францын эзэн хаан III Наполеон армийн хэрэгцээг хангах төдийгүй ядуу ардуудад зориулан цөцгийн тосыг орлох зүйлийг бүтээсэн хүнд өндөр шан өгөхөө зарласан байна. Цэргүүдийн хоолонд цөцгийн тос хэрэглэх нь үнэтэй, тэгээд ч хүрэлцээ муутайгаас гадна амархан мууддаг (ялангуяа халуунд), амт нь гашуурдагтай холбоотойгоор эзэн хаан тийм санаа сэдсэн байжээ. Ийнхүү шингэн тосыг хатуу болгох аргыг боловсруулсан Ипполит Меже-Мурье гэгч франц химич Наполеон хааны шагналыг авчээ.
Цөцгийн тосыг орлогч энэхүү хямдхан холимог нь сувдтай төстэй гялтганасан өнгөтэй байсан учир шинэ бүтээгдэхүүнд грекээр “сувд” буюу “маргаритарион” гэдэг нэр өгсөн байна. Маргарины түүхий эдэд амт, үнэрийг нь арилгаж цэвэршүүлсэн ургамлын тос агуулагддаг хортой хүнс юм. Шингэн тосоо халааж, дундуур нь устөрөгч гүйлгэхэд устөрөгчийн атомууд ургамлын тосны молекуудтай нэгддэг. Ийнхүү устөрөгчийн нөлөөгөөр тосыг хатууруулахыг “гидрогенизаци” гэх бөгөөд энгийн үгээр хэлбэл тосны хүчлийн молекулуудыг устөрөгчийн атомуудаар чигжиж, шингэн тосыг хатуу болгон хувиргаж байгаа хэрэг. Үүний үр дүнд хатуу тостой төстэй, тосны хүчлийн трансизомер хэмээх зүйл үүсдэг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.