"Бид-4" хамтлаг Б.Замбалгарав: Юу ч тохиолдсон зорьсон зүйлээсээ хазайхгүй

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2015 11 сар 14 ・ 1

Монголын урлагийн ертөнцөд "Камертон-2" хэмээх тодотголтойгоор хүч төрөн гарч ирсэн хамтлаг бол "Бид-4" хамтлаг. Тус хамтлаг үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрсдийн авъяас билиг, хүч хөдөлмөрөө урлагийн төлөө зориулан яваа. Тэдний гаргасан уран бүтээл бүр нь сонсогчдоос өндөр үнэлгээг авдаг. Тэгвэл энэ удаагийн ярилцлагын буландаа тус хамтлагийн ахлагч Б.Замбалгаравтай ярилцлаа. 

-"Бид 4" хамтлагийг уншигчид маань "Камертон-2" шоунаас төрөн гарсан хамтлаг гэдгээр нь андахгүй мэднэ. Тэгвэл яриагаа анх энэ шоунд оролцож ялагч болж байсан тэр үеийн сэтгэгдлээс эхлүүлье гэж бодлоо ? 

-Бидний хувьд маш их зүйлийг хүсэж мөрөөдөж зорьж тэр бүгдийнхээ төлөө хийсэн чухал алхам байсан. Шилдэг дөрөвт үлдсэндээ одоо ч маш их баяртай байдаг даа. 

-Анх байгуулагдаж байсан "Бид4" хамтлаг, одоо байгаа "Бид4" хамтлагийн хооронд хэр ялгаа байна вэ? Мэдээж шинээр байгуулагдаж байсан хамтлагийн хувьд мэдэхүй, чадахгүй, туршлагагүй зүйлс зөндөө л байсан байх? 

-Мэдээж тэр үед бүх зүйл анхных байсан. Анхны дуу, анхны бичлэг, клип гээд бүх зүйл сайхан байсан. Энэ бүхэн маань саяхан л болохоор нэг их айхтар тууршлага суусан нь юу л бол. Ямартаа ч бид хамтлагаа сайхан авч явахын төлөө чадлынхаа хэрээр хичээж байна.

- Саяхан алдарт "Ромео Жульетта" жүжиг 19 жилийн дараа дахин тайзнаа амилж үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү гайхалтай бүтээлийн дууг "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнайтай хамтран дуулж амьдруулсан. Дуулах саналыг хэрхэн хүлээж авч байв ?

- Анх энэ тухай сонсоод маш их баярласан гэхдээ олон дуучид байгаа болохоор ирж хоолойгоо шалгуулах хэрэгтэй байна түүний дараагаар шийднэ гэж байсан болохоор эхэндээ их л хүлээлттэй байсан. Тухайн өдөр продюсер Чинбат ах дээр ирж шалгуулахад шууд л хоолой чинь таалагдлаа Сарнай эгчтэйгээ хамтраад дуулаарай гэхэд миний хувьд маш их баярласан. Тэр гайхалтай жүжгийн дууг ийм мундаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж дуулна гэдэг залуу дуучин миний хувьд маш том аз завшаан. Энэ дашрамд хэлэхэд намайг сонгож дуулуулсан Улсын драмын театрын жүжигчиддээ мөн Монгол улсын төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Хөгжмийн зохиолч, продюсер МУСТА Б.Чинбат ах, Сарнай эгчдээ, яруу найрагч Х.Соёмбо, найруулагч Ган-Очир ахдаа маш их баярласнаа хэлмээр байна. 

- Энэхүү гайхалтай бүтээлийн дууг амьдруулсан тэр сэтгэгдлээсээ манай уншигчдад хувалцаач? 

- Юуны өмнө дууг дуулахад маш сайхан байсан гэдгээ хэлэх нь зүйтэй. Чадахгүй мэдэхгүй зүйл ч их байлаа энэ бүгд дээр хамт байж бүгдийг зааж зөвлөж ойлгуулж өгч байсан Чинбаа ах Сарнай эгч Наранбаатар найруулагчдаа чин сэтгэлээсээ маш их баярласнаа хэлмээр байна. Драмын жүжгийн дуу гэдэг бол өөр юм байна лээ. /Инээв/ Цаанаа л нэг өөр уур амьсгалтай ая, хөгжим гээд бүх зүйл нь гайхалтай гоё байсан. Чинбат ахын сэтгэлээс гарсан энэ аялгуу сүүлийн үед ховордоод байсан хөг аялгуу хөгжим мэдрэмжийг сэргээсэн. Дууны шүлгийг яруу найрагч Эмүжин аяыг Хөгжмийн продюсер Чинбат ах, хийлч Хулан, дуу бичлэгийг “New star” студи дүрс бичлэгийг “UB фильм” Media group-ын хамт олон уран бүтээлчид бүтээсэн байгаа. Хамтарч ажилласан бүх хүмүүсдээ баярлалаа гэж хэлмээр байна. 

Хамтлагийн гишүүд өөрчлөгдөж шинэ бүрэлдхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байгаа гэж сонссон энэ талаар ? 

- Тийм ээ хоёр гишүүн маань хувийн уран бүтээлдээ түлхүү анхаарч ажиллахаар болсон байгаа. Тийм учраас бид хамтлагтаа хоёр шинэ гишүүн аваад одоогоор бэлтгэл сургуулилалтын ажилдаа эрчимтэй ороод ажиллаж байна. 

- Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Сонсогчдод хэзээ хүрэх вэ?

- Одоо хамтлагийнхаа шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Тун удахгүй гарах болноо 

Урлагийн хүн байхын сайхан нь юундаа байдаг юм болоо ? 

- Миний хувьд дөнгөж эхэлж байгаа залуу уран бүтээлч. Бүх зүйл сайхан байна. Мэдээж амархан юм гэж хаана байхав. Гэхдээ олон хэцүү хүнд зүйлсийг хөнгөлдөг ганц түлхүүр нь хичээл зүтгэл хөдөлмөр гэж боддог. Тиймээс юу ч тохиолдсон зорьсон зүйлээсээ хазайхгүй сайхан уран бүтээл сайн зүйл хийхийн төлөө тууштай зүтгэнэ гэж бодож байна. Миний энэ их хүсэл мөрөөдөл, зорилгыг минь үргэлж дэмжиж хамт байдаг хайрт ээж, аав, гэр бүлдээ хамгийн их баярлаж явдгаа энэ дашрамд мөн илэрхийлье. 

Таныг урлагаас гадна эрх зүйч мэргэжлийг сонгон суралцаж төгссөн гэдгийг мэднэ. Цаашид дуулахын хажуугаар мэргэжлээрээ ажиллана гэж боддог уу? 

- Энэ мэргэжлээрээ бол бараг ажиллахгүй байгаа. Одоо ажиллаж байгаа цаг маань их мөртлөө л илүү их ажиллаж сурч мэдэхийг шаардаад байна. Тиймээс урлаг бол миний хувьд номер нэг /Инээв/. Хууль эрх зүйн мэдлэг хүн бүрт хэрэгтэй бидний ажил амьдрал бүх зүйл хууль, эрх зүйтэй холбоотой шүү дээ. Тэр утгаараа энэ мэргэжлээрээ суралцаж төгссөн.

Ярилцлагын төгсгөлд "Бид-4" хамтлагийн цаашдын зорилт, зорилго, мөрөөдлийн талаар асуумаар байна ?

-Хамтлаг маань их зүйл хийхээр төлөвлөж байгаа. Хэдийгээр гишүүд маань солигдсон ч тэд их зүйлийг бүтээх чадварлаг залуус бий. Бидний гол зорилго бол чанартай уран бүтээл хийж эх орныхоо нэрийг ямагт өндөрт өргөж явах юм. Энэ зорилго мөрөөдөлд олон хүмүүс хамаатай. Урлаг гэдэг өөрөө хамтын бүтээл шүү дээ. Ая, хөгжим, дүрс, тайз, дэлгэц гээд бүх уран бүтээлчид маань амжилттай сайн сайхан яваасай л гэж залбирдаг тэгж байж тэд нийгэмд сайн сайхныг бэлэглэнэ. За тэгээд "Бид-4" хамтлагийг чин сэтгэлээсээ дэмжиж хамтарч ажилладаг бүх хүмүүсдээ маш ихээр баярлаж явдгаа илэрхийлье.

Ярилцсанд баярлалаа

 

 

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: