Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 17
・ 1

Гялалзсан хар өнгөтэй суудлын тэрэг адууны хашааны хажуугаар давхин дааганы хашаанд орж ирээд зогслоо. Машинаас 40 эргэм насны болов уу гэмээр өмнөд монгол эрэгтэй бууж ирээд дөрвөлжин цементэн хавтан дээр гарч зогсоод “Янхнууд аа” гэж чангаар хашгирав.
Тэгсэн өглөөний жаварт бээрсэн болжмор шиг хэд хэдээрээ бөөцийгөөд зогсож байсан монгол залуус юу болов гэмээр пирхийтэл гүйлдээд нөгөө эрийг хэдэн талаас нь бүчээд авлаа.
Тэгснээ “Хэдэн жолооч авах юм бэ. Та намайг авна гэсэн биз дээ. Хэдэн өдөр машин олдсонгүй. Би явмаар байна шүү дээ. Хөгжилт ах аа, намайг сонгоод авчих” гээд л шуугилдаж гарлаа. “Өнөөдөр ердөө 40 жолооч авна. Хойно уурхай дээр ачаалал ихтэй байгаа гэнэ. Надад 40 янхан л хэрэгтэй шүү. Бусад нь хэрэггүй” гэж дээрэнгүй дуугаар хэлээд, хүмүүсээ сонгож эхлэв. 30 гаруй насны Батсүх гэх залуу ажил олгогч өмнөд монгол нөхрийг царай алдаад л гуйгаад байх. Нөгөөх нь “Чи муу дараа нь цалингаа нэхээд үхчих гээд байдаг биз дээ. Эндээс зайл. Чамайг авахгүй. Дараа нь зодуулж, нүдүүлээд гай болно” гэж загнах. Батсүх тэрийг нь тоож байгаа шинж алга. Тасралтгүй гуйж байна. Бүр нөгөө машинд сууж байгаа хятад эрийн өмнө хүртэл очоод сөгдөх нь холгүй гуйж гарлаа. Гэвч түүнд ажил олдоогүй юм. Батсүхтэй адилхан 400 гаруй жолоочид мөн машин олдсонгүй. Хэн нэгэн ирж машинаа өгч магадгүй хэмээн горьдож, баргар царайлан үлдлээ.

Монгол залуус “Янхан жолооч” гэх нэртэй болсон түүх
Хятад, өмнөд монгол эздийн нүдэнд өртөж, машины түлхүүр гардан авсан залуус бөөн баяр хөөр болчихсон зогсож байлаа. Энд тэндгүй хүнд даацын машины асч байгаа дуу чимээ хадаж, тэр хавиар нэг хар утаа суунаглав. Ингээд эхнээсээ дааганы хашаанаас адууны хашаа руу хөдөллөө. Машины нүргэлсэн дуу хадаж, юу болов гэмээр хөл хөдөлгөөнд орох ажээ. Ганц модны боомт дээр нүүрс тээврийн хүнд даацын машины хоёр том зогсоол байна. Мянга орчим машин багтахаар хэмжээтэй, улаан шар өнгийн төмрөөр хашаалсан талбайг дааганы хашаа гэж нэрийджээ. Харин гурван мянга орчим машин эгнүүлээд зогсооход өлхөн багтдаг нүүрсний хөө тортог бужигнасан цэлийсэн том хашааг адууны хашаа гэнэ. Яагаад ингэж нэрлэх болсныг дорвитой тайлбарлаад өгөх хүн алга. Эрчүүд цуглардаг газар болохоор тэгж нэрийдсэн бололтой юм. Хятадууд адуу болон дааганы хашааг машин зогсоох талбай болгон засч тохижуулсан нь энэ аж.
Гурав, дөрвөн жилийн өмнө өдөрт гурван мянган машин нүүрс гардаг байсан хилийн боомтын хөл хөдөлгөөн өдгөө эрс татарчээ. Одоо өдөрт мянга орчим машин нүүрс Монгол Улсын хил даван БНХАУ-ын Ганц модны боомтоор нэвтэрч байна. Нүүрсний тээвэрлэлт багасаж байгаатай холбоотойгоор жолооч нарын тоо цөөрчээ. Гэхдээ Ганц модны боомт дээр огт гэрээ хэлэлцээр хийлгүйгээр хятадуудын нүүрсийг нь тээвэрлэдэг, хүнд даацын машиныг нь хөлсөөр барьж өгдөг 500 гаруй монгол залуу байна. Монгол жолооч нарыг хятадууд “янхан жолооч” гэж нэрлэх болжээ. Яагаад ингэж нэрлэх болсон шалтгаан нь дараахь учиртай юм байна. Манай улс анх байгалийн баялаг болох нүүрсээ олборлож хятадуудад зарж эхлэх үед нэг ч монгол жолооч нүүрс тээвэрлэлтэд явж байгаагүй гэнэ. Урд хөршийн улсын дугаартай хүнд даацын машин унасан хэдэн зуун хятад жолооч өмнийн говийг хөндлөн туулж уурхайгаас нүүрс ачдаг байж. Удалгүй Хятад руу нүүрс зөөх тээвэрлэлтийн ажилд монгол компаниуд орж иржээ. Монгол Улсын бүртгэл бүхий тээврийн хэрэгслийн дугаартай, төрийн далбаа бүхий наалтыг салхины шилэн дээрээ наасан арав гаруй машин нүүрс тээвэрлэж эхэлсэн гэнэ. Хил гаалийн байцаагч нар Монголын төрийн далбаатай машин хараад уйлж байсан тухай жолооч нар ярьж байв. Удалгүй салбарын сайд нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлээд явж байгаа тээврийн хэрэгсэл Монголд бүртгэлтэй байх ёстой. БНХАУ-ын дугаартай машинаар нүүрс тээвэрлэж болохгүй” гэсэн тушаал гаргажээ. Дээрх тушаал ч амжилттай хэрэгжсэн байна. Хятадын нүүрс тээврийн компаниуд шахагдаж эхэлсэн байна.Тэгэхээр нь хятадууд нүүрсний машинаа бүгдийг нь манай улсын компанийн нэр дээр шилжүүлчихжээ. Монголын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр хятадууд очиж уулзаад “Бид танай компанийн нэр дээр 300-500 машин шилжүүлнэ. Та бүхэнд нэрийг чинь ашиглаж байгаа хөлсөнд монгол мөнгөөр 50-80 орчим сая төгрөгийн үнэтэй арван машин өгнө. Тэр машинаар нүүрс зөөгөөд та бүхэн ашгаа хүртэж болно. Бид танай компанийн нэр дээр байгаа машинаа яаж ашиглах вэ гэдгээ өөрсдөө мэднэ. Нүүрсээ тээвэрлэх зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр хахуульдаад ч хамаагүй авчихаж болно. Нүүрсээ зарж байгаа уурхай, худалдаж авч байгаа хятад компани хоёрыг зөвшөөрүүлж чадна” гэж тохироо хийжээ. Монголын тээвэрлэлтийн компаниуд ч зөвшөөрчээ. Ингээд хятадууд нүүрс тээвэрлэх гарцаа дахиад олжээ. Гэхдээ энэ удаад аваар осол болоод бусад хууль зөрчсөн асуудал гарлаа гэхэд өөрсдөө хариуцлагаас мултарсан аргыг олсон нь энэ аж. Монголд үйл ажиллагаа явуулдаг компанийн нэр дээр бүртгэлтэй хятадуудын машин нүүрс тээвэрлэлтэд явж эхэлсэн байна. Ингэхдээ дандаа хятад жолооч нар машиныг нь унадаг байжээ. Тэгтэл хууль бусаар барилга дээр ажиллаж байсан хятадуудаас болж хөдөлмөрийн виз манай улсаас цөөн тоогоор олгох болжээ. Үүнээс үүдэн хятад жолооч нар шахагдаж, монгол жолооч нарт ажлын байрны сул орон зай гараад ирсэн аж. Нүүрс тээвэрлэдэг хятадууд монгол жолооч нараар машинаа унуулж эхэлсэн байна. Ингэхдээ жолооч нартай цаасан дээр огт гэрээ хэлэлцээр хийхгүй. Зөвхөн аман гэрээ хийж, “Уурхайгаас нүүрс ачаад хил давуулаад ирэх юм бол 800 юань буюу монгол төгрөгөөр 230 мянган төгрөг өгье. Эхлээд 80 мянган төгрөгийг бэлнээр ав. Нүүрсээ буулгасны дараа үлдсэн мөнгийг нь өгнө” гээд машинаа унуулаад явуулчихдаг байна. Нэг өдөр машинаа унуулсан бол маргааш нь өөр хүнд өгдөг байна. Ингэж л хятад хүмүүсийн мэдлийн машиныг ээлж ээлжээр унаж, нүүрс тээвэрлэлтэд явсаар байгаад монгол эрчүүд янхан жолооч гэсэн нэртэй болсон аж. Жолооч нар ч энэ нэрэндээ ижил дасал болжээ. Бараг л аав, ээжийнхээ өгсөн нэрийг мартсан гэлтэй. Хэн нэгэн “Хөөе янхан жолооч оо” гэж дуудахад эргэж хараад “яасан бэ хө” гэж хариулах юм.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.