Торгуулиа төлөөгүй жолооч төрийн байгууллагаар үйлчлүүлэх эрхгүй болно

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 24

Автобусанд суугаад явж байтал хоёр залуу “Манай хаяг дээр торгуулийн долоон хуудас ирсэн байна лээ. Торгуулийнхаа төлбөрийг төлөхгүй бол төрийн байгууллага болон банкаар үйлчлүүлэх боломжгүй болно гэж цагдаагийн газарт ажилладаг ах хэлсэн” гэх яриа чих дэлсэв.

Жолооч нарыг замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцуулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь Автозамын хөдөлгөөний журам юм. Энэхүү журам нь өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв нийслэл хотын бүхий л замыг хяналтын камераар хянаж эхэлсэн юм. Ингэснээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдэд гэрийн хаягаар нь торгуулийн буюу нэхэмжлэх хуудсыг өгдөг болсон. Гэтэл торгуулийн хуудас хүргэж өгөхөөр очсон шуудан зөөгчийг хэл амаар доромжлох, зодох, хүүхдээрээ хүн байхгүй гэж хэлүүлэх, нохой тавих зэрэг аргыг хэрэглэж нэхэмжлэх хуудсыг авдаггүй тохиолдол ихсэх болжээ. Түүнчлэн зарим иргэд “Надад торгуулийн хуудас арав гаруй байгаа. Замын хөдөлгөөнд төлөхгүй оролцоод болж л байна гэдэг. Үүнээс харахад иргэд торгуулийн хуудас болон гарах үр дагаврын талаар ойлголтгүй байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс бид замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийг хяналтын камераар хэрхэн хянадаг болоод торгуулийнхаа мөнгийг иргэд цаг тухайд төлж байгаа эсэхийг сурвалжлахаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийг зорьсон юм. Биднийг очиход хяналтын хэд хэдэн том дэлгэц байрлуулчихсан, нийслэлийн бүхий л замыг ажилтнууд хянаад сууж байлаа. Жолооч хурд хэтрүүлсэн болон гэрлэн дохио зөрчсөн тохиолдлыг замын цагдаа анзаарахгүй өнгөрөөсөн бол автозам дээр суурилуулсан камер тухайн автомашиныг улсын номер дугаар, цаг хугацаатай нь илрүүлж байв. Нэг үгээр хэлэхэд жолооч дүрэм зөрчөөд зугтах ямар ч боломжгүй гэсэн үг. Хэрэв дүрэм зөрчсөн бол тун удалгүй таны гэрийн хаягаар дүрэм зөрчсний нотлох баримтыг зурагжуулсан торгуулийн хуудасны хамт шууданч хүргэж өгнө. Ш.Ганхөлөг: Журам хэрэгжиж эхэлснээс хойш 76 удаа торгуулийн хуудас авсан жолооч байгаа Энэ журам хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн жолооч торгуулиа төлсөн, төрийн санд хэдэн тэрбум төгрөг төлөвлөрүүлсэн болон холбогдох асуудлаар Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ахлах мэргэжилтэн Ш.Ганхөлөгтэй ярилцлаа.

 

-Энэхүү журам хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Одоогоор хэчнээн хүн торгуулиа төлсөн бэ?

 

-Давтагдсан тоогоор 350 мянган торгуулийн хуудас явуулсан байгаа. 240 мянга буюу 65 хувь нь төлбөрөө төлсөн. Арван хувь нь буюу нэлээд торгуулийн хуудас эзэддээ хүрээгүй. Буцаад ирсэн байгаа. Бусад жолооч нар төлбөр төлөх шатандаа явж байна. Тухайн жолооч торгуулийн хуудсыг гар дээрээ авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төлөх үүрэгтэй. Хэрэв торгуулийн хуудсыг зөвшөөрөхгүй байвал 14 хоногийн дотор“Би энэ биш” гээд гомдол гаргаж шалгуулах эрхтэй.

 

-Олон удаагийн давтамжтай торгууль авч хохирлоо цаг тухайд нь барагдуулсан жолооч бий юү?

 

-2013 оноос журам хэрэгжиж эхэлсэн. Манай төвөөс 53, Замын цагдаагаас 23 удаа нийт 76 торгуулийн хуудас авч торгуулсан жолооч байгаа. Торгуулиа төлсөн. -Нийт хэчнээн тэрбум төгрөгийг төрийн санд байршуулсан бэ?

 

-Журам хэрэгжиж эхэлснээс хойш 1.8 тэрбум төгрөгийг нийслэлийн төрийн сан болон улсын төсөвт төвлөрүүлсэн.

 

-Иргэд торгуулийн хуудас ирж л байгаа. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа гэж ярих юм. Тэгэхээр иргэд торгуулийн хуудасны талаар огт мэдээлэлгүй байгаа юм биш үү?

 

-Иргэд торгуулиа төлөхгүй замын хөдөлгөөнд оролцоод болоод байна гэсэн бодолтой байгаа. Энэ бол буруу ойлголт. Таныг хөдөлгөөнд оролцоод явж байхад замын цагдаагийн байцаагч, хөдөлгөөн зохицуулагч саатуулаад машиныг чинь журмын хашаа руу ачаад тань дээр үүссэн бүхий л төлбөрийг төлүүлнэ. Зөрчил гаргасан л бол та заавал торгуулиа төлөх хэрэгтэй.

 

-Торгуулиа төлөөгүй тохиолдолд төрийн байгууллагуудаар болон банкнаас үйлчилгээ авах боломжгүй болно гэсэн. Энэ үнэн юм уу?

 

-Торгуулиа төлөхгүй явснаар олон асуудал үүсч байгаа. Нэгдүгээрт, төрийн байгууллагуудаар үйлчлүүлэх ямар ч эрхгүй болно. Яагаад гэвэл төрийн байгууллагууд дундаа мэдээлэл ашигладаг баазтай. Тэгэхээр баазаар дамжуулаад “Тийм дугаартай автомашины жолооч та Замын хөдөлгөөний удирдлагын төв, замын цагдаагийн байцаагчдад торгуулиа төлөөгүй байна. Энэ төлбөрүүдээ төлсөн тохиолдолд манай байгууллагаас үйлчилгээ авна уу” гэх шаардлагыг тавина. Хэтийн зорилтод “Торгуулиа төлөөгүй иргэдийн мэдээллийг банкинд өгч, тухайн жолоочид шаардлага тавиад татвар, нийгмийн даатгал төлөхөд болон автомашины үзлэгт оруулахад хүндрэл үүснэ. Машинаа өөр хэн нэгэнд зарахад хүртэл асуудал үүсч байна. Тиймд л замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол заавал торгуулиа төлөх хэрэгтэй. Торгуулийн хуудсыг зарим иргэд ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байна гэдэг. Энэ бол тийм биш. Өнөөдөр дүрэм зөрчиж торгуулсан жолооч маргааш нь зөрчихгүй замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Заасан хугацаанд үзлэгт хамрагдаж, татвараа төлдөг болно шүү дээ.

 

-2014 онд хэчнээн жолоочид торгуулийн хуудсыг хүлээлгэж өгсөн бэ. Торгуулиа төлөөгүй хэдэн жолооч байна вэ?

 

-Он гарснаас хойш 280 мянган тээврийн хэрэгсэлд торгуулийн хуудас явуулсан. Үүнээс 78 хувь нь төлбөрөө төлөөд явж байна. Үлдсэн 20 хувь буюу 56 мянган тээврийн хэрэгслийн жолооч торгуулиа төлөөгүй. Манай төв нийслэлийн Замын цагдаагийн удирдлагуудтай хамтарч төлбөрөө төлөөгүй, удаа дараа зөрчил гаргасан жолоочийг эрэн сурвалжлах бааз руу хийгээд 707 тээврийн хэрэгслийг илрүүлж, төлбөрийг төлүүлсэн. Мөн сануулах болон захиргааны арга хэмжээ буюу 25.5 зүйлд зааснаар жолоодох эрхийг нь түдгэлзүүлэх гэх асуудлыг шийдвэрлэх гэж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх