Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 24
・ 3
Монголын хамгийн анхны underground hip hop хамтлаг “Татар”. Заяа, Мөөгий, Жагаа нар 10 жилийн хугацаанд “Татар”, “Second album”, “Ганцаараа”, “Freedom”, “Нөлөөллөөс дээгүүрт” зэрэг цомгоороо өөрсдийн хүрээлэл, сонсогчийг бий болгож чадсан залуус. Үе, үеийн сонсогчдын анхаарлыг татдаг “Татар” хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуунтай цөөн хором ярилцлаа.
- “Татар” хамтлагаар сонин сайхан юу байна?
-Өнгөрсөн зун хэд хэдэн дуу гаргасан. Шинэ оноос өмнө “Аав, ээж, би” нэртэй дуу гаргана. Хамтлагийн ерөнхий продюссер Заяа маань АНУ руу хоёр сарын хугацаатай явсан болохоор хүлээгдэж байна. Ер нь бол энэ “Аав, ээж, би” дуу “Татар” хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээл байх болов уу. Миний хувьд бол “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцоод тун ч завгүй байна даа.
-Яагаад сүүлчийн уран бүтээл гэж?
-Энэ талаар одоохондоо тодорхой юм яримааргүй байна. Цаг нь болохоор бид сонсогчиддоо тодорхой мэдээлэл өгөх болно.
-Таны хувьд улс төрд манлайлагч тодруулах ТВ шоунд амжилттай оролцож яваа. Яагаад ийм сонголт хийх болов?
- Энэ шоунд оролцох болсноо энгийн жишээгээр тайлбарлая. Монгол улсыг нэгэн компани гэж төсөөлбөл амжилттай сайн явах эсэх нь шинэ санаа шийдлүүд, үүнийг хэрхэн хэрэгжүүлснээс хамаарна. Миний хувьд улс эх орноо цааш өөдрөг, хөгжингүй орон болгон авч явахад хувь нэмэр болох юмсан гэж бодсон учраас ийм сонголт хийсэн. Хамгийн сүүлд философийн утга агуулгатай нэгэн ном уншлаа. Энэ номонд “Хүрэх газар чухал биш, заримдаа яаж хүрэх зам нь зорилго мэт санагддаг тохиолдлууд байдаг” гэж. Үүнтэй адил нэвтрүүлгийн үр дүн сонин биш, харин очихоор тэмүүлж бүй зам нь өгөөжтэй чухал байна гэж би хувьдаа дүгнэсэн. Яагаад гэхээр маш олон зүйл сонсож, сурч мэдлээ. Удирдлагын Академи, “Лектор” төвийн маш гоё үнэхээр хэрэгцээтэй хичээлүүдэд сууж номын дуу сонсож байна. Мөн улс төр, нийгмийн зүтгэлтнүүдтэй уулзаж үнэ цэнэтэй зөвлөгөө, амжилтад хүрсэн түүхийг нь сонсож байна. Хэрвээ шилдэг 30 оролцогчийн нэг болбол АНУ-д манлайллын сургалтад хамрагдана. Энэ бол зөвхөн 30 оролцогчийн чадвар манлайлалд нөлөөлөх бус эх орны маань хөгжилд хэрэг болох чухал үйл явдал юм.
- “Татар” хамтлагийн хувьд нэг зорилготой нэгдмэл байж чадсан учраас өнөөдрийг хүртэл оршин тогтносон. Тиймээс та зорилготой, хүсэл мөрөөдөлтэй байхын чухлыг хамгийн их мэдэрсэн хүний нэг болов уу?
- Хүсэл хүнд жигүүр ургуулдаг. Би үүнийг хамтлагийнхантайгаа байх он жилүүдэд хамгийн ихээр мэдэрсэн. Хүслээ биелүүлэх бидний сэтгэл хамтлагийн 10 жилийн дараах амжилтын үндэс байсан юм. Энэ тэмцээн ч мөн миний хүсэл, миний шинэ санаа, зорилго. Зарим хүмүүс “би улс төрийн амбицтай, карьер хөөнө” гэсэн. Харин миний хувьд энэ бүхнийг өөрөөр харсан. Яагаад гэвэл би суралцаж байна. Оюунлаг, чадварлаг, өөрийгөө илэрхийлэх чадвартай, логик сэтгэлгээ сайтай үнэхээр мундаг залуус энд шалгарч үлдсэн. Тэгэхээр би өөрийгөө том талбар дээр шинээр нээж байна.
- Нийгмийн том зорилтот ТВ шоунд өөрийгөө сорьж байна. Ер нь залуусын нийгэм, улс төрийн оролцооны тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Өнгөрсөн 10 жил би урлагийн салбарт ажиллахын зэрэгцээ таван жил бизнесийн байгууллагад ажилласан. Бидний уран бүтээл ч гэсэн олон нийтэд хандсан нийгмийн ажил байсан. “Айргаа тааваараа ууя” дуу л гэхэд хүмүүст нэгийг бодогдуулсан, нэг төрлийн уриалга, нийгмийн ажил юм. За тэгээд “Бусдын хайрыг хүндэл”, “Чи том толгой байж болохгүй”, “Энэ хүү” зэрэг олон дуу бий, тодорхой илэрхийлэлтэй. Бид энэ хугацаанд мөн л нийгмийн ажил хийж байж. Манай хамтлагийн бас нэг онцлог юу вэ гэхээр бид өөрсдийн санаагаа дуугаараа дамжуулж хэлдэг. Хип хоп урлагийн онцлог нь нийгмийн сэтгэлгээг шууд хөрвүүлэн дамжуулж, тухайн мэдрэмжийг олон талаас нь хүргэхийн хажуугаар соён гэгээрүүлэх урлагийн гол үүргийг биелүүлж байдаг. Манай хамтлагийг сонсдог 50 насны хүмүүс ч бий.
-Танай хамтлаг 10 жилийнхээ ойд зориулж кино хийсэн. Ер нь бол ингээд тарах төлөвлөгөөтэй байсан юмуу?
-Тэгж ойлгож болохгүй л дээ. Бид хамтлагийнхаа ойд зориулж хийсэн хамтлагийн маань уран бүтээл, нийгмийн том аян байсан. Бид залуучууддаа зориулан энэ бүхнийг хийсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.