Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 20

>>Түрүүч нь "Өдрийн сонин"-ы №276 (5228), №278 (5230) дугаарт>>
Ганц модны боомтоор нэвтэрч, Гашуунсухайтын хилийн боомт руу өглөө эрт орж ирэв. 300 гаруй нүүрс тээврийн хүнд даацын шалаанз хилээр орох гээд дараалал үүсгэн зогсож байлаа. Харин Монголын талаас Ганц модны боомт руу нүүрс оруулахаар 600 гаруй хүнд даацын машин дугаарлан зогсжээ. 20 гаруй километр үргэлжилсэн цуваа үүсгэн зогсож байв. Хоёр улсын хил ням гаригт амардаг юм байна. Цувааны эхэнд зогсож байгаа машинууд баасан гаригийн өглөө уурхайгаас нүүрсээ ачуулаад гарсан гэнэ. Уурхайгаас нүүрсээ ачиж дуусаад арав гаруй цаг давхисаар Гашуун сухайтын хилийн боомтын наахна ирээд ийн дугаарладаг аж. Цувааны хамгийн сүүл хэсэгт зогсож байх үед хил хаачихдаг байна. Ингээд ням гаригт амардаг болохоор бүтэн хоёр өдөр гурван шөнө зогсоод даваа гаригийн өглөө эртлэн хил нэвтэрдэг гэнэ. Урд хөршийнхөн нүүрс худалдаж авахгүй байгаагаас ихэнх уурхай хаалгаа бариад байгаа. Эрдэнэс Тавантолгой, Тавантолгойн уурхайгаас л нүүрс урд хөрш рүү гаргаж байна. Гашуунсухайтын хилийн боомтоор гараад машиныхаа хажууд зогсож байгаа жолооч нартай уулзлаа. Тэд Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас нүүрсээ ачуулах гэж хоёр өдөр дугаарлан зогссоноо ярьж байв. Тус уурхайд ачигчаар хоёр хүн шинээр ажилд орсон гэнэ. Тэд ажилдаа гаршаагүйгээс цагийн дотор ачиж дүүргэдэг тэвшийг гурван цаг гаруй хугацаанд арай гэж дүүргэдэг. Үүнээс болоод уурхай дээр хэдэн зуун машин хонон өнжин дугаарлаж, хоол ундгүй зогсох болжээ. Уурхайн орчимд хоол, цай идэж уухаар цайны газар байхгүй болохоор жолооч нар хэдэн өдөр нойр, хоолгүй зогсож байгаагаа хэлж байв. Энэ талаар компанийн удирдлагуудад гомдол гаргахаар “Бидэнд та нарын асуудал хамаагүй. Өөр уурхайгаас нүүрсээ ачихгүй юу” гээд тоохгүй өнгөрөөдөг гэнэ.
Гашуунсухайтын хилийн боомтоос Эрдэнэс Тавантолгойн уурхай руу Б.Гансүх гэх жолоочийн машинд суугаад хөдөллөө. Тэрбээр “Шадар сайд асан У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрээр бүх машин засмал замаар явдаг болсон. “Энержи Ресурс” компани барьсан замаа улсын мэдэлд өгсөн. “Гашуунсухайт” компанийнхан нүүрс ачсан машинаас зам ашигласны төлбөр авч байгаа” хэмээн ярив. Уурхай руу явж байгаа том оврын машин бүрээс зам ашигласны төлбөр гээд 60 мянган төгрөг авдаг байна. Мөн уурхайгаас нүүрс ачаад Гашуунсухайтын боомт дээр ирэх бүрт тонн тутмаас нэг ам.долларын татвар авч байгаа гэнэ. 60 тонн нүүрс ачсан машин зам ашигласны татварт 60 ам.долларын татвар өгч байгаа аж.
Хүнд даацын машин хоорондоо тохой хүрэхгүй зайтай зөрөх юм. Жолооч Б.Гансүх “Энд зам тээврийн осол өдөр болгон гардаг. Олон хоног нойргүй явж, уурхай дээр дугаарлаад зогсчихсон машины жолооч нүүрсээ ачаад эргээд хил рүү гардаг. Толь шиг засмал замаар арав гаруй цаг давхина. Машиныхаа паарыг тавьчихаар ядарч яваа жолоочийн нойр хүрнэ. Ингээд үүрэглээд машины араас орно. Эсвэл үүрэглэж яваад эсрэг урсгалын машинтай халз мөргөлдөнө. Хэдэн зуун жолооч энэ замаар явж байна. Согтуу жолооч ч таарна. Эсрэг урсгалын замаар явж байгаа машинтай мөргөлдөх магадлал өндөр байдаг болохоор суудлын ар руугаа үсрээд ороход бэлэн явдаг. Машинтай мөргөлдөх болоод ирэхээр суудлын ар тал руу үсрээд л орчихно. Ингэж л амьд гарна шүү дээ” хэмээн ярив.
Нүүрсний замд замынхөдөлгөөний шинэ хууль үйлчилдэггүй
Ханбогд, Цогтцэций суманд Замын цагдаагийн тасаг үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хоёр сумын замын цагдаа нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх гэж үйлээ үзэж байгаа юм байна. Хамгийн наад зах нь шинээр батлагдсан хуульд заасан жолооч зургаан цагаас дээш хугацаагаар замын хөдөлгөөнд оролцож болохгүй. Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол торгоно гээд заачихсан байдаг. Энэ хуулиар бол мянга гаруй машины жолоочийг торгох болж байгаа юм. Хамгийн багадаа 12, бүр 100 гаруй цаг нойргүй явчихсан, нүд нь хэт их ядарснаас болоод улайчихсан байдаг. Сумын цагдаа нар мянга орчим машиныг нэг бүрчлэн зогсоогоод жолооч нь ядарсан байна уу, үгүй юу гэдгийг шалгаад байх боломжгүй. Хууль хэрэгжүүлэх гэж байгаа бол хилийн наана гурван өдөр дугаарлан зогсож байгаа 600 гаруй жолоочийг бүгдийг торгох болж байгаа юм. Мөн бүх тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдсан байх ёстой байдаг. Монголын компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл байдаг боловч хятадууд даатгалд хамрагдах дургүй байдаг гэнэ. Хуулиараа даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг журамлах ёстой. Гэвч зуу гаруй тонн нүүрс ачсан машиныг суманд журамлах газар байхгүй. Бүр жолооч нар нь хүртэл Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй байдаг аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаа нарт баригддаг гэнэ. Хуульдаа согтуу жолоочийг 384 мянган төгрөгөөр торгоод эрүүлжүүлэх ёстой. Жолоочийг нь эрүүлжүүлэх гэхээр нүүрс ачсан машиныг нь авч явах болдог. Машиныг нь замын хажуу руу гаргаж орхиод явах гэхээр хулгайч нар хамаг эд зүйлсийг нь тоночихдог. Монгол компанийн эздэд “Танай компанийн машин энд байна. Жолооч нь согтуу байгаа болохоор ирээд ав” гэж мэдэгдэхээр “Бид мэдэхгүй. Хятад эзэд нь мэднэ” гэж хариулдаг байна. Хятад эздэд нь мэдэгдэх боломж байдаггүй аж. Ингээд бичиг баримтыг нь хурааж авдаг гэсэн. Эргээд жолооч нар бичиг баримтаа авдаггүй байна. Учир нь хятад эзэд нь машиныхаа жинхэнэ бичиг баримтыг жолооч нарт хэзээ ч өгч явуулдаггүй байна. Ганц модонд Монгол Улсын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдвэрлэдэг газраар хийлгэсэн хуурамч бичиг баримтаа цагдаад өгөөд явуулчихдаг байна. Мөн тэнд Монгол Улсын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гээд бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийдэг олон газар байдаг юм билээ. Жолооч нар 120 юаниар хуурамч бичиг баримт хэвлүүлээд авчихдаг. Үүнийгээ цагдаа нарт хураалгачихдаг. Гаднаас нь харахад хуурамч эсэхийг мэдэх ямар ч боломж байхгүй. Өмнөговь аймагт замын цагдаа нарт торгуулийн машин өгсөн гэнэ. Гэвч сүлжээ нэвтрээгүй болохоор торгуулийн машин хэрэглэх боломж байхгүй. Бэлэн мөнгөөр торгох гэхээр хууль зөрчсөн болдог. Торголоо гэж бодоход жолооч нарт мөнгө байхгүй. Ингээд хуурамч бичиг баримтыг нь хурааж аваад үлддэг байна.
Хятадуудаас цалингаа авч чадахгүй байгаа жолооч нар гэмт хэрэгтэн болж байна
“Янхан” хочтой, хятадуудын хүнд даацын машиныг барьдаг жолооч нар сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтэн болж, их хэмжээний мөнгөний өрөнд орох болжээ. Хятадууд нүүрс тээвэрлүүлчихээд ажлын хөлсийг нь өгдөггүй гэнэ. “Чи машины тэр эд ангийг эвдсэн байна лээ. Дугуй буудуулсан байна” гэх мэтээр шалтаг хэлж ажлын хөлсийг нь өгдөггүй гэнэ. Хятадын цагдаад хэлж өргөдөл гомдол өгөхөөр тоохгүй өнгөрөөдөг гэнэ. Өдөр болгон цалингаа нэхэж очихоор хятадууд нийлж байгаад хэвтэрт ортол зодчихдог. Ингээд аргаа барсан жолооч нар цалингаа өгөхгүй байгаа хятадуудын машиныг аргалж, “Нүүрс зөөж өгье” гэж худлаа хэлээд хил давуулчихдаг байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.