Уламжлалаа уландаа гишгэхийн учир...

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 11 сар 21 ・ 1

Монгол ухаан, монгол бэлгэдэл зүй өнөөгийн цөвүүн цагт утга учраа алдаж дууслаа. Бид бэлэгдэл ярьсан нэгнээ тэнэг маанагаар нь дуудаж, элэглэн шоглодог болж. Монгол ухаан бэлэгдэл зүй бөөгийн шашин бизнес болтлоо цэцэглэсэн үед утга учраа алдсан нь харамсалтай. Өглөө бүр цайны дээжээ мөнх тэнгэртээ өргөдөг нүүдэлчин монгол ухаан цагийн уртад алсарч, өглөөн нарнаас хараал урсган замын түгжрэлд бухимдаж, орой үдэш мөн л хараал тавьсаар гэртээ ирдэг болов. Үйлс нь харин улам хазайх аж. Суурин иргэншлийн нөлөө ийнхүү биднийг монгол ахуйгаас маань салгаж, бэлэгтэй үгсийг бие биедээ хэлэлцдэг өвгөдийн ухааныг залуус маань үлгэр домог юм шиг л номноос уншдаг болсон. Тэр байтугай жилдээ ганцхан тохиох уламжлалт сар шинийн баяр, монгол наадмынхаа утга учрыг алдагдуулж хэдэн сард хэзээ хийхээ хүртэл булаацалдан маргаж суудаг боллоо.

Бэлэгтэй сайхан үгсийг бие биедээ хэлдэг ухаанаа хүртэл гээж, мал мэнд үү, өнтэй сайхан хаваржиж байна уу гэсэн цөөхөн хэдэн үгээр сар шинийн мэндийн үг хумигджээ. Даахь үргээх ёсны дэг журам алдагдаж, монгол ахуйгаар хурим хийхээсээ хүртэл залуус маань ичдэг болсон цөвүүн цаг ирчихээд байна. Хөх толбот, тэнгэр заяат хэмээн өөрсдийгөө дөвийлгөх атлаа хөх тэнгэр, тэнгэр заяаны талаар ярьсан нэгнээ бид элэглэн шоглож байгаа. Үүнийгээ соёлжсон нийгэм хэмээн тайлбарлах. Магад бэлэгдлийг хэтрүүлчихдэг тэнгэртэй харьдцаг хэмээн “дөвчигнөх” хүмүүс тэдэн дунд олон байгаа ч даяарчлагдсан энэ нийгэмд монгол ахуй, монгол ёс заншил бэлэгдлээ авч үлдэх нь юу юунаас чухал билээ. Ганц монголчууд ч бэлэгдлийн тухай ярьдаг юм биш. 

Тооны мөн чанар, он сар өдрийн тухайд ач холбогдол өгдөг хүмүүс ганц бид биш. Ичих ч шаардлага энд байхгүй. Тэр байтугай дэлхийн удирдагч нар ч өдөр гараг, ахуйн хийгээд зан заншлын бэлэгдэлд ач холбогдол өгдөг талаар олон сонирхолтой зүйлс байдаг аж. Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Төрийн тэргүүний айлчлалын үеэрх нэгэн сонирхолтой жишээг саяхан танилаасаа олж сонсов. Учир юу гэвээс, БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпин өнгөрөгч оны наймдугаар сард Монгол Улсад ирэх үеэр манайхан гэргийтэй нь хамт түүнийг торгон дээгүүр алхуулжээ. Нисэх буудлаас буусан даруйд улаан хивсэн дээгүүр алхуулж, улмаар хэсэгхэн газар ногоон торгоор чимсэн байсныг Хятадын тэргүүн хатагтай ажиглачихаж. 

Тиймдээ ч монгол ухааныг тэрбээр шагшиж буйгаа сэтгэгдлээ хуваалцах үедээ ярьж байсан гэнэ лээ. Хятад төрийн тэргүүний айлчлалын нэг гол зорилго нь БНХАУ-ын дэвшүүлж буй Шинэ торгоны зам төсөл байсан. Тиймдээ ч Хятадуудын энэ том зорилгыг хүндэтгэж буйгаа илэрхийлж торгон замаар алхуулсан монгол ухаан өмнөд хөршийн төрийн тэргүүний зүрхэнд хүрч чадсан нь дамжиггүй. Эрт цагаас л монголчуудын ухаан цаг ямагт таван алхмын цаадахыг харж чаддаг байсан. Ирсэн гийчин, урьсан зочныхоо нутгийн ёсыг хүндэтгэж, очсон газрынхаа ёс жаягийг бид ягштал дагаж сурсан ард түмэн. “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэсэн үг зүгээр нэг үг биш гэдгийг энэ мэт үйлдэл харуулж буй юм. Урьсан зочныхоо тархинд биш зүрхэнд нь хүрэхийн тулд бид тухайн улсын бэлэгдэл, ёс заншлын талаар бага боловч судалж, бэлэгдлийг бодож харьцах нь юу юунаас чухал гэдгийг энэ үйл явдал харуулсан гэхэд болно. Хойд хөршийн маань төрийн тэргүүнд ч бэлэгдэл гэдэг үнэ цэнэтэй зүйл болохыг бид түүний үг үйлдэл бүрээс ажигладаг. 

Есдүгээр сарын 3-нд Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн баярт оролцохоор очсон, есдүгээр сарын 3-нд БНХАУ-д болсон БНХАУ-ын ялалтын парадад мөн л очсон талаар судлаачид тун сонин юм ярьдаг юм билээ. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, дан ганц бид л бэлэгдэл ярьж, шашин шүтэж явдаг юм биш гэдгийг хэлэх гээд байна. Ахуйн хийгээд уламжлалт ёс заншлаа бага боловч дээдэлж, түүнээсээ дэлхий дахин сэтгэлийн таашаал эдэлж чаддаг юм байна. Харин бид уламжлалаа уландаа гишгэлж, уламжлал бэлгэдэл ярьсан нэгнээ шоолон хөхөрч, улмаар барууны соёлын урсгалд хэт автаж байгааг энэхүү бичил нийтлэлээр хөндөхийг хүссэн хэрэг. Бэлэгдэл, уламжлалаасаа бид яагаад ичих болов. Төр засгийн төвшинд ч гэсэн ёс заншлаа хадгалж үлдэх гэхээс илүү харь соёлыг шүтэх үзэл газар авсаар буй юм. Олны дунд осолгүй тэнэг байгаа нь үнэн. Гэвч тэд бидний улам бүр алсарсаар байгаа тэр ахуй соёл, бэлэгдэл, монгол ухааныг хадгалж үлдэх гэж чармайж байгаа гэдэг талаас нь бодоод үзэхэд гэмгүй юм.

www.mminfo.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: