Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 23
・ 7
Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаатай ярилцлаа.

-“Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 20 гаруй тэрбум төгрөгийг ирэх оны улсын төсөвт суулгалаа. Үүнийг бүтээн байгуулалтын ажилд цэрэг эрсийг татан оролцуулах хөтөлбөр хэрэгжих үндсэн хөшүүрэг боллоо гэж эрх баригчид үзэж байна. Гэхдээ цэрэг гэдэг статус өөрөө Монгол Улсын Батлан хамгаалах салбарын салшгүй нэг хэсэг. Тиймээс цэргүүдээр зам тавиулж, шуудуу ухуулж, төмөр зам бариулж бүтээн байгуулалтын ажилд ямар нэг хэлбэрээр оролцуулж болохгүй гэх хэсэг ч байна. Та энэ зөрчилдөөнийг ямар байдлаар харж байна?
-Манай улсын батлан хамгаалах салбарын нэг тулгуур нь маргаангүй цэргийн анги, бүрэлдэхүүн мөн. Гэхдээ цэрэг гэж юу вэ, тэднийг хаана, хэзээ хэрхэн ашиглах вэ, гэдгийг олон хуулиар зохицуулдаг. Тухайлбал, энхийн цагт цэргүүд зэвсэгт хүчний бүтцийн нэг төрлийн чиг үүргийн дагуу дайчлагдахаас гадна, барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож болдог. Харин дайн байлдааны үед цэргийн хууль дүрмийн дагуу даалгавар гүйцэтгээд явдаг.
Тиймээс бид залуус цэрэгт татагдсан цагаасаа эхлээд дайн тулаанд бэлтгэж, буу шийдэм барьж, дасгал сургуулилт хийдэг гэж хэт нэг талаас нь харж болохгүй. Өмнө нь ч гэсэн Монгол Улсад цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан түүх байдаг. Жишээ нь, 1936 онд Барилгын цэрэг үүссэн гэж үздэг. Оргил үедээ буюу 1960-1980 оны үед барилгын цэргийнхэн ид бүтээн байгуулалтын ажилд оролцож, өнөөгийн Дархан, Эрдэнэт хотыг барьж байгуулсан түүх бий. Улаанбаатар хотод ч гэсэн Улаанхуран, Цагаанхуаран гэж одоог хүртэл байгаа цэргийн хотхонуудыг цэргүүд өөрсдөө барьж байсан юм билээ. Тиймээс “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” төсөл нь албадлагын шинжтэй биш цэргийн албанд татагдан очсон залууст өөр чиг үүрэг өгч, хийх ёсгүй зүйлийг нь хийлгээд байгаа зүйл биш гэж үзэж байгаа.
-Манай улсын нэгдэн орсон хууль, дүрэмд харшилж байгаа гэж УИХ-ын чуулганы үеэр МАН-ын гишүүн хэлж байгаа харагдсан. Хэрвээ олон улсын конвенцыг соёрхон баталсан бол дотоодын хууль, дүрмийн нэгэн ижил дагаж мөрдөх үүрэг хүлээдэг?
-Тэгдэг. Яг энэ дагуу манай улс ямар конвенцид нэгдэн орсон, ямар үүрэг байгааг нь судалж үзсэн. Албадан хөдөлмөрийн тухай хоёр ч конвенцид нэгдэн орсон байна. Харин Албадан буюу заавал хийлгэх хөдөлмөр гэж юу хэлэх вэ, гэдгийг Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцид “Ямар нэг шийтгэл хүлээлгэхээр айлган сүрдүүлж аливаа этгээдээр гүйцэтгүүлэх, ингэхдээ уг этгээд нь өөрөө сайн дураар гүйцэтгэхийг санал болгоогүй бүх төрлийн ажил буюу үйлчилгээг хэлнэ” гэж заасан байгаа юм. Тэгвэл одоо хэрэгжих гэж буй хөтөлбөрөөр залуус цэргийн албанд явснаараа нэгдүгээрт, цэргийн албаа хаана. Хоёрт, тусгайлсан мэргэжил эзэмшинэ. Гуравт, цалинтай, түүнээсээ татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Ингээд бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох юм. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн бүтээн байгуулалтад оролцож эхэлснээр түүний нэр дээр цэргийн нэрийн данс үүсээд хуримтлал бий болно. Үүнийгээ цэргийн алба хааж дууссаныхаа дараа авчихна. Эсвэл нэрийн дансанд хадгалахгүйгээр банктай гэрээ хийж, байрны урьдчилгаа эсвэл байрны төлбөрт оруулж байхаар зохицуулж болно. Энэ нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа. Тэгэхээр ямар нэг хэлбэрээр албадан гэж хэлэх үндэслэл байхгүй.
-Энэ конвенцид “Цэргийн алба заавал хаахыг заасан хуулийн дагуу цэвэр цэргийн шинжтэй ажил гүйцэтгэхтэй холбогдсон ажил буюу үйлчилгээ” гэж бас бичсэн байсан гэсэн. Жишээ нь, цэргийн зориулалттай зам, гүүрийн ажилд тэднийг дайчилж болохоос зүгээр нэг нийтийн зориулалттай автозам, төмөр зам зэрэгт ажиллуулж болохгүй гэх утгатай юм уу даа. Сөрөг хүчин ч гэсэн яг энэ талаас нь тайлбарласан байх гэж бодож байна.
-Албадан хөдөлмөр гэдгийн ард ямар ч цалин хөлс гэх ойлголт байдаггүй. Тэгвэл энэ хэрэгжих гээд байгаа хөтөлбөр сарын сая төгрөгийн цалинтай, хийсэн хөдөлмөрийг үнэлж байгаа учраас албадан хөдөлмөр гэхгүй. Нөгөөтэйгүүр, “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр нь Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн алба хаагчдыг шинэ бүтээн байгуулалтад оролцуулах арга хэмжээг хэлж байгаа. Зогсонги байдалд л орчихсон зүйлийг сэргээж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 1974 оноос төмөр бетоны завод, модны үйлдвэр, төмрийн үйлдвэр зэргийг байгуулж бүтээн байгуулалтын ажил өрнөж байсан. Гэтэл 1990 оноос барилга угсралтын ажил эрс багасангуут барилгын цэргийн анги, нэгтгэлүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд л орчихсон хэрэг. Тиймээс хийгдэж байсан, мэддэг зүйлийнхээ үүрэг, хууль дүрмийг л сэргээж байгаа юм.
-10 мянган залууг энэ бүтээн байгуулалтад татан оролцуулна гэж байгаа нь их тоо. Олон жилийн хугацаанд хийгдэх бүтээн байгуулалтын ажил учир нэг дор 10 мянган цэрэг татахгүй нь мэдээж байх. Гэхдээ тэднийг тусгайлсан цэргийн ангид татна биз дээ. Жишээ нь, “төмөр замын цэргийн анги” гэж нэрлээд ч юм уу. Тэгэхгүй бол хилийн цэргээс эсвэл дотоодын цэргийн ангис татагдсан залуусыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахаар ёстой нөгөө батлан хамгаалахын салбар чинь хэцүүднэ байх?
-Өвөрхангайд Барилгын цэрэг, Сонсголонд холбооны цэргийн анги гээд дотроо төрөлжсөн байдаг шиг бүтээн байгуулалтын ажилд оролцох цэргүүдийг ч гэсэн шинэ анги, нэгтгэл бий болгож, татна. 2013 онд баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрт ч гэсэн “Бүтээн байгуулалтад оролцох мэргэшсэн анги, салбаруудыг бүсчлэн байгуулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд сургалт, үйлдвэрлэлийн төв, барилга, инженерийн тусгай батальонууд, зам, гүүрийн батальон, дэмжлэгийн ротыг бүсийн тулгуур төвүүдийг түшиглэн байгуулна” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, одоо алба хааж байгаа цэргүүд дээр нэмж, бүтээн байгуулалтад оролцох 10 мянган цэрэг татна гэж байгаа юм. Одоогийн нийгмийн судалгаанаас харвал, ажилгүй хүн олон мянгаараа байна. Тэд юу хийхээ мэдэхгүй, эсвэл мэргэжил боловсролгүй, мэргэжилтэй гэхэд түүгээрээ ажиллах боломж хомс байна. Тиймээс тэднийг “Бүтээлч цэрэг” гэдэг юм уу, “Бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцох цэргүүд” гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар ажилтай болгох гэж байгаа нь зөв. Үүнийг дагаад олон эерэг үр дагавар бий болно.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.