Шинэ халаадаа өмсөөрэй, шинэхэн бүтээлгээ бүтээгээрэй… хэмээн сандран гүйлдэх дүр зураг “Ховор хүмүүс” уран сайхны кинонд гардаг. Хот, суурин газраас ирж буй дарга нарын тоос татуулан давхих машиныг алсаас хараад сандрахдаа ийн хэлж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нийгмийн соёлын довтолгоонд малчдаас авахуулаад мал нь хүртэл хамрагдаж байгаа дүр зураглал энэхүү киноны хальсанд мөнхрөн үлджээ.
Олон арван жил ноёрхсон социалист нийгмийн хана ардчилалын салхинд нуран унах тэр үеэс гадаадын гэх тодотгол манайд хүчээ авч, “Моод”-нд орох болсон. Гэнэт нээгдсэн нүд харсан, үзсэн болгоноо шохоорхох нь зүйн хэрэг ч авах, гээхийн ухаанд суралцалгүй явсаар өдийг хүрсэн гэлтэй. Хэдийгээр шинэ мянган гарч, шинэ бүхэн сонин санагдахаа больсон ч харь орны соёлын довтолгоо өнөөг хэр нь бидний тархийг угаасан хэвээр байгаа нь харамсалтай.
Хамгийн энгийн жишээ л гэхэд, монголчууд хөгшин, залуу гэж ялгалгүй өдөр бүр Солонгосын савангийн дуурь үзэж, түүгээрээ амьсгалж бүр амьдарч эхэллээ, цаана чинь. Өнөөдөр манайд Солонгосгүй юм гэж үнэндээ л алга. Өдөр шөнө, өглөө оройгүй телевизийн бүх сувгаар учир утгагүй Солонгосын олон ангит кино хөвөрч байна. Харамсалтай нь, тэр олон киноноос амьдралд ойрхон, яг энэ гээд авчихмаар зүйл нэгээхэн ширхэг ч алга. Яасан ч дуусдаггүй хорсол юм. Ямар ч их атаа жөтөө, үзэл ядалт, өшөө авалт вэ бурхан минь. Өдөр болгон хэрүүл, зодоон, өвчин, зовлонтой кино үзсээр залхаж байна. Ийм элийрсэн үйл явдал, өрнөлтэй кинонуудаас өнөөгийн залуус, ирээдүй хойч маань юу сурч, юу мэдэж авч байгаа нь ойлгомжтой. Үгүй гэвэл, та зүгээр л гудамжинд гараад хар, сайтар ажигла. Орчин уеийн хүүхэд, залуусын хувцаслалт хийгээд үсний засалт бүгд Солонгос маягийн хэв загвар. Тэр ч битгий хэл, гудамжаар дүүрэн янз бүрийн нэртэй Солонгос хоолны газар, хувцасны дэлгүүр үргэлжилж байна. Энэ бүгдээс болж тэдний сэтгэлгээнд хүртэл өөрчлөлт орж байна.
Наад зах нь, тэд үзсэн кино шигээ амьдрахыг мөрөөдөж суудаг болж. Тэд үзсэн кино шигээ бусдаас өшөө авахыг хүсдэг болжээ. Үнэндээ Солонгос соёл монголчуудыг арай л нялцгай, дэндүү сул дорой болгож байх шиг. Үнэндээ Солонгосын кино,
савангийн дуурь, хөгжим нь маш хямд учраас санхүүгийн чадвар муутай Монголын телевизүүдэд их жийрэг болдог байна. Харамсалтай нь манай телевизүүд дээрх асуудалтай зэрэгцэн “соёлын колоничлол” гэх зүйл хөндөгддөгийг мартчихсан аж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.