Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 11 сар 25
・ 5

Хорин долоохон настай эмэгтэй тээж байсан үрийнхээ хамт амиа алдахад Нэгдүгээр эмнэлгийнхэн тоосон ч үгүй. Толруулбал, Нийслэлийн нэгдүгээр "Өргөө" амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эхийн эндэгдэл гарсан бөгөөд 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгч эмэгтэй ус нь гарчихаад нэгдүгээр төрөхөд ирэхэд эмч нар тоохгүй, хайхрамжгүй хандсанаар бүсгүй тээж байсан үрийнхээ хамт төрөхийн хүндрэлээр амиа алдсан гэв.
Харин энэ талаар 1 дүгээр төрөхийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан Б.Мөнхтунгалагаас тодруулахад "Тийм зүйл өнгөрсөн хагас сайн өдөр болсон. Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Эмчийн буруутай үйлдлээс болж амиа алдсан гэх асуудлыг хуулийн байгууллага нь шалгаж тогтооно биз" хэмээн хайхрамжгүй хариуллаа.
Ингэж хариулах нь ч аргагүй биз. Учир нь сар гаруйхны өмнө мөн л цэл залуухан бүсгүй эмч нарын хайхрамжгүй байдлаас болж амиа алдахад ердөө 8 сая төгрөгөөр торгож, сануулах арга хэмжээ авсан төдийхнөөр хэрэг хаагдсан юм.
Мэдээж тэдний хувьд 8 сая төгрөг гэдэг хүүхдийн зугаа. Учир нь энэ төрлийн бизнесээр амташсан эх баригчид төрөх гэж ядаж яваа эхчүүдийг төрөхийн орон дээр гаргахын тулд заавал мөнгө авдаг бичигдээгүй хуультай болсон. Өгөхгүй бол савны чинь амсар нээгдэх болоогүй хэмээн ор өөд дөхүүлэх ч үгүй. Үүнийг Улсын эмнэлэгт төрсөн бүх эхчүүд гэрчилнэ.
Тэгвэл тэдний энэ булай үйлдлийг хэн таслан зогсоох вэ. Хэдэн хүүхдийн амьсгал, хэчнээн эхийн амиар гараа угааж байж эмч нар ажилдаа мөнгөөр бус хариуцлагаар ханддаг болох вэ. Төр засаг, Эрүүл мэндийн яамнаас үүнд анхаарлаа хандуулж, мөнгөөр амь сольдог эх баригч нэртэй эрлэгүүдийн үйлдлийг нэг мөр таслан зогсоож, эхчүүдийг айдсаас салгах цаг хэдийнэ болсон гэдгийг эрх мэдэлтнүүдэд дахин сануулъя.
Х.Маргад
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.